Мария Фернанда Эспиноса Гарсес
Мария Фернанда Эспиноса Гарсес бол Эквадорын улстөрч, төрийн болон дипломат зүтгэлтэн, гүн ухааны доктор. Тус улсын эрх баригч социалист ПАИС эвсэл намын гишүүн. Дэлхийн ирээдүйн зөвлөлийн гишүүн аж. Тэрбээр эцэг, эх нь Испанид байх үеэр буюу 1964 оны есдүгээр сарын 7-нд мэндэлжээ. 1980-аад оны эхээр Эквадорын нийслэл Кито хот дахь франц хэлний олон улсын дунд сургууль төгссөн.
Дараа нь тус хот дахь Өмнөд Америкийн нийгмийн ухааны дээд сургуулийн хүн болон улс төр судлал, тэрчлэн Ромын папын католик шашны их сургуульд хэл судлалаар дагнан, нийгмийн ухаан болон Амазон судлалын магистрын зэрэгтэй болжээ. 1996-1997 онд АНУ-ын Ратгерийн их сургуульд сурч, байгаль орчны газар зүйн салбарт докторын зэрэг хамгаалсан байна. Өдгөө 53 настай Мария Фернанда Эспиноса Гарсес испани хэлнээс гадна франц, англи хэл сайн эзэмшсэн, португалаар ойлгодог. Тэрбээр Амазон мөрний сав газрыг 30 гаруй жил судалсан, тэрчлэн соёл, уур амьсгалын өөрчлөлт, гадаад бодлого, аюулгүй байдлын асуудлаар ажилласан туршлагатай. Мөн яруу найраг сонирхдог. 1990 онд Эквадорын яруу найргийн үндэсний анхны шагналын эзэн болжээ.
УЛС ТӨРИЙН АМЖИЛТ
Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреа (2007-2017)-гийн үед Мария Фернанда Эспиноса Гарсес Гадаад харилцаа, худалдаа, нэгдлийн сайдаар ажиллаж байв. Дараа нь Эквадорын үүсгэн байгуулах ассамблейн ерөнхийлөгч Альберто Акостын тусгай зөвлөхөөр ажиллаж байгаад НҮБ-д суух Эквадорын байнгын төлөөлөгчөөр 2008 оны гуравдугаар сарын 7-нд томилогджээ.
2009 оны аравдугаар сараас 2012 оны арваннэгдүгээр сард Үндэсний өв, аялал жуулчлалын зохицуулагч сайдаар, 2011 онд Спортын сайдаар ажиллав. Үндэсний батлан хамгаалахын сайдын албан тушаалыг 2012-2014 онд хашиж, Гуадалупе Ларрив, Лорен Эскудеро нарын дараагаар тус яамыг тэргүүлсэн гурав дахь эмэгтэй болсон байна. Өнгөрсөн оны тавдугаар сараас энэ оны зургадугаар сар хүртэл тэрбээр Гадаад хэрэг, шилжилт хөдөлгөөний сайдаар ажиллав. Энэ хугацаанд “Wikileaks”-ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжид холбогдох асуудлыг шийдэх талаар АНУ-тай яриа хэлэлцээг сэргээхийг оролдсон аж.
Өнгөрсөн зургадугаар сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганы даргаар сонгогджээ. Тийнхүү НҮБ-ын түүхэнд уг албан тушаалыг хаших дөрөв дэх эмэгтэй болов. Санал хураалтын үеэр түүнийг 128 улс, өрсөлдөгч Гондурасын төлөөлөгчийг 62 улс дэмжсэн гэнэ. Хамгийн сүүлд НҮБ-ын Ерөнхий ассамблейн даргаар 10 гаруй жилийн өмнө Бахрейны Хайя Рашид Аль Халифа ажиллаж байжээ.
“Улс төрд хүйсээр ялгаварлан гадуурхах үзэл, эрэгтэйчүүдийн дарамт шахалтаас үүдэлтэй бусад улстөрч, сэтгүүлчдийн халдлага, дайралтад эмэгтэйчүүд их өртдөг. Ийм шалтгаанаар энэ сонгуулийг өнөөдөр улс төрд оролцож буй бүх эмэгтэйд зориулмаар байна” гэж Мария Фернанда Эспиноса Гарсес мэдэгджээ. Тэргүүлэх зорилтуудынхаа талаар ярихдаа НҮБ-ын Ерөнхий ассамблейн шинэ дарга Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхийн төлөө ажиллахаа амласан байна. НҮБ-ыг шинэчлэх талаарх Ерөнхий нарийн бичгийн даргын хүчин чармайлтыг дэмжихэд бэлэн буйгаа тэрбээр мэдэгдлээ.
Ерөнхий ассамблейн даргаар эмэгтэй хүн сонгогдсон нь НҮБ-ын хүрээнд болон гадна хүйсийн тэгш эрхийг хангахад дэвшил гаргах үйл явцыг түргэтгэх зам нээж байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттереш сонгуулийн дараа хэлсэн юм. Тэрбээр Ерөнхий ассамблейн шинэ даргад ажлын амжилт хүсээд, өдгөө манай гараг мөргөлдөөнтэй, тэгш бус байдал гүнзгийрсэн, уур амьсгалын өөрчлөлтийн ноцтой өөрчлөлтүүд гаргсан гээд хоорондоо уялдаа холбоотой цогц асуудалтай тулгарсныг онцлон тэмдэглэжээ.
НҮБ-ын Ерөнхий ассамлей нь энх тайван, аюулгүй байдал, хөгжил, ядуурлыг арилгаж, халдварт өвчнийг устгах, зэвсэг хураах, хүний эрхийг хангах, байгаль орчныг хамгаалахын төлөө хариуцлага хүлээсэн цорын ганц цогц үйл ажиллагаатай байгууллага юм. 1946 оны эхээр тус ассамблейн бүрэлдэхүүнд 51 улс багтдаг байсан бол өдгөө өргөжөөд 193 болжээ. Тус байгууллагын 73 дугаар чуулган энэ сарын 18-нд эхлэн, үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс гурван сарын өмнө дарга болон 21 орлогчийг сонгодог дүрэмтэй юм.
ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫН БАРИМТЛАХ БАЙР СУУРЬ
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулган нээгдэхийн өмнө тус байгууллагын даргаар сонгогдсон Мария Фернанда Эспиноса Гарсес сэтгүүлчидтэй уулзахдаа дүрвэгсэд, байгаль орчныг хамгаалах, хүйсийн тэгш байдал, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, НҮБ-ын байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг хамтран шийдэхэд нэн түрүүнд анхаарлаа хандуулах бодолтойгоо мэдэгджээ. “Асуудлыг шийдэх цорын ганц зам бол хамтаар хэлэлцэх юм. Нээлттэй хаалганы бодлого хэрэгжүүлж, улстөрчдийн ч, жирийн иргэдийн ч санаа бодлыг сонсмоор байна. Ялангуяа янз бүрийн мөргөлдөөнд өртсөн хүмүүстэй холбоо барих шугамуудыг нээлттэй байлгахыг хүсэж байна” гэдгээ тэрбээр тэмдэглэв.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Сири, БНАСАУ-ын талаар баримтлах бодлогын асуудлаар санал зөрж буй нөхцөлд Ерөнхий ассамблей ямар үүрэг гүйцэтгэвэл зохих талаар асуухад тэрбээр тус хоёр байгууллага хамтран ажиллахын чухлыг онцолжээ. “Үйл ажиллагаагаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлтэй ч, Ерөнхий нарийн бичгийн даргын аппараттай ч нийцүүлэх хэрэгтэй. НҮБ-ын Ерөнхий ассамблей нь мөргөлдөөнөөс сэргийлэх, энх тайван байдлыг дэмжин сахиулахад чухал үүрэг гүйцэтгэж, анхаарлаа төвлөрүүлэх учиртай” гэж Мария Фернанда Эспиноса Гарсес мэдэгдэв.