-Эртний сүмээс олон нууц илэрчээ-
Эртний нэг сүмийн санваартан өнгөрсөн долдугаар сарын 29-нд гэрийнхээ үүдэнд учир битүүлэг байдлаар амьсгал хураажээ. Мөрдөгчдийг төөрөлдөж байх хооронд өөр нэг санваартан хор ууж, түүний анд цамхгаас үсэрсэн (хоёулаа амьд үлдсэн) гэнэ.
Шашны том цолтой Епифанийгийн цогцсыг үүрээр олжээ. Египетийн гэгээнтэн Их Макарийгийн үнэн алдартны сүмийн санваартанд золгүй явдал зүгээр нэг тохиолдсон байх учиргүй. Гэмт этгээд түүний гавал руу хүнд зүйлээр цохижээ.
Анх цогцсыг санваартан Гавриил нь харж, хэдэн минутын дараа тэнд 15 санваартан цуглаад, Александрия хотын хамба лам II Феодор руу утасдаж, хэл хүргэхээр болов. Дараа нь цагдаа дууджээ. Төд удалгүй сүм цагдаагаар дүүрч, задлан шинжилгээ хийхээр цогцсыг хот руу авч явсан байна. Гэрчүүдийг цагдаа нар байцааж эхлэв.
Тэр сүмд 1500 санваартан амьдарч, бас 400 хүн ажилладаг. Хэргийн газраас хурууны хээ авч, хяналтын дүрс бичлэгийг шалгажээ. Гэмт этгээд нэг ч камергүй хонгил сонгосон учир энэ бүгдээс олигтой юм олдоогүй байна.
Энэ нь хэргийг дотроос үйлдсэнийг илтгэж байж болох. Санваартны хувцас өмсөж, онц гойд юмгүй сууцанд амьдардаг түүнийг хороох хэнд хэрэгтэй байсан юм бол.Епифанийд дайсан гэж байгаагүй хэмээн нэг санваартан Египетийн сонинд ярьжээ.
IV ЗУУНЫ СҮМ
Гэгээн Их Макарийгийн сүм Египетийн Александрия хот орох замд Нитри цөлд оршдог. IV зуунд байгуулагдсан уг сүмд 1500 гаруй жилийн өмнөөс санваартнууд амьдрах болжээ. Эзэнт гүрнүүд мөхөж, дайн байлдаан болж байсан ч эртний сүм урьдын хэвээр байв.
Бедуинууд бүслэн хаасан сүмд өдгөө “Исламын улс” бүлэглэл болон Египетийн тусгай албаныхан халдан довтлох болжээ. Сүмийн гадна юу ч болж байсан санваартнууд хэдэн зуун жилийн өмнөхийн адил мөргөлийн номоо уншиж, зан үйлээ гүйцэтгэсээр байна.
1969 онд тус сүмд 50 настай Матта Эль-Мескин тэргүүтэй 12 санваартан иржээ. Эмийн хоёр сантай, чинээлэг эмийн санч тэрбээр хожим нь эд баялаг, харш, автомашинаасаа татгалзжээ.
Эцэг өвгөдийнхөө жишгээр уул хадаар даяанчилсан санваартан болсон түүнийг гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлан 12 жил хамт амьдарсан дагагч нар бий болсон аж.
Хамбынхаа зарлигаар санваартнууд гэгээн Макарий сүмийг сэргээн засах болжээ. Тэр үед сүмд зургаан өвгөн амьдардаг, барилга нь арчилгаагүйн улмаас нурж унахдаа тулсан байж.
Эмч, инженер, агрономич, багш байсан хэдэн арван боловсролтой санваартныг Матта Эль-Мескин цуглуулж, сүмийг өөд татав. Тэд шашин шүтлэг үл харгалзан ядууст тусалдаг байжээ.
Матта Эль-Мескин 2006 онд нас барснаас хойш долоон жилийн дараа түүний халааг Епифаний авсан байна. Тэрбээр олон улсын хуралд оролцож, эртний ном судар судалж, их сургуульд багшилж, библийг грекээс араб хэл рүү орчуулах ажилд оролцдог байжээ.
Сүм хандив цуглуулдаггүй байсан ч хөрөнгө мөнгөөр гачигддаггүй байв.
ХОР БА ЦАМХАГ
Епифаний зуурдаар амьсгал хурааснаас хойш долоо хоногийн дараа сүм олны анхаарлын төв болжээ. Сүмийн удирдлагууд залуу санваартнуудын нэг, талийгаачтай нэг бус удаа ам мурийж байсан Исайяг сахил санвааргүй хар болгон хөөхөөр шийдвэрлэв. Түүнийг ядуусыг энэрэх амлалтаа сахихыг хүсээгүй, дуулгавартай байгаагүйд буруутгажээ.
