АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нэрийг арваннэгдүгээр сарын 6-нд сонгогчдод тараах саналын хуудсанд бичихгүй. Гэхдээ завсрын сонгуулийн дүн түүний үлдсэн хугацаанд асар их нөлөөтэй юм. Америкчуууд 35 сенатч, 36 муж улсын захирагч, Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүн, тэрчлэн бусад хэдэн арван хууль тогтоогчийг сонгоно. Санал хураалтын дүн ихээхэн ач холбогдолтой.
Хэрэв ардчилсан намынхан Сенатын танхимд олонх болбол Дональд Трампын Төрийн тэргүүнээр ажиллах сүүлийн хоёр жилийн эрх мэдлийг эрс хязгаарлаж чадна. Өдгөө бүгд найрамдахчуудын сууж буй Төлөөлөгчдийн танхим дахь хэдэн арван суудал улс төрийн өрсөлдөгчийнх нь талд шилжиж магадгүй гэж шинжээчид таамаглаж байна.
Гэхдээ Сенатын танхимын төлөө тэмцэлд бүгд найрамдахчуудын байр суурь сайн. Тэдний авсан суудлын ес нь л солигдож магадгүй. Ардчилсан намынхан Сенат дахь 24 суудал, бас тэднийг дэмждэг хоёр бие даагчийн суудлын төлөө өрсөлдөнө.
ТРАМПАД ИТГЭХ, ЭСЭХ САНАЛ ХУРААЛТ
Завсрын сонгуулийг Ерөнхийлөгчид итгэх, эсэхийн тухай бүх нийтийн санал хураалт гэж болно. Энэ мэдээж Цагаан ордныг хяналтдаа авсан намын хувьд муу мэдээ байдаг жамтай. 1934 оноос хойш завсрын 21 сонгууль болсон ба өнгөрсөн жилүүдэд Ерөнхийлөгчийн нам Төлөөлөгчдийн танхимд ердөө гурав, Сенатад таван удаа л суудал нэмж авч байв. Ерөнхийлөгчийн дэмжлэгийн рейтинг нь түүний намын үнэлгээ ямар байгааг илтгэх үзүүлэлт болдог.
Д.Трампын рейтинг сүүлийн үед хамгийн муу буюу 40 орчим хувьтай байгаа. Харьцуулан үзвэл Барак Обамагийн рейтинг 2010 оны завсрын сонгуулийн өмнө 45 хувьтай байсан бөгөөд ардчилсан намынхан АНУ-ын түүхэн дэх хамгийн том ялагдлаа хүлээсэн.
Сонгуулийн өмнөх санал асуулгууд ч бүгд найрамдахчуудад онцгой найдлага төрүүлэхгүй байна. Сүүлийн үзүүлэлтүүдээс харвал ардчилсан намынхан өрсөлдөгчдөөсөө 10-аас илүү хувьтай явааа нь он гарснаас хойших хамгийн сайн үзүүлэлт юм.
ОЛНООРОО ОГЦРОХ НЬ
Конгрессын гишүүдийн дундаж нас 60. Тиймээс тэд олноороо огцрох нь хэний ч гайхлыг төрүүлдэггүй. Гэхдээ сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэж буй бүгд найрамдахчуудын тоо энэ удаа олны анхаарлыг татжээ. Тус намын 30 гаруй гишүүн огцрохоо мэдэгдэж, олонх нь хашиж байсан албан тушаалаа хэдийн орхисон байна. Зарим нь бэлгийн дарамттай холбоотойгоор, нөгөө нь өөр албан тушаал хашихаар шийджээ. Огцорч буй шалтгаануудын нэгээр олон хүн Трампыг нэрлэлээ.
Тэр хүмүүсийн нэг нь CNN-д мэдэгдэхдээ “Эрүүл мэнд, эсвэл татварын бодлогын тухай бус, Дональд Трампын тухай асуултад л хариулах үүрэг хүлээсэн юм шиг санагддаг” гэв. Энэ нь ардчилсан намынхны хувь сайн мэдээ юм. Санал асууулгаас үзвэл одоо албан тушаал хашиж байгаагийнхны хувьд ялах магадлал илүү байна. Учир нь тэд олон нийтэд зарим талаар танигдсан, хөрөнгө цуглуулахад дөхөмтэй аж.
ЭМЭГТЭЙ НЭР ДЭВШИГЧИД ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЖ БАЙНА
Дональд Трампын ачаар ардчилсан намынхан эгнээгээ идэвхтэй өргөжүүлж байна. Энэ онд тэд Төлөөлөгчдийн танхимд 2008 оноос хойших хамгийн олон бүрэлдэхүүнтэй байгаа гэнэ. Ардчилсан намаас Төлөөлөгчдийн танхимын урьдчилсан сонгуульд 1500 орчим хүн өрсөлдөж байгаа нь завсрын сүүлийн сонгуулиас 500-гаар олон аж. Тэдний дунд дээд амжилт тогтоохоор олон буюу 350 эмэгтэй байна.
