Далайн хар шуурганы үеэр сургууь, цэцэрлэг, албан байгууллага, худалдааны төвүүдийг албан ёсоор хаадаг аж. Энэ удаа Хонконгод 900 гаруй нислэгийг цуцалсан талаар дэлхий нийтэд мэдээлсэн
Сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог БАЛДОРЖ шагналын шилдгүүдийг Улаанбаатар хотын банкныхан гадаадад аялуулдаг уламжлалын дагуу саяхан бидний хэдэн сэтгүүлч Хонконгийг зорьсон юм. Саяхан гэдэг нь Филиппинд их хэмжээний хохирол учруулсан далайн хар салхи “Мангхут” Хонконгийг 160 гаруй км/цагийн хурдтайгаар дайран өнгөрсөн тэр үе л дээ. Багадаа хөдөө “араажаваар” цаг агаарын мэдээ сонсоод “Салхины хурд секундэд 28-34 метр болж ширүүснэ” гэхээр л дотроо битүүхэн айдаг байсан миний хувьд Номхон далай “догширохыг” анх удаа бодитоор үзэж, мэдэрсэн нь энэ. Нэг бодлын аймаар ч нөгөөтэйгүүр хүн бүхний мэдрэх боломжгүйг үзэж харсандаа олзуурхсан.
Далайн хар салхины X зэрэг буюу радиус нь 150 гаруй км байсан нь “Мангхут” хэр хүчтэйг илтгэнэ. Ийм айхтар хүчтэй шуурсан нь Хонконгод сүүлийн 20 гаруй жилд тохиогоогүй аюулт үзэгдэл гэдгийг хэвлэлүүдэд онцолж байлаа. Тиймээс л Номхон хэмээх нэртэй далайн номхон бус “авираас” болж бид Макаод очих хөтөлбөрөө цуцалсан юм. Энэ талаар аялал зохион байгуулагчид маань “Та бүхэнд “захиалан” тайфун үзүүллээ” хэмээн хошигносон. Бидэнд хөтөч хийсэн Ами хэмээх хонконг бүсгүй хэдэн жилийн өмнө далайн хар салхины V зэргийн шуурганаар хийсээд, азаар модноос зуурч эсэн мэнд үлдсэн гэж хуучилсныг нь орчуулагч Бүрнээ бидэнд ярьсан. Зүүн өмнөд Азийн орнуудад байдаг өндөр сайхан модод энэ мэтээр хар салхины үеэр олон хүний аминд ордог гэнэ лээ.
Далайн хар салхи аль зүгээс, хэр хурдтай айсуй талаар болон аюулгүй байдлаа хангаж, анхаарал болгоомжтой байхыг иргэддээ бүхий л сувгаар цаг тутамд өгдөг учраас хүмүүс нь хэдийд юу хийхээ сайн мэддэг аж. Нөгөөтэйгүүр хонконгчууд ийм гамшигтай бүр “дотно танил” учраас хэзээд бэлтгэлтэй байдаг нь илт. Үйлчилгээний газар, орон сууц, албан байгууллагууд бүгд л цонх, хаалга, шил толио том хавтангаар хамгаалж битүүмжлэхийн зэрэгцээ заадлыг нь цаасан скочоор наадаг юм билээ. Мөн цонхнуудаа скочоор хэрээсэлдэг нь доргилтоос болж хагарвал бутарч, үйрүүлэхгүй давуу талтай гэсэн.
Ингэж нааж, хамгаалсан цонх хагарах магадлал ч буурдаг юм байна. Энэ мэтээр аюулгүй ажиллагаагаа хүн бүр ягштал баримталдаг юм байна. Гадаах хогийн савнуудыг хүртэл ямар нэг юмнаас бэхэлсэн харагдана. Ингээд зогсохгүй шуурганд хийсээд талийлаа гэхэд хог нь гудамж, талбайд асгарч, элдэв нян үржих нөхцөл бүрдүүлэхээс сэргийлэн олон давхар уутаар хулдаж, наадах юм. Бидний буусан зочид буудлынхан гол хаалгаа битүүмжлэн, машины зогсоол бүхий жижиг хаалгаар хүмүүсийг зорчуулж байв. Хар салхины хурд, зэрэглэл болоод голомт нь хаанаас хаашаа чиглэж явааг үйлчлүүлэгчдэд мэдээлэх самбарыг үүдэндээ мөн байрлуулжээ.
