ОХУ-тай хамтран ажилласан хэмээн Вашингтон хориг арга хэмжээ авсантай холбогдуулан АНУ-тай хамтарсан хэд хэдэн арга хэмжээнд оролцохоос Хятад улс татгалзлаа. Үүний өмнө Хятадын ГХЯ Америкийн Элчин сайд Гэри Локкаг дуудан уулзаж, Оросоос зэвсэг худалдан авсны төлөө хязгаарлах арга хэмжээ авсныг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Мөн Хятадын Цэргийн төв зөвлөлд АНУ-ын ЭСЯ-ны дэргэдэх цэргийн атташег дуудан, эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Хятадын БХЯ-ны мэдээлснээр, АНУ-д Хятадын Тэнгисийн цэргийн хүчний тэргүүн Шэнь Зиньлуны хийх айлчлалыг Бээжин цуцалжээ. Уг айлчлалын үеэр тэрбээр тэнгисийн олон улсын аюулгүй байдлыг дэмжих симпозиумд оролцох байв.
Үүний сацуу Хятадын эрх баригчид Бээжинд есдүгээр сарын 25-27-нд хийхээр товлосон Хятад, Америкийн Зэвсэгт хүчний нэгдсэн штабууд хоорондын яриа хэлэлцээний хүрээнд болох хоёр дахь уулзалтаас татгалзахаар шийджээ. Тэгэхдээ Хятадын тал хязгаарлах арга хэмжээгээ нэн даруй цуцлахыг Вашингтоноос дахин шаардсан байна. Эс бөгөөс хариу арга хэмжээ авах эрхээ эдлэхээ Бээжин анхааруулжээ.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Вашингтон Хятадын Цэргийн төв зөвлөлийн цэргийн бэлтгэл, хангамж хариуцсан газар болон тус байгууллагын тэргүүн Ли Шанфуд хориг арга хэмжээ авсан юм. Хятадын Зэвсэгт хүчнийг командалдаг уг зөвлөлийг тус улсын дарга Си Зиньпин тэргүүлдэг.
ОХУ-ын “Рособоронэкспорт” компанитай хамтран ажилласны учир хязгаарлах арга хэмжээ авснаа Цагаан ордон тайлбарлажээ. Тухайлбал, “Су-35” нисэх онгоц болон зенитийн пуужингийн “С-400” систем авсан аж.
Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан мэдэгдэл хийхдээ “Хязгаарлах арга хэмжээг цуцлахыг АНУ-д уриалаад, эс бөгөөс хариу арга хэмжээ авна. Оростой цэрэг, техникийн салбарт хамтран ажиллах нь Бээжингийн эрх” гэв.