Тайваньтай дипломат харилцаа тогтоохоос татгалзсан Өмнөд Америкийн гурван улс дахь дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нараа АНУ зөвлөлдөхөөр татсан тухай Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Хизер Науэрт мэдэгдэв. Дашрамд дурдахад, АНУ 1979 оноос хойш нэг Хятад бодлогын хүрээнд Тайванийг хүлээн зөвшөөрөөгүй ч ойр дотно харилцаатай байдаг.
“Төрийн департамент Доминиканы Бүгд Найрамдах Улсад суугаа Элчин сайд Робин Бернстайн, Сальвадороос Элчин сайд Жан Мейнс, Панамд АНУ-ын хэргийг түр хамаарагч Роксэнн Кабрал нарыг зөвлөлдөхөөр дуудлаа” гэж дээрх мэдээлэлд дурджээ.
Вашингтонд болох зөвлөлдөөний үеэр дипломатууд Төв Америк дахь ардчилсан хүрээлэнгүүд болон тус бүс нутгийн эдийн засгийг АНУ хэрхэн дэмжих асуудлыг хэлэлцэх аж.
БНХАУ-ын төв Засгийн газар болон тус улсын арлын муж хоорондын албан ёсны харилцаа Чан Кайши тэргүүтэй Гоминьдан намынхан Хятадын Коммунист намтай хийсэн иргэний дайнд 1949 онд ялагдсанаас хойш тасарсан юм. Тайвань, эх газрын Хятад хоорондын ажил хэргийн болон албан ёсны бус харилцаа 1980 оны эцсээр сэргэжээ. 1990-ээд он гарснаас хойш талууд Засгийн газрын бус байгууллагуудаар дамжуулан хэлхээ холбоо тогтоох болжээ.