Эмэгтэй нэр дэвшигчдийн тоо эрс нэмэгдсэн нь зарим шинжээчид 2018 оныг эмэгтэйчүүдийн бас нэг оноор нэрлэхэд хүргэжээ. Үүнээс өмнө 1992 онд Конгресст нэр дэвшсэн эмэгтэйчүүдийн тоо хоёр дахин өссөн юм. Өдгөө эмэгтэйчүүд Конгрессын бүрэлдэхүүний 20 хувийг эзэлж байгааг тэд сонгуульд оролцохыг хүсдэггүйтэй холбон тайлбарлажээ.
Гэхдээ бэлгийн дарамт үзүүлж байсан, эмэгтэйчүүдийн эсрэг хэлсэн үгээрээ алдаршсан Дональд Трампад Хиллари Клинтон гэнэт ялагдсан нь Америкийн эмэгтэйчүүдэд чухал өдөөгч болсон гэнэ.
ИРЦЭЭС ДҮН ШАЛТГААЛНА
Завсрын сонгууль нь Ерөнхийлөгчийнх шиг алдартай бус учир ирц тааруу байдаг. Хэрэв Ерөнхийлөгчийн төлөө америкчуудын 60 орчим хувь нь санал өгдөг бол завсрын сонгуульд 45 хувь нь л оролцдог. 2014 онд ирц 35 хувьтай байсан нь дэлхийн II дайнаас хойших хамгийн тааруу үзүүлэлт юм.
Өнгөрсөн оны сонгуульд ирц муу байсан нь Бүгд найрамдах намд ашигтай тусчээ. Сонгуулийн хэсгүүдэд ахмад үеийн цагаан арьстнууд бусдаас олон оролцсон нь тус намынханд дэмжлэг болсон аж. Энэ удаа Д.Трампыг дэмжихгүй байгаа залуучууд, эмэгтэйчүүд болон цөөнх завсрын сонгуульд ихээхэн анхаарал тавина хэмээн ардчиллынхан найдаж байна.
Өнгөрсөн гуравдугаар сард Техас муж улсад болсон Ардчилсан намын сунгаанд нэг сая хүн оролцжээ. Дөрвөн жилийн өмнөхөөс энэ нь бараг хоёр дахин их үзүүлэлт боловч Бүгд найрамдах намын сунгаанд оролцогчдоос 1.5 саяар цөөн аж. Энэ нь Техаст ардчилсан намынхан ялна гэж найдах хэрэггүйг илтгэж буй ч бусад муж улс дахь оролцоо ийм байвал ялах магадлалтай гэнэ.
ИТГЭЛ ҮЛ ҮЗҮҮЛЭХ АСУУДАЛ ГАРАХ УУ
Д.Трамп АНУ-ын татварын системд шуугиан тарьсан шинэчлэл хийсэн нь одоогийн байдлаар түүний томоохон ялалт болж байна. Гэхдээ Конгрессын хоёр танхимд бүгд найрамдахчууд олонх байсан учраас уг баримт бичигт тэрбээр гарын үсэг зурж чадсан.
Харин ирэх арваннэгдүгээр сард ардчилсан намынхан хоёр танхимын нэгд, эсвэл хоёуланг нь хяналтдаа авбал Д.Трамп үлдсэн хоёр жилд хийх ажилгүй шахам байх нь. Ардчилсан намын гишүүд Конгрессын гол хороодыг хяналтдаа авбал тэд Ерөнхийлөгчийнхөө бизнес хэлэлцээр, бэлгийн дарамт үзүүлсэн асуудлыг мөрдөн шалгуулах боломжтой болно.
Д.Трампад итгэл үл үзүүлэх уриалга ч Төлөөлөгчдийн танхимд ардчилсан намынхан хэр амжилт олохоос шалтгаалах ч Бүгд найрамдах намаас сонгогдсон Сенатын гишүүдийн дэмжлэггүйгээр ажил хэрэг болохгүй. Учир нь түүнд итгэл үл үзүүлэхэд Сенатын нийт гишүүний гуравны хоёр хувийн дэмжлэг хэрэгтэй юм.
АНУ-ын түүхэнд хоёр Ерөнхийлөгч л итгэл үл үзүүлэх үйл явцад өртсөн нь Эндрю Жонсон, Билл Клинтон нар аж. Гэхдээ тэр хоёрыг Сенатад нь гэм буруугүй гэж үзсэн билээ. Уотергейтийн дуулианы улмаас Ричард Никсон итгэл үл үзүүлэх сүрдүүлгийн дор огцорсон. Гэхдээ ардчилсан намынхан 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трампыг ялах магадлал үлэмж өсөж магадгүй.