Иргэн Болд ойн дагалт нөөц ашиглах эрхийн бичиг зохих журмын дагуу авчээ. Гэвч тэрбээр ойгоос мод бэлтгэхээр очихдоо өнөөх бичгээ гэртээ орхичихож. Энэ үед түүнтэй хяналт шалгалтынхан таарав. Тэрбээр тусгай зөвшөөрлийн бичигтэй гэдгээ хэчнээн учирласан ч байцаагчид түүнд хулгайч гэсэн “хар тамга” дарчихаж. Түүгээр ч зогсохгүй машинаа хураалгаад, нөхөн төлбөрт “унасан” гэнэ. Хууль бус зүйл хийгээгүй гэдгийг нь нотлох чухал баримт энэ үед түүнд байгаагүйгээс хожим цагдаа, мэргэжлийн хяналтынхантай хэдэнтээ “учирч”, цаг заваа барсны эцэст буруугүйгээ баталжээ.
Мэргэжилтнүүд түүнд “Төрийн тусгай хамгаалалттай газарт нэвтрэхийн тулд бичиг баримтаа заавал шалгуулдаг. Хэрэв бичиг баримтаа орхисон бол хэнийг ч дотогш оруулдаггүй. Ойн нөөц ашиглахад үүнтэй ижил хууль үйлчилдэг. Хэдий зөвшөөрлийн бичигтэй ч мод бэлтгэх үедээ түүнийгээ биедээ авч яваагүй бол шууд хууль бус үйлдэл гэж үзнэ” хэмээн хуулийн “хичээл” заасан байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумаас мод бэлтгэх зөвшөөрөлтэй нэгэн аж ахуйн нэгжийнхэн хот руу орж ирэхийн даваан дээр хуулийнханд журамлагджээ. Шалтгаан нь бас л бичиг баримт дутуу. “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурин руу тээвэрлэж, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг ойн анги, эсвэл сум, дүүргийн холбогдох албан тушаалтнаас заавал авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс буруутан болсон аж.
Чингэлтэй дүүргийн XIX хорооны нутаг, Шадивлан зусланд амьдардаг өндөр настан тэндхийн ойгоос хоёр шуудай нойтон мод бэлтгээд, тэтгэврээ хэд нугалах хэмжээний мөнгөөр торгуулжээ. “Хэрэв тэр түлээ, нүүрс борлуулдаг цэгээс хоёр шуудай түлш авсан бол ихдээ 10 мянган төгрөг төлөх байсан” хэмээн халаглаж суугаа нь лавтай.
Ойн дагалт баялаг ашиглах тухай мэдлэг, мэдээлэлгүйгээс иргэд санаатай, санамсаргүй байдлаар модны хулгайч болох тохиолдол сүүлийн үед олширсныг холбогдох байгууллагуудын байцаагч, мэргэжилтнүүд анхааруулж байна. Ялангуяа намар шувтарч, өвөлтэй золгох дөхсөн энэ үеэс ийм зөрчил шил шилээ даран гардаг аж. Дээрх гурван тохиолдол бол хамгийн сүүлийн үеийн бодит жишээ бөгөөд манай улсад түгээмэл зөрчил болжээ.
500-600 ШОО МЕТР МОД ХУЛГАЙЧДЫН ХАЛААСЫГ ТҮНТИЙЛГЭДЭГ
Хууль бусаар мод бэлтгэх зөрчил 1990-2009 онд түүхэнд байгаагүйгээр өсжээ. Энэ үед манай улс жилдээ 11-12 мянган шоо метр модоо хулгайчдад алддаг байж. Харин одоо энэ тоо 20 дахин багасаж, 500-600 шоо метр мод “тавьж туудаг” болсныг БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Р.Ганбат хэлэв. Хулгайгаар мод бэлтгэх нь одоо цагт “мартагдсан дууль” болсон, “2003 онд байгаль орчны холбогдолтой зөрчилд ойн нөөцийнх зонхилж, 32.6 хувийг эзэлдэг байсан бол 2016 онд 10.1 хувь болж буурсан” хэмээх “эерэг” статистикийг ойн судлаач, мэргэжилтнүүд танилцуулах нь түгээмэл.
Холбогдох хууль, журмаа шинэчилж, 21 аймагт сум дундын 38 ойн анги байгуулсан нь ийм эерэг өөрчлөлт авчирсан гэж тэд тайлбарласан. Гэвч ойд дайсагнах хүний тоо цөөрөөгүй. Ойгоос мод бэлтгэхийн тулд зайлшгүй зөвшөөрөл авах ёстой гэдгийг эрх биш гадарладаг ч хууль, журмаа мөрддөггүй “танхай” иргэд олширсныг Р.Ганбат онцоллоо. Зарим нь ойгоос түлш бэлтгэчихээд “Тэр зөвшөөрлийг нь дараа авчихъя” хэмээн цамнадаг гэсэн. Санаатай, санамсаргүй байдлаар ойн дайсан болдог ийм хэрэг жилдээ 270-300 орчим гарах болсныг Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайланд дурджээ.
