Идлиб муж дахь дүрвэгсдийн хуаран
Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг эсэргүүцэн тэмцэж буй хүчнүүдийн сүүлчийн томоохон түшиц газар нь тус улсын хойд нутгийн Идлиб муж. Тус муж чухам хэний мэдэлд байдаг нь өнөө болтол тодорхойгүй.
Идлибт “Аль-Каида” бүлэглэлтэй холбоотой 100 мянга орчим террорист байдгийн 40 мянга орчим нь болд шиг хатаагдсан хэт давруу үзэлтэн хэмээн Сирийн парламентын гишүүн бөгөөд Б.Асадын талын Фарез Шехаби ВВС-д мэдээлжээ. Тус мужийн 70 гаруй хувь нь террористуудын хяналтад байна гэж Оросын армийн нэрээ нууцалсан генерал нотлов. Америкийн цэргийн түшмэдийн тооцож буйгаар Идлибт 20-30 мянган босогч бий. Харин Сири дэх НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистурагийн мэдээлснээр тус мужид “Аль-Каида”-тай холбоотой 10 мянган босогч байгаагийн дотор гадаадын иргэн олон байна.
Идлиб муж, түүнтэй залгаа мужуудад гурван сая орчим хүн аж төрж буй. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд тус бүс нутгийн олон мянган оршин суугч Башар Асадын Засгийн газрын эсрэг зэвсэгт тэмцэлд нэгдсэний дотор “Аль-Каида”-тай холбоотой бүлэглэлүүдийн эгнээнд элсэв. Идлиб дэх сиричүүдийн дийлэнх нь тэнд болж буй мөргөлдөөнтэй холбоотой аж. Тус мужид үйл ажиллагаа явуулж буй бүлэглэл бүр ямар хүчтэй, тэдний хэчнээн нь НҮБ-ын ангиллаар террорист гэгдэх нь тодорхойгүй байна.
ХЭН НЬ ХЭН БЭ
Идлибт үйл ажиллагаа явуулж буй гол хүчнүүдэд “Хайат тахрир аль-Шам” (энэ нь ариун дайнчдын эвсэл бөгөөд “Фронт аль-Нусра”, “Аль-Каида” бүлэглэлтэй холбоотой), Үндэстнээ чөлөөлөх фронт (Туркийн дэмжлэгтэй босогчдын бүлэглэлүүдийн холбоо), “Хуррас аль-Дин” (“Хайат тахрир аль-Шам” бүлэглэлээс тасарсан, тэрчлэн “Аль-Каида”-тай холбоотой), Туркестаны исламын нам (Хятадын уйгуруудаас голдуу бүрдсэн бүлэглэл) багтдаг.
“Хайат тахрир аль-Шам” нь Идлибийн үлэмж хэсгийг, тухайлбал, тус мужийн нийслэл, Турктэй залгаа Баб-эль-Хав хилийн шалган нэвтрүүлэх цэгийг хянадаг хамгийн хүчтэй бүлэглэл юм. “Фронт аль-Нусра” нь 2016 онд “Аль-Каида”-тай албан ёсоор харилцаагаа тасалж, өдгөө “Жабат Фатех аль-Шам” гэгдэх болсон. Үүнээс хойш нэг жилийн дараа түүнд жижиг бүлэглэлүүд нэгдэж, “Хайат тахрир аль-Шам” нэртэй болжээ. Гадаадын ямар ч хүчинтэй холбоогүй хэмээн тус бүлэглэл мэдэгддэг. Гэтэл уг бүлэглэлийг НҮБ, АНУ, Тур өдгөө ч “Аль-Каида”-тай холбоотой хэмээн террорист байгууллагуудын жагсаалтад багтаадаг.
“Хайат тахрир аль-Шам” нь Идлиб дэх хамгийн том бөгөөд сайтар зэвсэглэсэн бүлэглэл. Тэднийг бусад жижиг бүлэглэл дагахаас өөр аргагүй байдаг” гэж Сирийн мөргөлдөөн дэх Оросын оролцооны тухай ном бичсэн, цэргийн шинээч Тим Рипли тэмдэглэжээ. Гэхдээ Сири дэх босогчдын бүх бүлэглэл бараг л өдөр бүр бүрэлдэхүүн нь өөрчлөгддөг, янз бүрийн эвсэл, холбоодоос бүрддэгийг тэрбээр нэмж хэлэв.
