АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангаас Стандарт, хэмжил зүйн газар (СХЗГ)-ынхантай холбоотой хэргийн талаар тодрууллаа.
-Олны анхаарлын төвд байгаа, албан тушаалтнуудын холбогдсон хэргийг шийдвэрлэх явц удаашралтай байна. АТГ-ынхныг ажлаа хийхгүй байна гэсэн шүүмжлэл ч гарах боллоо.
Тухайлбал, СХЗГ-ын дарга Г.Гантөмөртэй холбоотой хэргийг дурдаж болно.
-АТГ-ынхан авлигатай тэмцэх бус, дүр үзүүлсэн төрхтэй байна. Олон нийтийн зөвлөл нэг жил гаруй ажиллахдаа иргэдээс мэдээлэл авч, түүнийгээ нягтлалаа. АТГ-ынхан шалгаад, таслан зогсоож болохуйц олон гэмт хэргийн талаар уламжиллаа. Харамсалтай нь, амжилт олсонгүй. Үүний нэг том жишээ нь “60 тэрбум”-ын гэх хэрэг. Хэрэг биш гээд л хаасан, гэтэл мөн болчихлоо. УИХ-ын дарга бичлэгийг эвлүүлэг гэсэн бол бас л үнэн боллоо.
Дэмжээгүй хүний тоонд орсон л болохоос тэрбээр хэргээ хүлээчихлээ. АТГ-ынхан хэргийн эзнийг зөвшөөртөл нь 2-3 жил хүлээж, үнэнд гүйцэгдвэл ажлаа хийж байна. СХЗГ-ын дарга Г.Гантөмөрт холбогдох хэрэг олны анхаарлын төвд байгаа. Түүнийг хуурамч бичиг баримт үйлдэн, ус, дулаан, цахилгааны тоолуурыг баталгаажуулж, төрийн нэрээр дулдуйдаж мөнгө олдог гэдгийг ШШҮХ тогтоосон. 2014, 2015, 2016 онд түүврийн аргаар хийсэн бүх шалгалтаар шүү.
Нэг тоолуур баталгаажуулаад 6-28 мянган төгрөг авдаг гэхээр замбараагүй их мөнгө болно. Монгол Улсад төр, хууль хяналтын байгууллага байдаг, тэр дундаа АТГ-ынхан ажлаа хийж байгаа юм бол түүний эл үйлдлийг эрт таслан зогсоох боломжтой байсан. Гэтэл тэгсэнгүй.
-Олгосон гэрчилгээ нь хуурамч байсныг тогтоосон ч хэрэг биш гэж үзсэн гэдэг үнэн үү?
-Тус байгууллагад ажиллаж байсан А гэх эмэгтэй АТГ-т энэ асуудлаар гурван удаа хандсан. Гэтэл түүнийг “Хүн гүжирдсэн” гээд торгосон. Энэ талаар сурвалжилсан сэтгүүлч, нийтэлсэн байгууллагад ч торгууль ногдуулж байна. ШШҮХ-гийнхэн гэрчилгээнүүдийг шинжлээд цаас, түмэн наст хээ, төрийн соёмбоны өнгө будаг нь өөр байна гээд тогтоочихсон. Мөн нууцлалын хэмжээ, лого, дүрслэл бүгд хуурамч байсныг ч илрүүлсэн.
Түүнээс гадна дотоод аудитын шалгалтаар хууль бус үйлдлүүд нь ил болов. Гэтэл АТГ-ынхан Г.Гантөмөрийн үйлдлийг өөгшүүлж байгаа юм. Манай зөвлөл өнгөрсөн гуравдугаар сард АТГ-т уг асуудлаар хандсан. Бидэнд АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга, комиссар Ц.Энхбаяр гэдэг хүн бичиг ирүүлсэн. Түүнд “СХЗГ-ын дарга Г.Гантөмөрт холбогдолтой А-гийн гомдол нотлогдоогүй учраас хаах саналтай байна” гэсэн байлаа. Үнэхээр ичмээр.
Гэтэл тэр хооронд нь Г.Гантөмөр хамтрагч нараа өндөр албан тушаалд томиллоо. 2015 онд хуулийн зөвлөх нь байсан Ө гэгч одоо Бодлогын газрын дарга болчихсон. Хүний нөөцийн мэргэжилтэн байсан Н гэх залуу Дотоод хяналт, шалгалт, үнэлгээ, аудитын газрын даргын албыг хашиж байна.
Сүлжээгээр гэмт хэрэг хийдэг, түүнийгээ нуун дарагдуулдаг хүмүүсээ багаар нь дээш татаж төрийн ажлыг гутааж байна гэж ойлгож болох юм.
-Олон улсын байгууллагаас үнэгүй тараа гэж өгсөн номыг нэгэн хэвлэлийн компаниар хувилуулж, худалдсан гэх мэдээлэл байна. Танай байгууллагад энэ талаар мэдээлэл бий юү. Та бүхэн цаашид ямар арга хэмжээ авах вэ?
-Ном, гэрчилгээ, ШШҮХ-гийн дүгнэлтийг авч хэлэлцэхгүй байна гэх зэрэг олон асуудал ирсэн. Нийслэлийн Прокурорын газраас иргэн А-д “Та уг хэргийн оролцогч биш. Тиймээс хэрэгтэй танилцуулахгүй” гэсэн хариу өгсөн байна билээ. Г.Гантөмөр нарын хууль бус үйлдлийг олонд илчлээд, ажлаасаа халагдсан А оролцогч биш гэж юу гэсэн үг вэ.
Хууль хяналтын байгууллагынхан ийм байгаа учраас Г.Гантөмөр одоо хэр нь дураараа туйлж байна. Бид уг хэргийг орхихгүй, хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд ажлаа тасралтгүй явуулна.
Г.Сарнай