Энэ нь цуу яриа дэгдэх шалтаг болж. Исайя хүн амины хэрэгт холбоотой юм биш биз? Түүнийг сүмээс гурван жилийн өмнөөс хөөх гэдэг байсан хамба ламтай таарамж муутайг бүгд л мэднэ. Бусад лам нар гарын үсэг зурсан өргөх бичиг Исайяг аварчээ. Магадгүй тэр үед түүнд өшөө авах хүсэл төрсөн байх.
Сүмийн удирдлагын төлөөлөгчид цуу яриаг няцаах гэж яарахдаа Исайяг аль эрт шийтгэх гэж байсан, хөөрхий Епифаний энд хамаагүй гэжээ. Харин нийгмийн сүлжээнүүдэд Исайяг сайн дураар хандив цуглуулснаа өгөөгүй байх гэсэн байна. Түүний хамсаатан болох өөр нэг санваартныг өнгөрсөн онд сүмээс хөөжээ.
Хөөгдсөнийхөө дараа Исайя хор уусан ч түүний амийг аварсан аж. Дараа өдөр нь түүний найз санваартан Филотей венийн судсаа ханаж, сүмийнхээ хамгийн өндрөөс буюу дөрөвдүгээр давхраас үсрэв. Эмнэлэгт хүнд гэмтэлтэй хүргэгдсэн түүний амь ч аврагдсан байна.
Удалгүй энэ хоёр санваартныг эмнэлэгт нь хорионд авчээ. Исайя цагдаагийнханд мэдүүлэг өгч, Филотей ярихаас татгалзсан гэнэ. Ингэх шаардлагагүй байж. Тэдний гар утаснаас шаардлагатай мэдээлэл авсан гэж сүмийн удирдлагын төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлжээ.
ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ
Хүн амины хэрэгт сэжиглэгдсэн санваартнууд хоорондын маргааны эх үүсвэр мөнгөний асуудлаас ч гүнзгийрчээ. Исайя, Филотей хоёр хамба III Шенудагийн талд байв. Энэ хамба 1971-ээс 2012 онд амь үрэгдэх хүртэл үнэн алдартны сүмийг удирджээ. Тэрбээр Епифанийгийн багш Матта Эль-Мескиний заналт дайсан аж.
Сүм улсаас бүрэн тусгаар байх ёстой гэж Матта Эль-Мескин үздэг. Тодруулбал, санваартан нь шашин, номын ажлаас өөр зүйлд хутгалдах ёстой. Харин Шенуда эсрэгээр боддог бөгөөд зөвхөн сүмийн удирдагч байх нь түүнд таалагддаггүй.
Тэрбээр төрийн зүтгэлтэн байж, улс төрд нөлөөлөхийг хүсдэг. Үүний сацуу Шенуда гадаадынханд итгэдэггүй, тэднээс зай барихыг хичээдэг, Матта эсрэгээр.
Матта Эль-Мескинийг амьсгал хураасны дараа Шенуда түүний байр суурийг сулруулахын тулд номнуудыг нь сүмийн номын сангаас хурааж, өөрийн талынхны сүм рүү илгээжээ. Энэ үйл явцад Исайя, Филотей нар оролцсон аж.
ХЭРГЭЭ ХҮЛЭЭСЭН НЬ
Исайя хүн амины хэрэг үйлдсэнээ хүлээсэн гэж Египетийн хэвлэлд өнгөрсөн сарын дундуур мэдээлжээ. Тэрбээр Епифанийг хороохыг хэдэн удаа оролдсон гэнэ. Эхлээд мөргөлийн үеэр төлөвлөсөн нь бүтээгүй.
Дараа нь түүнийг сүм рүү орохоос өмнө хороох гэсэн ч гүйцээгүй аж. Харин гурав дахь удаад Исайя Епифанийг гүйцэж очоод толгой руу нь 12 кг жинтэй төмрөөр толгой руу нь цохижээ.
Үзэл бодлын зөрүү ийм гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн. Үүний сацуу Епифаний Исайягийн санхүүгийн луйвар хийж, газар, үл хөдлөх хөрөнгө худалдаж авсныг мэдэж байв. Мөн Исайя бусад санваартантай хамтран фэйсбүүкт хамбыг шүүмжилсэн хуудас нээсэн байжээ.
Хэргээ хүлээснийх нь дараа Исайяг хамгаалахаас өмгөөлөгч нь татгалзаад зогсохгүй хэрэг илрүүлсэн хууль сахиулах байгууллагынханд талархал илэрхийлсэн байна. Харин шинэ өмгөөлөгч нар нь Исайяг гэм буруугүй гээд, дахин мөрдөн шалгалт явуулахыг шаардаж байна.
Тэдний хэлснээр хэрэг гарсан шөнө Исайя сүмд байгаагүй бөгөөд мэдүүлгийг дарамтан дор өгсөн гэнэ. Ирэх даваа гарагт зарласан шүүх хурлаар хүн амины хэрэгт буруутгаж буй санваартнуудын хэрэг шийдэгдэх бололтой.