БИЕ БҮРЭЛДЭХҮҮН
Буйгаар Хэдийгээр шинжээчдийн олонх нь Сири дэх босогчдын тооны талаар их болгоомжтой мэдээлэхийг уриалдаг ч Америкийн Ойрхи Дорнодын хүрээлэнгийн мэргэжилтэн Чарльз Листер “Хайят тахрир аль-Шам”-ын бие бүрэлдэхүүнийг 12 мянга гэжээ. Түүн дээр тус бүлэглэлд үнэнч, Сирийн баруун хойд нутаг дахь хөдөлгөөнүүдийн гишүүдийг нэмбэл 20 орчим босогч болно гэж тэрбээр үзэж байна.
Бие бүрэлдэхүүний тоогоор хоёрдугаарт “Хайят тахрир аль-Шам”-ыг эсэргүүцэгчдээс бүрдсэн, өнгөрсөн тавдугаар сард байгуулагдсан Үндэстнээ чөлөөлөх фронт орно. Бүрэлдэхүүн нь исламын хэт үзэлтнүүд, тухайлбал, Сирийн баруун нутгийн зэвсэглэсэн аядуу хүчинд тооцогддог Сирийг чөлөөлөх армийн далбаан дор тулалддаг “Ахрар аль-Шам”, “Нур аль-Дин аль-Зинки бригадууд” зэрэг бүлэглэл багтдаг аж.
Америкийн судалгааны “Century foundation” төвийн ажилтан Арон Лундын үзэж буйгаар Үндэстнээ чөлөөлөх фронт нь Туркийн мөнгө, зэвсэг, хангамжийн тусламжтайгаар оршин тогтнодог. Энэ эвслийн хувь заяа Сирийн мөргөлдөөн дэх Трукийн оролцоо яаж дуусахаас шалтгаална.
Идлибт мөн олонх нь “Аль-Каида”-гийн холбоотон бүлэглэлүүдийн эгнээнд багтдаг гадаадын босогчид олноороо байдаг. Тийм бүлэглэлүүдийн нэг нь Хятадын Шинжаан-Уйгурын мусульман босогчид голдуу Туркестаны исламын нам юм. Тэд Сирид дайн дэгдсэн эхний жилүүдээс хойш тус улсын хойд нутагт байрлаж байна. Бүрэлдэхүүнд нь 10 мянган хүн бий гэж Сирийн парламентын гишүүн Фарез Шехаби мэдэгджээ. Гэхдээ Их Британийн Хатан хааны батлан хамгаалахын судалгааны нэгдсэн хүрээлэнгийн судлаач Рафаэлло Пантуччиги уг тоог хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд уйгур босогчид гэр бүлтэйгээ нийлээд хэдхэн мянгаар л тоологдоно хэмээн таамаглаж буй. Идлибт гадаадын иргэд, тухайлбал, чеченьчүүд, узбекүүд цөөн тоогоор бий гэдэг.
ЭНГИЙН НОМХОН ОРШИН СУУГЧИД
Тус мужийн энгийн номхон оршин суугчдын хувь заяа өдгөө хамгийн их түгшээж байна. Тэдний олонх нь Сирийн бусад нутгаас, тухайлбал, босогчдын хяналтад байдаг бүсүүдээс армийнхан давшилт хийхийн өмнө нүүлгэн шилжүүлсэн дүрвэгсэд аж. Хамгийн сүүлд Дераа, Кунтейр муж, нийслэл Дамаскийн дагуул Зүүн Гута руу тус улсын армийнхан давшжээ.
Өнгөрсөн оны тавдугаар сард Турк, Орос, Иран улс Идлибт мөргөлдөөнгүй бүс байгуулахаар тохиролцсон. Тиймээс дүрвэгчид харьцангуй аюулгүй байдалд өөрсдийгөө байна гэж үздэг.
Сирийн Засгийн газрын цэрэг Идлиб рүү давшвал 800 мянга орчин хүн дүрвэхээс өөр аргагүй байдалд орно гэж НҮБ болгоомжилж байна. Энэ нь хүмүүнлэгийн тусламж шаардлагатай сиричүүдийн тоог бараг 1.5 дахин нэмэх юм. Өдгөө ийм дүрвэгсдийн тоо хоёр сая орчим байна.