Интерполын ерөнхийлөгч Мэн Хунвэй “алга болсон” явдлыг энэ сарын дуулиан гэлтэй. Одоо тэрбээр хэдийн ерөнхийлөгч асан болжээ. “Интерполын ерөнхийлөгч Мэн Хунвэй Хятад руу есдүгээр сарын 29-нд явснаасаа хойш холбоо барилгүй долоо хонолоо” хэмээн Францын хэвлэлүүд энэ сарын 5-нд анх мэдээлсэн. Үүний дагуу Францын Лион хотын Прокурорын газар мөрдөн шалгалтаа эхэлж.
Энэ завсар Мэн БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалахын дэд сайд байсан нь тодорхой болов. Тэрбээр Хятадын иргэн болох нь ч олны анхаарал татлаа. Харин Интерпол түүний алга болсон тухай их болгоомжтой мэдээлснийг Бээжин дэх ТАСС агентлагийн төлөөлөгчийн газрын дарга Андрей Кириллов тэмдэглэжээ.
Ерөнхийлөгч Мэн Хунвэй сураггүй болсон тухай хэргийг Франц, Хятадын эрх баригчид шийдэх ёстой хэмээн Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага үзээд, цаашид энэ талаар ямар нэг тайлбар хийхгүй гэсэн билээ. Интерполын үндсэн үйл ажиллагааг ерөнхийлөгч биш, ерөнхий нарийн бичгийн дарга хариуцдагийг Интерпол мэдэгдэлдээ дурджээ.
Харин Хонконгийн “South China morning post” сонин алга болсон хүний хувь заяаны тухай хамгийн сайн мэдээлэлтэй байсан бөгөөд Мэнийг Хятадын нисэх буудлаас шууд шахуу баривчилсныг түрүүлж бичсэн юм.
Дашрамд дурдахад, Мэн Хунвэй Интерполын ерөнхийлөгчийн албан тушаалд 2016 онд сонгогджээ. Тэрбээр Францын харьяат Мирей Баллестразигийн халааг авч, уг албан тушаалыг хашсан анхны хятад хүн болсон юм. Намтрыг нь Хятадын “Baidu” хайлтын системээс үзэхэд тэрбээр Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагын ерөнхийлөгч хэрнээ улсынхаа нөлөө бүхий байгууллага болох Нийгмийг аюулаас хамгаалахын дэд сайдаар ажилласан хэвээр байжээ. Тэрчлэн БНХАУ-ын иргэн төдийгүй тус улсын Коммунист намын гишүүн хэвээр байв.
ОРХИГДСОН МЭДЭЭЛЭЛ
Үүний сацуу Хонконгийн нийгмийн сүлжээнүүдэд Мэн баривчлагдахын өмнө эхнэртээ бичсэн цахим зурвасын зураг гарчээ. Эхлээд тэрбээр “Утасдахыг хүлээж бай” гэж бичсэний дараа хайчны зураг илгээсэн байна. Мөн “South China morning post” цахим хувилбартаа Мэн Хунвэйг БНХАУ-д мөрдөн байцаагдаж буйг шуурхай мэдээлжээ.
Байгууллагынх нь ерөнхийлөгчийн байгаа газрын тухай мэдээллийг тодруулах хүсэлтийг Интерпол БНХАУ-ын эрх баригчдад тавьсан байна. “Ерөнхийлөгчийн талаарх түгшүүрийг арилгахын тулд Хятадын эрх баригчдаас албан ёсны хариуг Интерполын ерөнхий нарийн бичгийн даргын газар тэсэн ядан хүлээж байна” гэж тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Юрген Шток мэдэгдэлдээ дурдсан аж. Харин Хятадад Мэн Хунвэйгийн талаар нам гүм байв.
“Baidu” цахим хуудсанд мэдээлснээр тэрбээр Нийгмийг аюулаас хамгаалахын дэд сайд хэвээр байв. Журманд нь зааснаар хэн нэгний албан ёсны статуст өөрчлөлт орвол “Baidu” 10-15 минутын дотор лавлагааны зохих материалдаа өөрчлөлт оруулдаг. Баярын болон амралтын өдөр ч энэ журам хэрэгждэг гэнэ. Лавлагаанаас үзвэл хан буюу хятад үндэстэн Мэн Хунвэй 1956 онд Харбин хотод мэндэлсэн, 1975 онд Хятадын Коммунист намд элссэн, Бээжингийн их сургуулийн Хуулийн сургуулийг төгссөн аж.
Анхаарал татсан нэг зүйл нь өнгөрсөн дөрөвдүгээр сараас л Мэн Хунвэй яамныхаа Намын хорооны гишүүн байхаа больжээ. Гадаадад ажиллаж байгаа хүн Намын хорооны хуралдаанд оролцох боломжгүй нь ойлгомжтой. Гэхдээ түүнийг Интерполын ерөнхийлөгч болсон 2016, эсвэл өнгөрсөн онд яагаад энэ байгууллагаас гаргаагүй юм бол?
Хятадын эрх баригч намын дүрэм журмыг мэддэг хэнд ч тийм шийдвэр бараг л ялд тооцогддог.
АВЛИГАД БУРУУТГАСАН НЬ
“Le parisien” сонин эх сурвалжуудаасаа эш татан цахим хуудсандаа мэдээлснээр Мэн Хунвэй кибер гэмт хэрэгтэй тэмцэх салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын нэгд үйлчлэхээр гэрээ байгуулсан нь хууль бус үйлдэл болсон байж болзошгүй. Хятадад авлигатай тэмцэх кампанит ажил явуулах нэрийдлээр Мэн Хунвэйг албан тушаалаас нь огцруулсан байж магадгүй тухай Франц дахь найдвартай, хэд хэдэн эх сурвалждаа үндэслэн тус сонин таамаглажээ.
Эцэст нь, Хятадын Коммунист намын Сахилга шалгах төв комиссын цахим хуудсанд “Нийгмийн аюулаас хамгаалахын дэд сайд Мэн Хунвэй хууль зөрчсөн хэрэгт сэжиглэгдэж байна” гэсэн мэдээлэл гарсан аж. Анзаарсан бол Интерполын ерөнхийлөгчийн албан тушаалын тухай энд дурдаагүй байна. Тайлбар хүсэх бүрт тус яамны хэвлэлийн албаны төлөөлөгч “Мэдээлэл байхгүй” гэсэн товчхон хариу өгчээ.
Гэвч удалгүй Мэн Хунвэй өөрөө Интерполын ерөнхий нарийн бичгийн даргын газарт огцрох хүсэлтээ гаргасны хариу нэн даруй гарсан байна. Журмынхаа дагуу Интерполын ерөнхийлөгчийн үүрэг ахлах дэд ерөнхийлөгч, Өмнөд Солонгосын төлөөлөгч Ким Чен Янд шилжжээ.
“Ирэх сарын 18-21-нд АНЭУ-ын Дубай хотод болох ерөнхий ассамблейн 87 дугаар чуулганаар шинэ ерөнхийлөгчөө сонгоно. Тэрбээр 2020 он хүртэл уг албан тушаалыг хашина” гэж Интерполын мэдээлэлд дурдсан байна. Үүний сацуу “South China morning post”-д мэдээлснээр Хятадад Интерполын ерөнхийлөгч асныг баривчлах тухай шийдвэрийг хамгийн дээд түвшинд гаргасан гэж шинжээчид үзэж буй аж.
Тэрбээр зүгээр нэг авлигын хэрэгт орооцолдоогүй, илүү ноцтой асуудалд холбогдсон гэж уг сонин үзжээ. “Ямар нэг яаралтай хэрэг гарсан гэж бодож байна. Олон улсын тавцанд нэр хүндээ алдах эрсдэл гарган байж, хойшлуулшгүй арга хэмжээ авсан нь ийм л учиртай байх. Мэн зүгээр нэг авлигын хэрэгт бус, томоохон асуудалд орсон учраас л тийм арга хэмжээ авахад хүрсэн” гэж Бээжинд амьдардаг тоймч Жан Лифан үзэж байгааг сонин эш татав.
