Нийт хоёр ёая нэг зуун гучин мянга найман зуун кв.км талбайтай дэлхийн хамгийн том арал Гринландын 84 хувь нь цасанд хучигдсан.Зөвхөн 5-9 дүгээр сарын хооронд цас ордоггүй. Цаг агаарын ийм нөхцөлд оршин суугч инуит буюу эскимосчууд хэрхэн хөлбөмбөг тоглодог вэ?
ХИЙМЭЛ ЗҮЛЭГТЭЙ ТАЛБАЙ
Гринландад 17 жилийн хугацаанд (1957-1971) зохион байгуулалт тааруу боловч нийт найман удаагийн аварга шалгаруулах тэмцээн болжээ. 1950-аад оноос арал дээр хөлбөмбөгийн агууд байгуулагдан, орон нутгийн хэмжээнд тэмцээн зохиож, 1971 онд Гринландын хөлбөмбөгийн холбоо байгуулагдав.
Тэд Дани улсын бүрэлдэхүүнд багтдаг өөр нэг арал улс болох Фарерын арлын жишгээр хөлбөмбөгийн спорт хөгжүүлэхийг эрмэлзсэн ч байнга тоглох наад захын нөхцөл боломж, материаллаг баазгүй учир мөрөөдөл нь хад мөргөн бут үсэрч байв. Ингээд 2010 онд тухайн үеийн Олон улсын хөлбөмбөгийн холбооны (FIFA) ерөнхийлөгч Й.Блаттер тус аралд очиж, хиймэл зүлэгтай анхны талбайнх нь нээлтэд оролцжээ.
Эндхийн хөлбөмбөгчдийн хувьд энэ нь сансарт нисэхтэй дүйцэх явдал болсон аж. Эдүгээ Гринландад зургаан талбай бий бөгөөд цаашид жилийн турш тоглох боломжтой битүү дээвэртэй спортын ордон барихыг тэд мөрөөдөж байна.
ГРИНЛАНДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН
Хэдийгээр FIFA хүлээн зөвшөөрөөгүй боловч Гринландын хөлбөмбөгийн холбоо 20 орчим багаас бүрддэг бөгөөд жил бүр үндэсний лигийн тэмцээн зохиодог. Уг тэмцээн нийт гурван шатлалтай нь тодорхой шалтгаантай. Арал дээр автобусанд суугаад аялан тоглолтоор явах боломжгүй, хотуудын хооронд машин зам байхгүй учир нохой чарга, цаснаа явагч нь тээврийн хэрэгсэл болдог. Мэдээж нисэх онгоц бий ч зардал их.
Тиймээс аварга шалгаруулах тэмцээний эхний шатанд газар зүйн хувьд ойр багууд буюу хөрш хотынхон хоорондоо тоглодог. Хоёрдугаар шатанд нь бүс бүрийн эхний шатаас шалгарсан багууд өрсөлдөнө. Эцэст нь гурав дахь буюу жинхэнэ аварга шалгаруулах тэмцээн эхэлж, шилдэг 10 баг хоёр хэсэгт хуваагдан ялагчаа тодруулдаг. Тэмцээн нийслэл Нуук хотод ихэнхдээ наймдугаар сарын сүүлчээр болдог.
ЙЕСПЕР ГРОНКЬЯЕР
Тус улсын лигт Нуук хотыг нийт таван баг төлөөлөн оролцдог. Энэ бол 18 мянган оршин суугчтай Гринландын хамгийн том хот. Чухам энд 1977 онд, арлын аварга шалгаруулах тэмцээн тогтмол зохиох болсноос зургаан жилийн дараа Данийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг, Гринландын оглогч Йеспер Гронкьяер мэндэлжээ.
Хожим “Аякс”, “Челси”, “Атлетико” багуудад тоглосон Й.Гронкьяер багадаа гэр бүлийн хамт Данийн баруун хойд хэсгийн Тистед хот руу нүүгээд ахиж эх орондоо очоогүй юм. Тиймээс тэрбээр түүхэнд дани хөлбөмбөгч, Скандинавын тус улсын шигшээ багийн хамт ДАШТ-д хоёр удаа оролцогч гэж бичигддэг.
ГРИНЛАНДЫН ШИГШЭЭ БАГ
Хэдий тэд FIFA-гийн албан ёсны гишүүн 211 орны тоонд багтдаггүй ч эл холбооны гишүүн бус бусад багийн дунд зохиогддог тэмцээнд улам далайцтай оролцож байна. Бага нутаг дэвсгэртэй улсууд тухайлбал Готланд (Швед), Мэн арал, Родос (Грек), Менорка (Испани), Фолклэндийн арал (Их Британи) оролцдог Арлын наадам хэмээх спортын том арга хэмжээнд Гринландын шигшээ баг тогтмол оролцдог.
Хоёр жилд нэг удаа болдог уг наадмын хөлбөмбөгийн тэмцээнээс Гринландын хөлбөмбөгчид хоёр мөнгөн медаль хүртжээ. 2011 оны тэмцээн Бермудад болж, ердөө дөрвөн баг оролцсон учир өрсөлдөөн маш сул байсан бол 2017 онд харин финалд хүрэхдээ олон сайн өрсөлдөгчтэй тулжээ.
