“БНСУ энэ онд багтаан БНАСАУ-тай найрамдлын гэрээ байгуулахыг эрмэлзэж байна” гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Индонезийн “Kompas” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. “Солонгосын дайн дууссаныг энэ онд багтаан зарлахаар чармайн ажиллаж байна. Ингэвэл Солонгосын хойгийн дайсагнасан байдал эцэслэж, Сөүл, Пёньян хоёр харилцан итгэлцэл тогтоох алхам руугаа шилжинэ” гэж Мүн Жэ Ин өгүүлжээ.
1950-1953 оны мөргөлдөөн түр гал зогсоох гэрээгээр дууссан учир хоёр Солонгосын албан ёсны харилцаа өнөөг хүртэл дайны байдалтай буй юм. Өмнөд, Умард Солонгосын удирдагчид урьд нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгож, бат бөх энх тайван байдал тогтоохоор тохиролцсоныг БНСУ-ын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэжээ.
“Тохиролцооныхоо заалтуудыг чин сэтгэлээсээ биелүүлэхэд л асуудал оршиж буй. Бид энэ ондоо багтаан үлэмж амжилтад хүрэхээр төлөвлөж байна” хэмээн Мүн Жэ Ин мэдэгдсэнийг “Kompas” сонин эш татсан байна. Зөвхөн Пёньянтай төдийгүй БНАСАУ, АНУ хоорондын харилцааг хөгжүүлэх, тэрчлэн цөмийн зэвсэг устгах үйл яв цыг түргэтгэх эд шаардлагатай бүх алхмыг Сөүл хийнэ хэмээн БНСУ-ын Ерөнхийлөгч амлажээ.
Хоёр удирдагчийн гурав дахь удаагийн дээд хэмжээний уулзалтыг энэ сарын 18-20-нд Пёньянд хийхээр БНАСАУ-тай тохиролцсон тухай өнгөрсөн долоо хоногт Сөүл мэдэгдсэн билээ. Үүнээс өмнө өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд сүүлийн 10 гаруй жилд анх удаа Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалт болсон.
Мүн Жэ Ин, Ким Жөн Ун нар хэлэлцээ хийж, Солонгосын хойгт энх тайван байдал тогтоох, тус бүс нутгийг хөгжүүлэх, улмаар нэгтгэх тухай Панмүнжомын хамтарсан тунхагт гарын үсэг зурсан билээ. Тэд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох нийтлэг зорилготойгоо баталж, энэ онд багтаан найрамдлын гэрээнд гарын үсэг зурах хэрэгтэй талаар тохиролцсоныг Сөүл, Пёньян хоёр нотолжээ.
Үүний сацуу БНАСАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэсэн мэндчилгээг тус улсын удирдагч Ким Жөн Унд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин илгээснийг Умард Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг уламжлав. Оросын Төрийн тэргүүн мэндчилгээндээ тус хоёр орон янз бүрийн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
“Энэ нь манай хоёр ард түмний эрх ашигт бүрэн нийцэж, Солонгосын хойгт ч, Зүүн хойд Азид ч тогтвортой бөгөөд аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэж буй юм” гэж тус агентлагийн мэдээнд дурдсан байна. Пёньянд өчигдөр болсон баярын жагсаалд ОХУ-ын парламентын дээд танхимын дарга Валентина Матвиенко оролцсон юм. Тэрбээр Ким Жөн Унтай уулзахдаа Оросын Ерөнхийлөгчийн илгээлтийг дамжуулсан байна. Энэ үеэр БНАСАУ-ын удирдагч ОХУ-д айлчлахад бэлэн гэдгээ нотолжээ.