Гэсэн ч одоогоор авлигын тухай л албаны хүмүүс ярьж байна. “БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Нийгмийг аюулаас хамгаалах яамны Намын хорооны дарга Жао Кэжи намын хорооны хуралдааны үеэр мэдээлэхдээ Мэн Хунвэй авлига авсан болон өөр хэд хэдэн хэрэг үйлдсэнд сэжиглэгдэж байна.
Түүнийг Төрийн хяналтын хороо шалгаж буй гэж мэдээллээ” хэмээн тус яамны мэдэгдэлд дурджээ. Гэхдээ энэ баримт бичигт багагүй чухал мэдээлэл гарав. Мэн Хунвэйгийн авлигын хэргийн хамсаатнуудыг мөрдөн шалгах ажлын бүлгийг Намын хороо байгуулжээ.
“Яамны хуралдаанаас Мэн Хунвэйгийн авлигын хэргийг нарийвчлан шалгахыг шаардсан. Хууль зөрчсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа нь нам, нийгмийг аюулаас хамгаалах байгууллагуудын үйл хэрэгт томоохон хохирол учрууллаа” гэж мэдээлэлд онцолжээ.
ХУУЛИЙН ӨМНӨ БҮГД ЭРХ ТЭГШ
Мэн 2004 онд Нийгмийг аюулаас хамгаалахын дэд сайдаар томилогдсон. Тэр үед тус яамны сайдаар Жоу Юнкан ажиллаж байв. 1996-1998 онд тэрбээр БНХАУ-ын эрчим хүчний томоохон компани болох Нефть, хийн үндэсний корпорацын ерөнхий захирал, дараа нь Сычуань мужийн Намын хорооны дарга, Газар, байгалийн нөөцийн сайд, 2002 оны арванхоёрдугаар сараас 2004 он хүртэл Нийгмийг аюулаас хамгаалахын сайдаар ажиллаж байжээ.
2007-2012 онд тэрбээр Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төр, хуулийн комиссын нарийн бичгийн дарга байв. Шүүх, шорон, аюулаас хамгаалах байгууллагуудыг тус комисс хариуцдаг гэнэ. Түүнийг нефтийн хүчирхэг группийн удирдагч хэмээдэг байжээ. Сүүлд нь эрх баригч намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн болсон аж.
Хятадын удирдлагын ирээдүйтэй гишүүн гэгдэж байсан, Ляонин мужийн Арилжааны сайд, захирагч, Чунцин хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Бо Силайг дагалдан Жоу Юнкан “унасан” гэдэг. Бо Силай намын зарим хэсгийн дэмжлэгийг ашиглан удирдах хамгийн өндөр албан тушаалуудыг хашиж, хувьсгалч үг, гэмт хэрэгтэй шийдвэртэй тэмцэх амлалтаараа олны анхаарлыг татаж байв. Одоо Жоу Юнкан, Бо Силай нар бүх насаараа хорих ял эдэлж буй билээ.
Мэн Хунвэйг мөрдөн шалгаж буй талаар “China daily” сонинд бичсэнээс харвал түүний хууль зөрчсөн асуудлыг авлига авсантай холбож буй нь Хятад улс авлигатай тэмцэх шийдвэр төгс байгаа аж. Хэрэв мөрдөн шалгалтын үеэр Мэн намын дүрэм зөрчсөн нь тогтоогдвол тэрбээр намынхаа шугамаар давхар шийтгүүлнэ гэж тус сонин шинжээчдээс эш татан бичжээ. Ингэснээр Мэн Хунвэй эхлээд намаасаа хөөгдөж, дараа нь эрүүгийн хэргийн шүүхээр орж, эцэст нь ял шийтгүүлэх гэнэ.
Дашрамд хэлэхэд, Нийгмийг аюулаас хамгаалах яамны зөвлөлийн тогтоолд дурдсанаар Жоу Юнканы сөрөг нөлөөг бүрэн таслах ёстой аж. Түүнийг эхлээд авлигын хэрэгт буруутгасан. Дараа нь эрх мэдлээ урвуулан ашигласан, төрийн нууц задруулсан гэж үзжээ. “БНХАУ цаашдаа олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, эсэхийг тодруулбал манай улс Интерполтой хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, гэмт хэрэгтэй тэмцэх талаар шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлсээр байх болно” гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лу Кан мэдэгдсэн байна.