Хан-Уул дүүргийн III хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Гоёо” ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрийн байранд энэ сарын 12-13-нд шилжих шөнө туслан гүйцэтгэгч “Мөнх харш” компанийн ажилчид хордон, нэг нь амиа алдсан хэрэг гарав. Цагдаагийн байгууллагад энэ сарын 13-ны 02.21 цагт “Цэргийн төв эмнэлгийн Хүлээн авах тасагт угаартсан хоёр хүн хүргүүлж ирсний нэг нь нас барлаа” гэх дуудлага иржээ.
Энэ дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн шалгаж байгаа юм. ЦЕГ-ийн Хэвлэлийн мэдээллийн төвийн мэргэжилтэн, ахмад М.Мөнхшүр “Гоёо” ХХК-ийн ээрмэлийн үйлдвэрийн агуулахад ажиллаж байсан хүмүүс хордсон тухай мэдээллийн дагуу гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна. Урьдчилсан мэдээллээр гурван хүн угаартсанаас, нэг нь нас барж, хоёр хүн эмчлүүлж байгаа. Хэрэг гарах үед тэнд байсан ажилчдыг хордсон, эсэхийг тогтоохоор шинжээч томилсон” гэлээ. Талийгаач 35 настай М нь “Мөнх харш” компанид гагнуурчнаар ажиллаж байсан нэгэн аж.
Цэргийн төв эмнэлгийн эх сурвалж “Гоёо” компаниас хордлогын шинж тэмдэгтэй 10 гаруй хүн ирснээс нэг нь эмнэлгийн тусламж авч чадалгүй, нас барсан. Одоо хоёр хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Урьдчилсан байдлаар химийн бодисын болон угаарын хордлого гэж дүгнэн зохих эмчилгээг хийж байна” гэсэн юм. Тэнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзахаар өчигдөр очиход ямар нэг мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан.
“Гоёо” ХХК-ийн үйлдвэр рүү очиход харуул хамгаалалтын ажилтнууд нь “Удирдлагын зөвшөөрөлгүй ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй. Манай компанийн бус, гаднын барилгын компанийнхны буруутай үйл ажиллагаа байсан юм шиг байна лээ” хэмээв.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Энэ сарын 12-13-нд шилжих шөнийн 00.00 цагийн үед дуудлага ирж, үүний дагуу түргэн тусламжийн эмч нар “Гоёо” компанийн ээрмэлийн үйлдвэрт очин, эхний хоёр хүнийг эмнэлэг рүү зөөвөрлөсөн. Гэвч нэг нь замдаа Яаралтай түргэн тусламжийн төвийн автомашинд амьсгал хураасан. Нөгөөгийнх нь биеийн байдал хүнд гэсэн оноштой эмчлүүлж байна. Хордлогын шинж илэрсэн 17 хүний дөрөв нь эмнэлэгт эмчлүүлж эхэлсэн. Бусад нь биеийн байдал дээрдсэн. Эмнэлэгт хэвтэгсдийн нэг нь хүнд, нөгөө нь хүндэвтэр, хоёр нь дунд зэргийн хордлоготой гэсэн оноштой байгаа. Бензиний үнэр, нүүрсхүчлийн дутуу ислийн хордлого байх магадлалтай гэж урьдчилан таамагласан. Хордсон ажилчид “Гоёо” компанийн барилгад гэрээгээр ажил гүйцэтгэж байсан хүмүүс” гэсэн мэдээлэл бямба гарагт өгсөн юм.
Бэлтгэсэн: Г.Равжаа