Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хурлаар Э.Мөнгөнхуяг, Л.Шинэ-Од нарт холбогдох хэргийг саяхан хэлэлцлээ. 1993-1994 онд төрсөн энэ хоёр залуу БНХАУ-аас мансууруулах төрлийн бодис олж авч, улсын хилээр оруулж ирсэн хэмээн ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас баривчилсан юм байна. Улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “Урьдчилан тохиролцож, бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан”, 18.5.3-т заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэм буруутайд тооцож, Э.Мөнгөнхуягт тав, Л.Шинэ-Одод дөрвөн жил хорих ял нээлттэй буюу хуучнаар жирийн дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Монгол Улсын ирээдүй хойч болсон хүүхэд, залуус мансууруулах бодист донтож, бага насны охид, хөвгүүд ч эмчилгээ хийлгэж байхдаа хүртэл нууцаар хэрэглэж байгаад баригдах боллоо. Шүүхүүдийн хурлын товыг харахад мансууруулах бодис хэрэглэсэн, борлуулсан гэх хэргийг шүүх хурал долоо хоногт 1-2 удаа болохоор зарлагдаж байна. Энэ бол хар тамхи хэрэглэгчид, борлуулагчид олширсныг илтгэж буй хэрэг. Хар тамхи хилээр нэвтрүүлж борлуулан улс, үндэстнийхээ ирээдүйн эсрэг ноцтой гэмт хэрэг өдүүлж буй тэдний толгойг илэх бодлого төрөөс явуулж байгаа нь даанч харамсалтай. Яагаад төр гэж асуух хүн гарч ирэх байх. Учрыг тайлбарлахад амархан. Манай хууль тогтоогчид буюу УИХ-ын гишүүд 2015 онд Эрүүгийн шинэ хууль батлахдаа мансууруулах бодистой холбоотой хэргийг өмнөх хуулиас нь илт зөөллөсөн юм.
Шинээр мөрдөж буй хуулийн хар тамхитай холбоотой заалт 2002 оны Эрүүгийн хуулийнхаас ял нь багассан гэж хэлэх хуульч, хууль сахиулагч олон бий. Мөн хилээр галт зэвсэг, хар тамхи оруулсан хүнд хариуцлага хүлээлгэх заалт ч илт хөнгөрсөн нь хар тамхичдын толгойг илсэн харалган төрийн бодлогын хор уршиг гэхэд болно. Ирээдүйд Монголыг мөхөөж ч болзошгүйг хууль тогтоогч 76, Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн анзаарахгүй байна гэж үгүй.
Одоо мөрдөж буй Эрүүгийн хуулийн 18.5.3-т “Улсын хилээр бараа хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг соёлын дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтны, ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологийн, палеонтологийн олдвор, эд өлгийн зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн бол 10 000- 40 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Харин 2002 оны Эрүүгийн хуулийн 188.3- т “Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх хэргийг давтан буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл их хэмжээгээр, түүнчлэн албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн бол 10-20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байв.
Хуулийн зарим зүйл заалтыг эш татаж, зарим улс оронтой харьцуулан уншигчдадаа хүргэе. 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжсэн Эрүүгийн хуульд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг үйлдсэн этгээдэд 1-12 жил хүртэл хугацаагаар хорих, зорчих эрхийг 1-5 жил хүртэл хугацаагаар хязгаарлах, хуулийн этгээдийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 40 000-200 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хүртэл ял шийтгэхээр хуульчилсан.
Харин ОХУ-д 3-20 жил хүртэл хугацаагаар хорих, нэг сая хүртэл рублиэр торгох зэрэг ял шийтгэдэг бол Их Британи, Грек, Австрали, Япон, Тайланд, Египет, БНСУ-д бүх насаар нь хорих ял оноодог. Австри, Франц, Швейцар, Италид 20 жил хүртэл хугацаагаар торны цаана суулгадаг байна. Энэ төрлийн хэрэгт ногдуулж буй өмнөд хөршийн ял шийтгэл маш хатуу байдгийг хэвлэлд олон ч удаа бичсэн. БНХАУ-д мансууруулах бодисын хэмжээнээс хамаарч 15 жил, эсвэл хугацаагүй хорих, зарим тохиолдолд цаазаар авах ял шийтгэж, давхар эд хөрөнгийг нь хураадаг.
Манай улсын хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үйлдэлд, хар тамхийг нь хураагаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд 100 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулахаар хуульчилсан нь мансуурагчдад дахин гэмт хэрэг үйлдэх боломжийг хуулиараа олгочихсон гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Уг нь бол мансууруулах бодис хэрэглэхийн тулд хууль бусаар олж авах, хадгалах, бусдад өгөх зэрэг Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх гэмт хэрэг давхар үйлдээд байгааг хууль тогтоогчид анхааралдаа авах, шүүгч нар шүүхийн практиктаа ч нэвтрүүлэх шаардлагатай санагдана.
Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхийн тулд ялын бодлогыг чангалах нь хэрэгтэй талаар сэтгүүлч миний бие өмнө нь нэг бус удаа нийтлэл бичиж байсан ч харалган төрийн хууль тогтоогчид илжигний чихэнд ус ч хийсэн, алт ч хийсэн сэгсэрдэгтэй адил үл ойшоож буй нь харамсалтай. Уг нь ялын бодлого, хяналт чанга байж гэмээнэ энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, тархалтыг хумьж үр дүнд хүрнэ шүү дээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа