Хэнтий аймагт төрийн бахархалт шонхор шувуу зөвшөөрөлгүй барьсан хэрэг өнгөрсөн сарын дундуур гарч, Сири улсын иргэн И, А, Р нарыг Бор-Өндөр сум дахь Цагдаагийн хэлтсийнхэн шалгаж эхэлсэн билээ. Тэд биедээ дээрх шувуу барих тусгай зөвшөөрөлгүй байсан бөгөөд “Ланд круйзер-200” машинд жигүүртнийг тээвэрлэж явсан. Саатуулагдсан араб иргэд “Бид энэ шувууг бариагүй. Монгол хүн барьж авчирч өгсөн. Бид БОАЖЯ-наас зөвшөөрөл авсан” хэмээсэн юм. Дээрх хүмүүсийг тусгай зөвшөөрөл авсан, эсэхийг хууль сахиулах байгууллагынхан тодруулж, Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн дагуу мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлсэн гэнэ.
Үүнтэй холбогдуулан Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Баянхутаг, Галшар суманд шонхор шувуу барьж байгаа Сири улсын иргэдийн дөрвөн отгийн үйл ажиллагааг шалгасан байна. Шалгалтаар эдгээр отогт буй араб иргэд Монгол Улсын нутаг дэвсгэрт идлэг шонхор шувуу барих, арчлах, тээвэрлэх, экспортод гаргах үйл ажиллагаанд хяналт тавих журмын дагуу отог бүр орчуулагч, сум орон нутгаас шонхор барих, буцааж тавих тохиолдолд хяналт тавих үүрэгтэй ажилтныг сумаас томилуулж аваагүй, орон нутагтай гэрээ байгуулаагүй зэрэг зөрчил дутагдал илэрч, Зөрчлийн хэрэг үүсгэсэн байна. Түүнчлэн тэд хараа хяналтгүй давхиж, зэргэлдээ аймаг, сумдаас Баянхутаг, Галшар суманд малын халдварт өвчин тараах эрсдэлийг дагуулж буй гэнэ.
Бэлтгэсэн: Г.Равжаа