Энэтхэгт зорчсон олон хүн “Delhi belly” буюу ходоод, гэдэсний хямралд орж байснаа хэлэхээс гадна юуг эргэн дурсдаг бол? Мэдээжийн хэрэг энэтхэгчүүдийн толгойгоо хаялаад байдгийг санах биз хэмээн ВВС-гийн Чарукеси Рамадураи тэмдэглэжээ.
Энэтхэгийн өмнөд нутгийн Тамилнад мужийн Танжор хотын гудамжны захын лангуу толгой нь хөдөлдөг хүүхэлдэй бүхий бэлэг дурсгалын тоглоомоор дүүрэн. Үндэсний сонгодог бүжигчнийг, эсвэл эмгэн, өвгөнийг дүрсэлсэн шавар хүүхэлдэйнүүд хоёр хэсгээс буюу хүүхэлдэйн бие болон чөлөөтэй хөдлөх боломж олгосон, нугасан дээр тогтоосон толгойноос бүрдэнэ.
Хурц тод өнгөөр будсан тоглоомын толгойд зөөлхөн хүрэхэд л хөдөлнө. Энэ нь тус улсад ирсэн хүмүүсийг нэлээд тэвдүүлдэг, толгойн хосгүй хөдөлгөөнийг хэзээд сануулна. Уг хөдөлгөөн зөвшөөрснийг, эсвэл үгүйсгэж буйг илтгэсэн толгой дохих болон сэгсрэх үйлдэлтэй адилгүй учир харийн хүний анхаарлыг ихэд татдаг.
Мумбайн зохиолч эмэгтэй Прийя Патийян хотоо тойрон аялахдаа толгойн хөдөлгөөнийг эцэс төгсгөлгүйн, эсвэл урвуу харсан наймын тоог илтгэнэ хэмээн тайлбарлажээ. Үүнд аялагчдыг цочирдуулахгүйн тулд интернэтэд уг хөдөлгөөнийг харуулсан дүрс бичлэгээс эхлээд олон тайлбар оруулсан байна. Хэдэн жилийн өмнө ийм дүрс бичдэгүүдийн нэг нь вирустэй болж, долоо хоногийн хугацаанд нэг сая гаруй хүнд тархсан гэнэ.
Энэ хөдөлгөөн “Тийм” гэсэн үг үү? Эсвэл найрсгаар татгалзаж буй нь тэр юм болов уу. “Магадгүй” гэсэн тодорхойгүй байдлыг илтгэж байна уу? Чухам ямар утга илэрхийлж буйг хэлэхэд хэцүү. Патийяны үзэж буйгаар энэ нь бараг л “Тийм” гэсэн утгатай, зөвшөөрч буйн илрэл гэнэ.
Энэтхэгт таван жил гаруй амьдарсан, тус улсаар аялах гарын авлага гаргасан, Их Британи, Америкийн зохиолч Марго Бигг “Толгойн хөдөлгөөн янз бүр байдаг, тэр болгон нь өөр өөр утга илэрхийлдэг” гэж үзэж байна. “Нэг тал руугаа налсан бол “Тийм”, “Явъя”, харин урагш, хойш илүү удаан дохивол ойлгож буйн нотолгоо” гэнэ. Энэ дохилт хурдан байх тусам, ялангуяа нэмээд хөмсгөө өргөвөл тохиролцоонд түргэн хүрдэг аж. Нөгөө талаас, энэ хөдөлгөөн “За яахав ... хэлснээр чинь болъё” гэсэн утга илэрхийлж болох.
Гэхдээ энэтхэгчүүдийн толгойн хөдөлгөөн нь үеэс үед дамжин ирсэн соёлын гайхамшиг гэхээс илүү ач холбогдолтой. Нидерландын социологич Герта Хофстед янз бүрийн орны ёс заншил, соёлын талаар томоохон судалгаа явуулсан алдартай нэгэн. Түүний судалгаанд Энэтхэг улс 77 оноо авч, иргэд нь амьдарч буй нийгмийнхээ эрх мэдлийн тэгш бус байдлыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн болохоо харуулжээ. Энэ үзүүлэлтийн дэлхийн дундаж нь 56.5 байдаг гэнэ. Энэтхэг улс ийм өндөр үзүүлэлттэй гарсан нь ард түмэн нь эрх баригчдаа гүн хүндэтгэдгийн илрэл аж.
Тус улсад бүх насаараа амьдарсны хувьд энэтхэгчүүд найрсаг, ялангуяа өндөр настан, гадаадын иргэдтэй ярилцаж, туслахыг хичээдгийг нотолж чадна. Энэтхэгчүүд “Үгүй” гэж шууд хэлэх дургүй. Биднийг юм хэлж чадахгүй, дүлэгнэхэд тэд өөрсдөө буруутай юм шиг инээмсэглээд, шууд л толгой дохино.