Гринландын шигшээ Фрейе (Норвег), Готланд (зохион байгуулагч), Өрнөдийн арлын (Шотланд) багуудтай нэг хэсэгт багтаж, хагас шигшээд торгуулийн цохилтоор хүчтэй Меноркаг хожоод аваргын төлөө тоглолтод Мэн арлынханд 6:0-ийн харьцаатай дийлджээ.
ТЕКЛЕ ГЕБРЕЛУЛ
Гринландын хөлбөмбөгийн амжилт бүр Текле Гебрелул хэмээх эрхэмтэй салшгүй холбоотой. Тэрбээр иргэний дайнд сүйдэж, Этиоптой дайтаж байсан Эритрее улсад төржээ. Түүнийг төрсний дараахан ээж нь нас барж, эцэг нь алуулсан бөгөөд өөрөө 10 настайдаа автомат буу барьсан цэрэг болов. Т.Гебрелул Судан улс руу зугтаж, тэнд түүнийг НҮБ-ын энхийг сахиулагчид олж, хэсэг дүрвэгчийн хамт Дани руу явуулжээ.
12 настай хүү өөр улсад, тэс өөр хэл, орчинд бүхнийг шинээр эхэлж, спортоор хичээллэн улмаар хагас мэргэжлийн хөлбөмбөгч болжээ. Зодог тайлаад дасгалжуулагч боллоо. Тэрбээр нэг удаа зурагтаар Гринландад аж төрдөг инуит хүмүүсийн тухай нэвтрүүлэг үзэж байгаад дэргэдээ сууж байсан эхнэртээ “Явахад бэлтгэ” гэж хэлсэн гэдэг.
2003 онд Текле Нуук хотод газардаж, сургуульд багшлах болов. Хөлбөмбөгт угаас хорхойтой Текле нийслэлийн “Б-67” багтай хувь заяагаар холбогдлоо. Тэр цагаас хойш арав гаруй жил тэрбээр Гринландаас яваагүй юм. Энэ хугацаанд Т.Гебрелул шигшээ багийн дасгалжуулагч болж, цоо шинэ түвшинд гарган тоглогчдоо дүрэм журам, сахилга батад сургав. Хойд бүслүүрт аж төрдөг олонх ард түмний нэгэн адил инуитчууд согтууруулах ундаа зооглох дуртайг энд дурдсу.
Өнгөрсөн зун нэгэн таагүй явдал тохиогоогүй бол тэрбээр Гринландын хөлбөмбөгийн төлөө бүр ч ихийг хийх байсан биз. Нэгэн тоглолтын үеэр эсрэг багийн тоглогч түүнийг арьс өнгөөр доромжилж, үзэгчид сармагчин шиг дуугарч эхэлжээ. Т.Гебрелул үүнд маш их эгдүүцэхэд Гринландын хөлбөмбөгийн холбоо үүнийх нь хариуд түүнийг албан тушаалаас нь халав. Холбооны удирдлага түүнийг халахыг эртнээс төлөвлөж байсан агаад энэ явдал тэдэнд сайхан шалтаг болсон аж. Гэвч түүнийг арлын хөлбөмбөг сонирхогчид хайрласан хэвээр гэнэ.
ЕСӨН УДААГИЙН АВАРГА, ҮНЭГҮЙ ТАСАЛБАР
Т.Гебрелулийн удирдлагад нийслэлийн “Б-67” баг сүүлийн 13 жилд есөн удаа арлын аваргаар тодорчээ. Тэд сар гаруйн өмнө ес дэхээ аваргалсан агаад “Н-48” багийн эсрэг шийдвэрлэх тоглолтыг Нуукийн хөлбөмбөгийн талбайг хүрээлсэн толгойд цугласан хэдэн мянган үзэгч үзэж сонирхжээ. Хөлбөмбөгийн талбайг хүрээлэх цэнхэр далай, цагаан мөсөн уулаас гадна Гринландын хөлбөмбөгийн хамгийн сайхан нь үнэгүй тасалбар юм.
Бүсийн лигийн нэгэн зохион байгуулагч саяхан ВВС-д “Манай хөлбөмбөгийн хөгжил харьцангуй удаан байна, учир нь бид аялан тоглолтоос орлого олж чаддаггүй. Бид хүмүүст “Та энэ чулуун дээр суувал 50 доллар, харин тэр хадан дээр тухтай суувал хоёр дахин үнэтэй” гэж хэлэх боломжгүй” гэж гомдолложээ.
Хэдий энэ мэт саад бэрхшээл бий ч Гринландын хөлбөмбөг хөгжиж байна. Гринландын намхан, бор царайтай иргэд шигшээ багаа хэзээ нэгэн цагт FIFA-гийн гишүүн болно гэдэгт итгэсээр халимаа агнаж, хөлбөмбөгөө тоглосоор.
Н.Энхбаяр