“Флоренс” хар салхи дайрах Умард болон Өмнөд Каролина муж улсын оршин суугчдад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсаараа дамжуулан хэд хэдэн сэрэмжлүүлэг өгчээ. Эрэг дагуух 300 км бүсээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх гэж байна. Сүүлийн олон жилийн хугацаан дахь хамгийн хүчтэй хар салхи байж болохыг Д.Трамп бичжээ. Иргэддээ байгалийн гамшигт бэлтгэж, болгоомжлохыг АНУ-ын Ерөнхийлөгч уриалсан байна.
Өнгөрсөн 10 жилийн хугацаан дахь хамгийн хүчтэй хар салхи дайрч болзошгүй учир нэг сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхээр бэлтгэж буй. Салхины хүч нь байж болох таван шалгуурын дөрөв дэхэд хүрэх гэнэ. Өнгөрсөн онд Атлантын далайд үүссэн “Ирма” хар салхи хамгийн хүчтэй буюу таван баллаар хэмжигдсэн байна. “Флоренс” салхины хурд цагт 220 км хүрч байгаа аж.
Дональд Трамп Умард болон Өмнөд Каролинад онц байдал зарлаж, тэдгээр муж улсын захирагч нартай байдлыг хэлэлцжээ.
“Флоренс” маш эрчимтэйгээр хурдаа нэмж байна. Даваа гаргийн өглөө гурван баллаар хэмжигдэж байсан салхины хурд цагийн дараа 178-аас 195 км/цагийн хурдтай болж, учруулах хохирлын хэмжээ дөрвөн баллд хүрч, өөрөөр хэлбэл, мод булгарах, угсармал байшин нурах, чулуун байшингуудын цонх, хаалга, дээвэр гэмтэхээр хүчтэй болжээ.
Хар салхины үед усанд автсан бүс хуурай газрын дөрвөн км-ийг эзлээд байна. Тиймээс уг хар салхи сүүлийн 30 жилд тус бүс нутгийг дайрсан хамгийн их уршигтай байгалийн гамшигт тооцогдож болзошгүй.
Атлантын далайн бүлээн усанд хүчээ авахын хэрээр хар салхины аюул хамгийн дээд буюу тавдугаар түвшинд хүрч болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулсаар буй. Хамгийн сүүлд 1989 онд энэ бүс нутгийг дөрөвдүгээр түвшний аюултай “Хьюго” хар салхи дайрч, Умард Каролинаг эзгүйрүүлж, долоон тэрбум долларын хохирол учруулж, 49 хүний аминд хүрсэн билээ.
Хар салхи ажигладаг үндэсний төвийн анхааруулснаар “Флоренс” ус, цаг уурын маш аюултай үзэгдлийн бүх шинжийг агуулсан байна. Үүнийг дагаж их хэмжээний бороо орж, эрэг орчмын болон дотоодын бүс нутгууд усанд автаж болзошгүй.
Оршин суугчдад ус, цахилгааны саатал үүсэхэд бэлтгэхийг сануулжээ. Дэлгүүрүүдэд урт дараалал үүсэж, хүмүүс ус, зай хураагуур болон цонхоо халхлах фанер худалдан авч байна. Хөрш Өмнөд Каролинагийн оршин суугчид ч хар салхинд мөн адил бэлтгэж буй гэнэ.
Умард Каролинад бүтээгдэхүүн тээвэрлэх замыг чөлөөлөхийн тулд хөдөө аж ахуйн тээврийг хязгаарласан байна. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний Атлантын далайн флотын Норфолк баазын хөлөг онгоцууд аврах ажиллагаанд оролцохоор далайд гарахад бэлтгэж буй.