X зэргийн хар салхитай нүүр тулах өдрийн үдээс өмнө зохион байгуулагчдын зүгээс бидэнд сэрэмжлүүлэг мэдээлэл өгсөн юм. “12.00-14.00 цагийн хооронд хар салхи дэгдэнэ. Энэ нь Х зэрэгтэй буюу хамгийн хүчтэйд тооцогдох аюулт үзэгдэл юм байна. 2005 онд Америкт их хэмжээний хохирол учруулсан Катрина хар салхины III зэрэгтэй дүйхүйц хүчтэй гэсэн үг. Филиппинд 280 шахам км радиустай тайфун болж өнгөрсөн бол энд хамрах хүрээ нь багассан ч салхины хурд маш хүчтэй байгаа. Хонконг иймэрхүү байгалийн гамшигт маш сайн бэлтгэлтэй байдаг ч юмыг яаж мэдэх вэ сэрэмжлүүлэг илүүдэхгүй. Бүгд паспорт, мөнгөө биедээ байлгаарай. Гар утсаа сайн цэнэглэ. Асуудал үүсвэл бүгд эндээ цуглана шүү” хэмээсэн нь далайн хар салхи бол тоглоом бус, Монголын угалз хуйтай зүйрлэх юм биш гэдгийг илтгэнэ. Хар салхины зэрэглэлийг заах самбарт “Typhoon signal ¹ 9” гэж том, улаан бичиг дурайхад сэтгэлд айдас
хурсныг нуухгүй. Хонконгийн төвийн дүүрэгт, том зочид буудалд байсан болоод тэр үү, эсвэл салхины хүч арай “сул” байсан уу, үгүй бол монгол хүний уужуу тайван зангийнх уу, тэр болтол үнэндээ манайхан нэг их юм бодоогүй байлаа. Нөгөөтэйгүүр манайхан шиг нэг юм болонгуут л телевизийн суваг болгоноор шахуу сайд, дарга нар нь байн байн мэдээлэл хийж, ард иргэдээ айдаст автуулдаггүй нь ч бас нөлөөлсөн байж мэднэ.
Зочид буудлынхан үйлчлүүлэгчдэдээ тайфун “үзүүлэх” хязгаарлалтын бүс бүхий талбай зэхжээ. Хаалгаар толгойгоо цухуйлгахад л өрөөний цонхоор харагдсанаас тэс өөр нөхцөл байдал биднийг угтав. “Чулуун ширэнгэ”-нүүдийн хаагуур нь зайчилж ирээд байна вэ гэмээр хүчтэй салхи өөдөөс исгэрэн, усан бороогоор тургиж байлаа. “Оосроосоо” мултарсан хогийн савнууд түн тан гээд шидэгдэхэд тухай бүрт нь буудлын хамгаалалтын албаныхан бушуухан очиж аваад дотогш оруулах аж. “Энэ манай байгууллагынх биш, бидэнд хамаагүй” гэсэн аминч сэтгэлгээ алга.
Хэрэв тэгдэг бол тайфуны улмаас тэр өдөр онгойгоогүй бүх албан байгууллага, дэлгүүр, үйлчилгээний газруудын хогийн савнууд гудамжаар шунгинан “нисэж”, хаанахын хэний ч өмч хөрөнгийг сүйтгэх юм билээ. Байшингуудын дээвэр дээр тарьсан моддыг байтугай байгалийн жамаараа ургасныг нь хүртэл үндэснээсээ сугартал тэнхээ мэдэн шавхуурдах догшин хар шуургыг хохирол багатай даван туулах энгийн ухаан энэ гэлтэй.
13.00 цагт салхины хүч илт нэмэгдсэн байлаа. Намрын өл цагаан салхи хаяа хатавчаар нэвт сийгэж, сэтгэл жиндүүлдэг шиг тийм таагүй мэдрэмж төрлөө. Бид “Хэрэв энэ хана цөмөрвөл...” гээд хар салхинд хамгийн түрүүнд хэн хийсэх талаар хошигнон, марзганан ярилцаж гаднаа хөгжилдөх ч дотроо “Хэрэв үнэхээр...” гэж бодсон хүн бишгүй байсан болов уу. Үүнээс хойш бид буудлынхаа өрөөнд нам бүгж, хүчит хар салхийг “үдсэн”.
Маргааш өглөө нь эх орондоо буцахаар бид 09.00 цагт буудлын үүдний өрөөнд цуглав. Зочид буудлын ажилтнууд өндөр шат тавьчихсан, хамгаалалтын хавтангаа буулгаж, хаалга, цонхны наалтаа хуулж байлаа. Нэг нь шатыг түшиж, нөгөөх нь дээр гарсан хүнээ түшиж, өөр нэг нь буулгаж байгаа хавтанг нь түшихийг хараад манайхан “Энэ хүмүүс нээрэн хөдөлмөрийн аюулгүй байдлыг алхам тутамдаа анхаарах юм. Манай монголчууд аягүй бол шатан дээр ганцаараа гараад, хавтан буулгахдаа ч хүнээр түшүүлэхгүй дээ” хэмээн хошигнож явав.
