Хятадаас АНУ-д гаргадаг, 200 тэрбум долларын бараанаас гаалийн 10 хувийн татвар авч эхэллээ. Хэрэв Бээжин хариу арга хэмжээ авбал 267 тэрбум долларын татвар нэмж аваад, хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэх гуравдугаар шатанд шилжинэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Даваа гаргаас авч эхэлсэн татварыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 25 хувь болгож өсгөнө хэмээн Цагаан ордон тайлбарлав.
“Худалдааны шударга бус арга барилаа өөрчлөхийг Хятадаас АНУ олон сар шаардсан. Хятад улс ямар өөрчлөлт хийвэл зохих тодорхой ойлголтыг бид өгсөн. Гаалийн татвар БНХАУ-д асар их нөлөө үзүүлнэ.
Тус улс АНУ-ыг удаан хугацааны турш ашиглалаа. Ингэхийг цаашид тэвчихгүй. Татваргүй чөлөөт худалдаа хийдэг болохын тулд ийм бодлого хэрэгжүүлж буйгаа удаа дараа тайлбарласан” гэж Д.Трамп мэдэгджээ.
АНУ, Хятадын төлөөлөгчид хооронд хийхээр төлөвлөсөн хэлэлцээний талаар тэрбээр дурдахдаа “Аль нэг үед хэлэлцээр байгуулж болох юм” гэв. Америкийн худалдааны сайд Уилбур Росс урьд нь тайлбарласнаас үзвэл “Хоёр тал татвар тогтоохоор хэмжээний импорт хийдэггүй учраас Хятад улс хариу арга хэмжээ авах учиргүй. Бид тэдэнд жилд 150 тэрбум доллароос багагүй хэмжээний бараа худалддаг” гэнэ.
Хятадтай хийж буй худалдааны дайнд АНУ ялах шийдвэр төгс байгаа бөгөөд гаалийн татвар тогтоох бодлогоосоо ухрах бодолгүй байна гэж Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео өнгөрсөн ням гарагт мэдэгджээ.
ҮР ДАГАВАР
“Татвар нэмсний нөлөөг АНУ-д хэн ч амсах ёсгүй. Учир нь барааны нэмүү өртгийг олон мянган нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнд хуваана” гэж тус улсын Худалдааны сайд хэлсэн.
Гэвч “New York times” сонинд тайлбарласнаар татвар нэмсэн нь Умард болон Өмнөд Каролина, Виржини муж улс өртсөн “Флоренс” хар салхинаас үүдэлтэй байгалийн гамшгийн уршгийг арилгах зардлыг мэдэгдэхүйц өсгөх аж. Ийм ажлын зардал гаалийн татвар нэмсний дараа 20-30 хувиар нэмэгдэнэ гэж барилгын компаниуд үзэж байна.
CNN телевизийн тэмдэглэснээр Америкийн олон мянган компани Засгийн газраасаа тодорхой нэр, төрлийн барааг гаалийн татварын жагсаалтаасаа хасаж өгөхийг хүсчээ. Учир нь тэд Хятадаас өөр нийлүүлэгч олох боломжгүй байгаа аж. Гэвч өнөө болтол тэдний нэг ч хүсэлтийг хүлээж аваагүй байна.
Томоохон корпорацууд хохирол учрахыг хэдийн анхааруулаад эхэлжээ. Бичил схем үйлдвэрлэдэг “Micron technology” корпорац ирэх жилээс ашиг нь буурахыг зарласан байна. Байгалийн хий экспортлохоор төлөвлөж байсан, Америкийн эрчим хүчний компаниуд ч хохирол амсана гэж шинжээчид үзжээ.
Харин “Bloomberg” агентлаг Вашингтоны засаг захиргааны шийдвэр юуны түрүүнд Америкийн хэрэглэгчдэд тусна гэв. Тус агентлагийн тооцоолсноор энэ намраас үсний шингэн саван, нохойн хоолноос эхлээд ахуйн техник хүртэл өргөн хэрэглээний янз бүрийн барааны үнэ өсөхөөр байна. АНУ-ын бөөний болон жижиглэнгийн барааны томоохон сүлжээнүүд татварын улмаас тухайлбал дэвтэр, тооны машин, хавтас зэрэг хичээлийн хэрэглэлийн үнийг өсгөхийг анхааруулжээ.
ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ
Хятадын эрх баригчид мөн даваа гаргаас АНУ-ын 60 тэрбум долларын бараанаас тав болон 10 хувийн гаалийн татвар авч буй.
Америкийн Засгийн газраас авсан шийдвэртэй холбогдуулан Бээжин татвар тогтоосон нь Дэлхийн худалдааны байгууллага дахь маргаантай холбоотой гэж БНХАУ-ын Худалдааны яам мэдэгджээ. Худалдааны дайн хурцадвал тус хоёр улсын эдийн засагт ихээхэн хохирол учирна гэж Олон улсын валютын сан үзэж байна.
ХЭЛЭЛЦЭЭ ҮРГЭЛЖЛЭХ ҮҮ
Америкийн эрх баригчид Хятадтай хийж буй худалдааны маргаанаа арилгах талаар эрх тэгш бөгөөд ул суурьтай яриа хэлэлцээ хийхийг үнэхээр хүсэж буйгаа илэрхийлэхгүй байна гэж БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан мэдэгджээ.
Харилцан хүндэтгэх үндсэн дээр эрх тэгш яриа хэлэлцээ хийвэл гадаад худалдааны салбарын асуудлаа шийдэх цорын ганц боломж юм гэж тэрбээр хэлсэн байна.
Гэхдээ “Wall street journal” сонинд урьд нь мэдээлснээр Вашингтон Хятадын бараанаас нэмж татвар авахаа мэдэгдсэний дараа Бээжин худалдааны салбарын маргаантай асуудлаар АНУ-тай зөвлөлдөхөөс татгалзсан билээ.
Уг нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Лю Хэ ирэх долоо хоногт Вашингтонд айлчлахаар төлөвлөж байсан юм. Гэхдээ Вашингтон Бээжинтэй хэлэлцээгээ үргэлжлүүлнэ хэмээн Д.Трамп өнгөрсөн өдрүүдэд удаа дараа мэдэгдсэн билээ.