Шинэ үеийн түүхэн дэх хамгийн хүнд үеүдийн нэгийг туулж буй, Их Британийн эрх баригч Консерватив намын бага хурал тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй үг хэлснээр өндөрлөв. Лейборист намын удирдагч Жереми Корбины эсрэг үг хэлэхдээ түүнийг Москвад хэт ойртож, үндэсний болон олон улсын аюулгүй байдалд аюул учруулж байна гэж Тереза Мэй мэдэгджээ.
Ингэхдээ тэрбээр тагнуулч асан Сергей Скрипаль, түүний охин Юлия нар хордсон явдлыг сөхсөн гэнэ. Харин Консерватив намынхныг хоёр хуваагдахад хүргэсэн сэдэв болох брекситийн асуудал түүний хэлсэн үгийн гол хэсгийг эзэлжээ. Европын холбоотой харилцах тогтолцооны олон элементийг хадгалж үлдэхээр тусгасан төлөвлөгөө нь хамгийн шилдэг хувилбар болохыг Ерөнхий сайд нэг намынхандаа итгүүлэхийг оролджээ.
“БИДНИЙ ИРЭЭДҮЙ БИДНИЙ ГАРТ”
Тереза Мэй ABBA хамтлагийн “Dancing queen” дуун дор тайзнаа бүжиглэн гарчээ. Үүнийг нь хуралд оролцогчид талархан хүлээн авсны сацуу үг хэлэх үеэрээ тэрбээр хэд хэдэн удаа хошигнолоо. Ийм чухал ач холбогдолтой бөгөөд цугласан олны сэтгэлийг хөдөлгөсөн үгийг тэрбээр Ерөнхий сайдын хувиар тийм ч олон хэлээгүй байх. Түүний хэлсэн үгийн гол уриа нь “Бидний ирээдүй бидний гарт” гэсэн үг байлаа.
Тэрбээр юуны түрүүнд Консерватив намынхандаа хандаж, “Бид нийт британичуудын нам байх ёстой” гэв. Аюулгүй байдал, эрх чөлөө, боломж гэсэн гурван үгийг Т.Мэй чухалд тооцов. “Хэрэв бид аюулгүй байвал эрх чөлөөтэй болж, улмаар бидэнд боломж нээгдэнэ” гэсэн тайлбарыг тэрбээр өгчээ.
...“Бүх нийтийн санал хураалт амжилт олсноор Их Британи 100 хувь бие дааж, Европын шүүх, санхүүгийн хяналт, гаалийн холбоо, нэгдсэн зах зээлээс гарна хэмээн Брекситийг дэмжсэн хүмүүс, тэдний дотор би найдаж байлаа...
Үүний дараа тэрбээр олон сэдэв хөндсөний дотор, тухайлбал, хорт хавдартай тэмцэх шинэ стратегиа зарлаж, химийн зэвсэг хэрэглэхийг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор тэрбээр Сирийн тухай, хуучин ЗХУ-ын тагнуулч асан Сергей Скрипаль, түүний охин Юлия нар Солсбери хотод хордсоныг дурдав. Үүний дараа Ерөнхий сайд лейбористуудын удирдагч Жереми Корбиныг шүүмжилж, түүнийг Москваг дэмжсэнд буруушаажээ.
Тодруулбал, нэгдүгээрт, парламентын түүнээс бусад бүх гишүүн Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авахад Засгийн газрын бэлтгэсэн арга хэмжээг дэмжжээ. Хоёрдугаарт, НАТО хүчтэй байгаа нь Оросыг өдөөж байгаа тухай өрсөлдөгч нь хэлснийг Т.Мэй тэмдэглэв.
Гуравдугаарт, ОХУ хориг тавих эрх эдэлдэг, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зөвшөөрөлгуравдагч улсын хэрэгт хөндлөнгөөс оролцох боломжтой гэдэгт лейбористуудын тэргүүн итгэлтэй байгаа нь Ерөнхий сайдад таалагдаагүй гэнэ. “Бид ухамсраараа Кремльд хүрч чадахгүй байна” гэж Тереза Мэй хэлэхэд хуралд оролцогчид алга ташин баяр хүргэжээ.
