Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Үндэсний брэндийн бодлогын зөвлөлтэй хамтран “Өнөөдрийн Монгол” төсөл хэрэгжүүлж эхэллээ. Төслийн хүрээнд Япон, ОХУ, Буриад, БНХАУ-аас ирсэн гэрэл зургийн сурвалжлагчид манай улсын төлөөлөл таван гэрэл зурагчинтай хамтран түүхийн дурсгалт газруудаар явж гэрэл зураг авах юм.
“Урилгаар Японы “Киодо ньюс”, ОХУ-ын ТАСС, “Спутник”, “Риа новости”, БНХАУ-ын “Синьхуа” агентлагийн фото сурвалжлагчид ирж оролцож буйгаараа ач холбогдолтой” гэж МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд хэллээ. Мөн тэрбээр “Монголыг мэдээллээр, тэр дундаа гэрэл зургаар гадаадад сурталчлах ажил тэр бүр хийдэггүй. Нэгдсэн бодлого, систем байдаггүй. Харин гэрэл зураг олон нийтэд хүрэхдээ хялбар, ойлгомжтой байдаг. Иймд Монголын аж байдал, үзэсгэлэнт газруудын зургийг гадаадын томоохон сайтуудад байршуулснаар бид дэлхийд танигдах ач холбогдолтой” хэмээсэн юм.
Тэд Улаанбаатар хотын өнөөгийн байдал болон түүхэн дурсгалын өвийг хадгалсан “Гандантэгчэнлин” хийд, Занабазарын музей, “Түмэн эх” чуулга зэрэг газрын эерэг дүр төрхийг харуулсан зургийг авах аялалдаа өчигдөр гарлаа. Дараагийн өдрүүдэд Хустайн нуруун дахь буга, тахь гэх мэт зэрлэг ан амьтад, Дархан, Эрдэнэтийн бүтээн байгуулалт, Тэрэлж, Төв аймгийн Баянхангай сум дахь малчин айлын амьдралыг харуулсан гэрэл зургуудыг буулгаж өөрсдийн орны мэдээллийн сайтад байршуулах гэнэ. Уг төсөл Засгийн газрын санхүүжилтээр энэ сарын 8-15-нд хэрэгжиж байгаа бөгөөд ирэх ням гарагт олон улсын гэрэл зурагчдын дуранд буусан “Өнөөдрийн Монгол орон” гэрэл зургийн үзэсгэлэнг Уран зургийн галерейд дэлгэх аж.
Бэлтгэсэн: Г.Баясгалан