Г.РАВЖАА
Дорноговь аймгийн Мандах сумын төвд оршин суух иргэн Б, Н нарын гэрт наймдугаар сарын 30-31-нд шилжих шөнө хулгайч орж, их хэмжээний мөнгөн эдлэлийг нь авч зугтсан хэрэг гарчээ. Цагдаагийнхан энэ хэргийг шалгаж байтал Дундговь аймгийн Өндөршил суманд мотоциклтой хүн их хэмжээний мөнгөн эдлэл худалдаж байгаа тухай мэдээлэл авч орон нутгийн хэсгийн төлөөлөгчөөр шалгуулсан аж.
Гэтэл Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат, эрхэлсэн ажилгүй Б гэх эр БНХАУ-д үйлдвэрлэсэн “Даюун” маркийн мотоцикл хөлөглөж явсан бөгөөд мөнгөн эдлэл худалдаж байсан аж. Нарийвчлан шалгахад тэр эр унаж яваа мотоциклоо иргэн Н-ийн гэрийн гаднаас хулгайлжээ. Мандах сумын харьяат Улс, аймгийн аварга цолтой болон мянгат малчдын гэрээс бага, дунд, их гарын 16 ширхэг мөнгөн аяга, мөнгөн тоногтой эмээл, хулсан ташуур, мөнгөн ээмэг, бөгж, дуран тоносон этгээд мөн болох нь шалгалтын явцад тогтоогдож, өдгөө Дундговь аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид үргэлжлүүлэн шалгаж байна.
“Приус”-үүдэд түлхүүр тааруулдаг, янданг нь тонодог залуусыг баривчиллаа
Г.ОРЧЛОН
Орон сууцны гадна зогсоолд орхисон “Тоёота Приус” маркийн автомашинуудад түлхүүр тааруулан хулгайлдаг байсан залууг НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн саатуулжээ. Энэ төрлийн хэрэг хоёр жилийн өмнөөс идэвхжсэн бөгөөд эзэн холбогдогч нь тогтоогдохгүй байсан аж. Цагдаагийнхан нэлээд хөөцөлдсөний дүнд Л.Батсайхан гэх залууг сэжиглэсэн байна. Тэрбээр нэгэн баарны зогсоол дээр байсан “Приус-10”, “Приус-11” маркийн автомашинд түлхүүр тааруулан жолоодож, Дамбадаржаа дахь гэртээ аваачжээ.
Улмаар эд ангийг нь салган задалж зараад, кузовыг нь төмрийн хаягдалд тушаадаг байсан гэнэ. Тэр этгээд 2016 оны тавдугаар сард Баянгол дүүргийн XIX хорооны 63 дугаар байрны гаднаас болон “Кёкүшюү” цамхгийн хойноос, тухайн оны гуравдугаар сард “Скай таун” хорооллоос, дөрөвдүгээр сард Бөхийн өргөөний хажуугаас, мөн оны арванхоёрдугаар сард Сонгинохайрхан дүүргийн XVI хорооны 27 дугаар байрны дэргэдээс мөнгөлөг өнгөтэй “Приус-11” маркийн автомашин хулгайлсан нь тогтоогдсон байна.
Түүнийг өдгөө Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтэст шалгаж буй юм. Түүнээс гадна “Приус-10”, Приус-11”, “Приус-20” маркийн автомашины нүүрсэн яндан, зай хураагуур зэрэг эд ангийг нь тонодог байсан С.Батжаргал, Э.Энхбаяр, Б.Ариуннаран, Ц.Очирхүү, О.Төмөрчөдөр нарыг цагдаагийнхан саатуулсан аж. Тэд нийслэлийн төвийн дүүргүүдийн нутаг дэвсгэрийн орон сууцны гаднах зогсоолд байсан автомашинаас 19 удаа хулгай хийснийг цагдаагийнхан баримтжуулсан аж. Хэрэгт холбогдогчдын нэг О.Төмөрчөдөр Баянзүрх дүүргийн нутаг, Цахлайн гудамж дахь гэртээ түүхий эд авах нэрээр халхавчилж барааг нь авдаг байжээ. Тэд 2017 оны гуравдугаар сараас хойш “Приус”, “Лексус” маркийн автомашины яндан, зай хураагуур тоносон 6-7 үйлдэл нь тогтоогдсон гэнэ.
Цонхны тавцан дээрээс унах гэж байсан хүүг аврав
Ч.БОЛОР
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын III багийн нийтийн орон сууцны таван давхар барилгын IV давхрын цонхоор бага насны хүүхэд унах гэж байсныг онцгой байдлын албаныхан аварчээ. Тодруулбал, гэртээ ганцаараа цоожлогдсон таван настай Ж гэх хүү цонхныхоо гадна талын тавцан дээр зогсож байсныг энэ сарын 12-ны 13.00 цагт аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 15 дугаар ангийн таван алба хаагч аварч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Мөн энэ өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах орон сууцны нэгэн байрны гуравдугаар давхрын тагтан дээрээс 19 настай Х согтуудаа унах гэж байсныг нийслэлийн Аврах ангийн алба хаагчид аварч, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.