Энэ үед орчуулагч Бүрнээ “Өчигдөр манай хөтөч Амигийн гэр хар салхины улмаас өртөөд ийм болчихжээ. Бичлэгээ явуулсан байна” хэмээгээд бидэнд үзүүллээ. Цонхнууд нь хагарч, байшингийнх нь хана нэлээд цуурчихжээ. Салхи гэр доторхыг “самарч, бүжиглэнэ”. Бичлэг үзээд, автобусанд сууж байтал Ами “Уучлаарай” хэмээгээд юу ч болоогүй мэт яралзтал инээмсэглэсээр ороод ирдэг байгаа. Бид түүнээс элдвийг шалгаасангүй, тэрбээр ч юм ярьсангүй.
Өчигдөрхөн тэнгэр, газрын байрыг солих нь уу гэлтэй уулгалан довтолж байсан хар салхи намжингуут Хонконгод амьдрал урьдын адил хэвийн үргэлжилж байгааг бид автобусны цонхоор хараад шагшин ярьж явлаа. “Мангхут” 17 мянга гаруй модыг булга татсан гэнэ. “Алга дарамхан” газар нутгийнх нь гудамж, талбайд унасан моднууд замын хөдөлгөөнд дөмөгхөн саад учруулахаар. Гэхдээ үнэндээ замын хөдөлгөөн хаана хаанаа саадгүй байв.
Хотын захиргааны ажилтнууд (манайхаар бол ТҮК-ийнхэн) үүр цүүрээр босож гудамж талбайгаа цэвэрлэн, унасан моддыг замаас зайлуулжээ. Үүнд иргэдийн оролцоо ч их байдаг аж. Ийм байдлыг нь хараад бахархахын хажуугаар “Манай ТҮК-ийн ажилтнууд өглөө ажил эхлэхтэй зэрэгцэн шүүр, хүрзээ “тачигнуулан”, тоос юугаан манаргаж хүмүүсийн уур цухлыг бардгаа хэзээ болих бол” гэж бодож амжив. Тэрийг нь юман чинээ тоодоггүй, зөв зохион байгуулалт хийе ч гэж боддоггүй хотын удирдлага, “Ийм л тавилантай” гээд чимээгүй өнгөрүүлж сурсан номхон иргэд манайхаас өөр газарт байдаг болов уу.
Гамшгийн дараах сэргээн босголтод хонконг хүмүүс сайн дураараа хамрагддаг гэсэн. Нэг хэсэг нь булгарсан моддыг замын хажуу руу зөөж, тэр дор нь машинуудад ачаад явах аж. Онцгой байдлын үед ажиллах байгууллагууд нь албан үүргээ, хүн зон нь иргэний үүргээ дор бүртээ шуурхай биелүүлдгийн жишээг эндээс харлаа. Тэглээ гээд манайхан шиг төрийн одон медаль горьддоггүй нь лавтай.
“Сүүлийн 20 гаруй жилд тохиогоогүй байгалийн аюулт үзэгдлийг “ачаалалгүй” даван туулж буй арлынхнаар бахархаад баршгүй. 1100 ам км буюу Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн газар нутгаас ч бага талбайд долоон сая гаруй хүн (зөвхөн Хонконгийн иргэншилтэй иргэдийн тоо) багтаж шингэн амьдардаг учраас энд хоёр гол дүрэм үйлчилдэг юм байна гэж анзаарлаа. Нэгдүгээрт, цаг бол энд жинхэнэ утгаараа алт юм байна. Хоёрт, хариуцлага хамгаас чухал аж. Тэр хариуцлагыг хууль ёсоор тогтоогоод өгчихөж. Тийм ч учраас дэлхийд тэргүүлэх эдийн засгийн бүс нутаг болтлоо хөгжсөн биз. Зочид буудал, автобус, далайн эргийн газруудад “Хоол идэж, ундаа уухыг хориглоно. Ингэвэл тэгж торгоно, тэгвэл тийм ч шийтгэлтэй” гэж үргэлж болохгүй, хориотой гэх нь эхэндээ жаахан хачин санагдсан ч ингэснийхээ хүчээр цэвэр цэмцгэр, журамтай улс болсныг нь мэдрээд ирэхээр “уучлах”, ойлгох сэтгэл аяндаа төрдөг юм билээ.