Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Ч.Ганзоригийг АТГ-ынхан уржигдар 20.00 цаг өнгөрч байхад баривчилжээ. Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог “Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас “Жаст групп” их хэмжээний зээл авч ашигласан хэрэгт тухайн үеийн “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагыг шалгаж байгаа. Яллагдагчаар татсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзоригийг цагдан хорих саналаа прокуророос шүүхэд хүргүүлээд байна” гэсэн юм.
Харин түүний өмгөөлөгч Э.Ганхөлөг “Миний үйлчлүүлэгч Ч.Ганзориг мөрдөн байцаалтын явцад дуудсан хугацаанд очиж, хилээр гарахгүй, мөрдөн байцаалттай холбоотой хэргийн мэдээлэл задруулахгүй байх зэрэг үүрэг хүлээж, шалгалтын ажиллагаанд ямар нэг саад учруулаагүй. Гэтэл ямар шалтгаанаар, яагаад баривчилсан тухай надад ямар нэг мэдээлэл алга” хэмээн мэдэгдсэн юм.
Уг хэргийг нэлээд хугацаанд шалгаж буй бөгөөд АТГ-ынхан “Жаст групп”-ийнхэн “Стандарт” банкнаас авсан мөнгөө хэрхэн зарцуулсныг тогтоосон гэнэ. Тухайлбал, хамаарал бүхий компаниудынхаа үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалан авсан 109 сая ам.доллароо зарцуулсан нь тодорхой болсон байна. Тиймээс тус компанитай хамааралтай аж ахуйн нэгжүүдийн бүх хөрөнгийг нэг бүрчлэн шалгаж, Монгол Улсын хэмжээнд байгаа хөрөнгийг нь бүртгэн, битүүмжилж, мэргэжлийн үнэлгээчдээр үнэлүүлэх ажиллагаа хийж буй ч хараахан дуусаагүй гэнэ. Цөөн хэдэн аймагт явуулж буй хөрөнгө үнэлэх ажил нэг тийш болбол мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлэх юм байна.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганзориг, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга асан Т.Очирхүү, ТӨХ-ны дарга асан Д.Сугар зэрэг хүнийг уг хэрэгт холбогдуулан 2015 онд шалгаж байсан ч тэд “Миний гарын үсэг биш. Хуурамчаар зурсан” хэмээж байсан юм.
Харин өдгөө Ч.Ганзоригийг “Стандарт” банктай байгуулсан гэрээнүүдэд гарын үсэг зурах эрх мэдэлтэй байсан хэмээн буруутгаж, түүний өгсөн үүргийн дагуу Г.Амарбат, Б.Мөнхжаргал, Г.Галбадрах нар гэрээнд оролцсон нь тогтоогдсон гэж үзэн өнгөрсөн зургадугаар сараас уг таван хүнийг яллагдагчаар татаад байна.
Бэлтгэсэн: Г.Равжаа