Энэ нь эцсийн шийдийг хойш тавьж буй хэрэг.
Үнэн хэрэгтээ, энэтхэг маягаар толгойгоо хөдөлгөх нь байдал тодорхойгүй байгааг илтгэнэ. Тамилнад мужийн Ченнаи хотын зохиолч, хөрөнгийн зах зээлийн зөвлөх Прадил Чакравартигийн ярьснаар энэтхэгчүүдийн толгойн хөдөлгөөн нь хүмүүс хоорондын нарийн харилцааг нээлттэй хэвээр үлдээх арга аж. “Газар тариалангийн эдийн засагтай Энэтхэг шиг улсад аль нэг байгууллагад шууд татгалзсан хариу өгөх, эсвэл зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэх нь ашиггүй. Яагаад гэвэл, тусламж хэзээ хэрэгтэй болохыг мэдэх аргагүй. Татгалзсан хариу өгөх нь харилцаа бүрмөсөн тасрахад хүргэнэ” хэмээн тэрбээр тайлбарлав.
Энэтхэгийн нийгэмд эрх баригчид, харилцаанд албан ёсны байдал асар их үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь хүмүүсийг “Үгүй” гэж хэлэх боломжгүй байдалд ихэвчлэн оруулдаг. Ажил дээр даргатай, өнөр өтгөн гэр бүлийн ахмад гишүүдтэй, нийгэмлэгийн удирдлагатай тийм харилцаа үүсдэг. Ийм үед толгойн ойлгомжгүй хөдөлгөөнийг харилцагч өөрийнхөөрөө ойлгож, буулт хийх боломж олгохын сацуу дараагийн нүүдлээ хийх цаг хождог байна. “Ойлгомжгүй хөдөлгөөн хийж чадахгүй, бас “Үгүй” гэж хэлж чадахгүйгээ би мэдэж байна. Тиймээс татгалзахын оронд тодорхой юм ярихгүй байх зэргээр цаг авдаг” гэж Чакраварти ярилаа.
Онолын хувьд энэ нь амьдралын сайн сайхны жор мэт боловч ихэвчлэн үл ойлголцол, дургүйцэлд хүргэдэг. Ийм зүйл гол төлөв янз бүрийн соёлтой хүмүүс, тухайлбал, энэтхэг ажилтан гадаад удирдлагатай, эсвэл жуулчин Энэтхэгийн зах дээр наймаа хийх зэрэг харилцааны үед илэрдэг. Заримдаа энэтхэгчүүдэд ч ийм зүйл тохиолддог байна.
Тиймээс тайлбар дүрс бичлэгүүд байдаг ч энэтхэгчүүд өөрсдөө ч толгойн хөдөлгөөнөө тодорхой тайлбарлаж чаддаггүй. Заримдаа би ч “Та юу гэх гэсэн юм бэ?” гэж хашхирмаар санагддаг.
Энэтхэгчүүдийн толгойн хөдөлгөөний талаар Америкийн хошин олон ангит “Outsourced” (“Зугтаж буй ажил”) киноны нэг хэсэгт өгүүлдэг. Уг киноны үйл явдал Мумбай хотын төвд болов уу гэмээр газар болдог аж.
Танд таалагдах, эсэх, тоглоомын энэ дүрмийг дэмжих, үгүйг мэдэхгүй ч энэтхэгчүүдийн толгойн хөдөлгөөн нь эндхийн амьдралын нэг хэсэг юм. Тэдний олонх нь ямар ч зорилгогүйгээр толгойгоо хөдөлгөдөг бөгөөд Энэтхэгт очсон олон жуулчин үүнийг хэсэг хугацааны дараа анзаарсан байдаг.
Бангалорын сэтгүүлч Анита Рао Каши “Бид үүнийг элдвээр няцааж болох ч толгойгоо хөдөлгөдөг нь бидний цусанд шингэсэн үйлдэл бөгөөд үеэс үед уламжлагддаг” гэв.
Хинди хэлээр ярихаараа өөрөө ч анзааралгүй толгойгоо хөдөлгөөд эхэлдгээ Бигг хүлээн зөвшөөрчээ. “Өрнөдийн жуулчид үүнийг анзаарч, надад хэлсэн. Гэсэн ч энэ нь миний гадаад төрх байдлын салшгүй хэсэг болсон бөгөөд санаандгүй л толгойгоо хөдөлгөдөг” гэж тэрбээр өгүүлсэн байна.
Энэ орны оршин суугчийн адил тус улсад очиж буй хүмүүст зөвлөмөөр байна. Та толгойгоо хөдөлгөдөг нэгэнтэй таарвал адилхан л үйлдэл хийгээрэй. Ингэснээр та үлдсэн амьдралынхаа анд нөхөртэй ч уулзаж мэдэх юм.