ГАНЦ ДАЙЧИН
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд самарчид байгаль хэрхэн сүйтгэж, дураараа дургиж байгааг нүдээр үзэж, сэтгэл гонсойж билээ. Улмаар тус сумын байгаль орчны хяналтын байцаагч Энхтүвшинд хов хүргэхэд “Үнэхээр хүчрэхгүй байна. Ганцаараа барахгүй юм” хэмээн зовлонгоо учирлаж байв. Ойн дагалт баялгийг хулгайчдаас хамгаалах дархан манаанд зогсдог тэдний нийтлэг зовлон энэ аж. Тэд зөвхөн ойгоо бус, тэнд буй амьтан, ургамал, хөрс, ашигт малтмал гээд байгальтай л холбоотой бүх зүйлд санаа тавих үүрэг хүлээж байдаг.
Хэдэн зуу, мянган км газар нутгийн эд, эс бүхнийг нь хариуцна гэдэг ганц хүнд ахадсан ажил. Үүнээс болоод тэд ой хамгаалах үүргээ 100 хувь гүйцэтгэж чаддаггүйг учир мэдэх хүмүүс хэлж байна. Энэ нь хууль бусаар мод бэлтгэгчдэд ихээхэн ашигтай сул тал болдог гэх. Дийлэнх сум ганц дайчинтай бөгөөд гарын арван хуруунд багтах цөөн сум л баг тус бүртээ байгаль хамгаалагчтай.
Ойн салбарт цөөнгүй жил ажилласан нэгэн эрхэм “Ойн хуулийн хэрэгжилтийг сайжруулъя гэвэл байгаль хамгаалагчдын чиг үүрэг, хариуцдаг ажлыг хөнгөвчлөх хэрэгтэй. Нохой устгахад хүртэл тэд дагаад явж байна. Ийм байж болохгүй” гэж ёжилж байв. Харин Р.Ганбат “Дээхнэ үед ойн цагдаа гэж байлаа. Тэд зөвхөн ойгоо хариуцдаг байсан. Одоогийн байгаль хамгаалагч нарт хийхгүй зүйл алга. Хурал, зөвлөгөөн ч зохион байгуулна, хууль бус антай ч тэмцэнэ. Ингэхээр үр дүнтэй ажиллах боломж буурдаг” хэмээсэн юм.
Хууль бусаар мод бэлтгэх нь Монгол орны төдийгүй дэлхий нийтэд ойн нөөцийг хомсдуулагч гол хүчин зүйл (түймэр, хортон шавжийн дараа ордог) хэвээр байгаа. Түүнтэй тэмцэхийн тулд дан ганц хууль хяналтынхан бус, байгаль хамгаалагчдыг ч чадавхжуулах, үр дүнтэй ажиллах боломж, нөхцөлөөр хангахад анхаарах нь зүйтэй гэдэгтэй нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүд санал нэг байна.
ХЭРХЭН ТЭМЦЭХ ВЭ
Иргэд хулгайгаар мод бэлтгэдэг гол шалтгаан нь хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэл хэмээн нийслэлийн Байгаль орчны газрынхан ний нуугүй хэллээ. Тэгвэл ойн баялагт шунагсадтай хэрхэн тэмцэх вэ. Холбогдох байгууллагууд хамтран цахим хяналтын систем нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж. Тухайн аймаг, сумаас мод бэлтгэх зөвшөөрөлтэй хэчнээн аж ахуйн нэгж бий, тэд хэдэн шоо метр мод авах эрхтэй, хаана ямар зөрчил гарав зэрэг бүх л мэдээллийг тэнд байршуулж, ил тодоор тайлагнах юм байна.
Тэр ч бүү хэл, мод ачсан сэжигтэй хүн таарвал машиных нь дугаараар “хөөж”, эрх бүхий этгээд мөн, эсэхийг нь тусгай аппликэйшнээр нягтлах боломж бүрдүүлэх зорилготой гэнэ. Ойн салбарт хяналтын “шилэн” тогтолцоо нэвтрүүлэхийн тулд холбогдох шат шатны байгууллагаас мэргэжилтнүүдэд мэдээлэл өгч, бүсчилсэн сургалтад хамруулж байгаа бөгөөд ирэх арваннэгдүгээр сард бүх аймгийн удирдлагатай санал солилцох нь.
Бэлтгэсэн: Ж.Сувд