ШҮҮХИЙН ТАНХИМААС
Ариун цэврийн өрөөнд орхисон гар утсыг авч зараад ял шийтгүүлсэн тохиолдол Баянгол дүүрэгт гарч байсан. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гар утасны бүлэг хулгайч, тэдний барааг борлуулагч ченжид холбогдох хэргийг хэлэлцжээ. 28 настай А, 34 настай Д, 23-тай Д нар Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь томоохон зах, худалдааны төвүүд, автобусны буудлаар явж, иргэдийн гар утсыг хулгайлдаг байсан аж.
Улмаар хулгайлсан зүйлсээ “Хархорин” худалдааны төвд гар утасны лангуу ажиллуулдаг ченж Г-д өгч, сериал дугаарыг нь өөрчлүүлэн худалддаг байсан гэнэ. Дээрх хүмүүсийг зохион байгуулалттайгаар бүлэглэн хулгай хийсэн, мөнгө угаасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас тэдэнд Эрүүгийн хуулийн 17.1-ийн 3.2 дахь хэсэгт заасан “Халаасны хулгайн гэмт хэргийг зохион байгуулалттай үйлдсэн”, 18.6-гийн нэг дэх хэсгийн “Мөнгө угаасан” гэх үндэслэлэлээр яллах дүгнэлт үйлдсэн аж. Шүүхээс гар утас хулгайлж борлуулдаг байсан А-д гурван жил хоёр сар, 34-тэй Д-д дөрвөн жил зургаан сар, 23 настай Д-д нэг жил зургаан сар хорих ял шийтгэжээ.
Харин тэдний гар утсыг борлуулагч “Хархорин” худалдааны төвийн ченж Г-г мөнгө угаасан, хууль бус эх үүсвэрийг нь халхавчилсан гэм буруутайд тооцож, зургаан сар баривчлах ял шийтгэжээ. Дашрамд дурдахад, зохион байгуулалттайгаар халаасны хулгай хийдэг, барааг нь авч сериал дугаарыг нь өөрчлөн борлуулдаг өөр нэг бүлгийг НЦГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн баримтжуулан шалгаж буй гэнэ.