Ираны өмнөд нутгийн Ахваз хотод болсон цэргийн ёслолын жагсаалын үеэр террорист халдлага үйлдсэний улмаас 29 хүн амь эрсдэж, 57 хүн шархадсан тухай “Mehr” агентлаг мэдээллээ. Шархдагсдын дунд хүүхэд, эмэгтэйчүүд байна. Хүнд шархадсан хүн цөөнгүй байгаа тул амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж болзошгүй байна.
Индэрт байсан зэвсэглэсэн хүмүүс 10 минут гал нээсэн гэнэ. Цэргийн дүрэмт хувцас өмссөн дөрвөн хүний хоёрыг нь устгаж, үлдсэнийг нь баривчилжээ. ISNA агентлагийн мэдээлснээр, уг халдлагыг Саудын Арабтай холбоотой Ахваз дахь Арабын ардчилсан эх оронч хөдөлгөөн бүлэглэл үйлдсэнээ мэдэгджээ. Мөн “Исламын улс” бүлэглэлийн босогчид уг халдлагыг үйлдсэнээ хүлээсэн болохыг “Reuters” мэдээлсэн байна.
Цэргийн ёслолын жагсаалын үеэр халдлага үйлдсэнтэй холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш эмгэнэл илэрхийлснийг түүний албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик уламжилжээ.