“ХЭЛЭЛЦЭЭНИЙ ХАМГИЙН ХҮНД ҮЕ”
Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйгийн хэлсэн үгийн брекситийн хэсэг хуралд оролцогчдын анхаарлыг хамгийн их татжээ. Гарах болзлын тухай Европын холбоотой хийсэн хэлэлцээнээс үүдэлтэй намын хямрал үнэн хэрэгтээ бага хурлын гол сэдэв болж. “Нэгдмэл байх хэрэгтэйн нэг учир нь бид хэлэлцээний хамгийн хүнд үе рүүгээ орж байгаад оршиж байна. Манай улсын эрх ашгийн төлөө л би ажиллана.
Юуны түрүүнд бүх нийтийн санал хураалтын дүнг хүндэтгэх хэрэгтэй. Хоёрдугаарт, Европын холбооноос гарсныхаа дараа бид холбоотнуудтайгаа аюулгүй байдал, худалдааны салбарт сайн харилцаа тогтоох хэрэгтэй” гэж тэрбээр мэдэгджээ. Сайн харилцаа гэж юу болох талаар Консерватив намынханд нэгдмэл байр суурь байхгүй буйд асуудал оршиж байна.
Дашрамд сануулахад, Их Британи ирэх оны гуравдугаар сарын 29-нд Европын холбооноос гарах ёстой. Ирэх сарын дотор Лондон гарах болзлоо тус холбоотой зөвшилцөх учиртай. Т.Мэйгийн Засгийн газар өнгөрсөн долдугаар сард төлөвлөгөөгөө танилцуулсан.
Түүнд нэг талаас Европын холбооны иргэдийг Их Британид чөлөөтэй аж төрж, ажиллахыг хориглосон, нөгөө талаас тус холбооноос гарсныхаа дараа ч Европ дахь түншүүдтэйгээ хамтын ажиллагааны системийн олон элементээ хэвээр үлдээх, тухайлбал, Европын нэгдсэн зах зээл дэх Их Британийн оролцоог хэвээр хадгалахаар тусгажээ.
Ийн болгоомжилсон нь тохиолдлын хэрэг биш аж. Их Британийн иргэдийн олонх нь Европын холбооны гишүүн хэвээр байхыг хүсэж байхад, томоохон хэд хэдэн эдийн засагч “салах” асуудал хатуухан шийдэгдсэн тохиолдолд тус улсын эдийн засагт хүнд тусна хэмээн таамаглаж буй. Тухайлбал, Их Британийн “Европын шинэчлэлийн төв” судалгааны хүрээлэнгийн тооцоолсноор хэрэв Европын холбооны гишүүн хэвээр байхын төлөө британичууд саналаа өгсөн бол энэ оны хоёрдугаар улиралд тус улсын ДНБ-ий хэмжээ 2.5 хувиар буурах байсан гэнэ.
Намын бага хурлын үеэр үг хэлэхдээ Тереза Мэй зөвхөн Их Британийн эрх ашгийн төлөө ажиллаж, Европын холбооноос хүндэтгэлтэй хандахыг шаардаж, тэрчлэн Брюссельтэй хэлэлцээр байгуулахгүйгээр Европын холбооноос гарахаас айхгүй байхыг цугласан олонд ятгахыг оролджээ.
“Гэхдээ шударга байх хэрэгтэй. Хэлэлцээргүйгээр гарах нь тариф тогтоож, хил дээр нарийн шалгуур дамжих гээд Их Британид ч, Европын холбоонд ч сайнаар нөлөөлөхгүй” гэж Т.Мэй хэлсэн. Брекситийн асуудлаар бүх нийтийн санал хураалт дахин явуулахыг тэрбээр үгүйсгэсэн байна.
Тэгэхдээ тэрбээр хуралд оролцогчдыг янз бүрээр өдөөхийг оролдож байв. “Их Британид бид илүү гэрэлт ирээдүйг бий болгоно. Сайн сайхан ирээдүй биднийг хүлээж буй гэдэгт итгэлтэй байна. Амжилт олоход шаардлагатай бүхэн бидэнд бий” гэж Т.Мэй хэлжээ.
Улс орноо чөлөөт худалдаагаар дэлхийд тэргүүлэгч болгохоо Их Британийн Ерөнхий сайд амлаад, англи хэл урьд өмнө байгаагүйгээр тархаж, тус улсын зөөлөн хүч амжилт олж буйг дурдан, шинжлэх ухаанд дэвшилт гаргаж байгаагаа тэмдэглэжээ. АНУ-ыг тооцохгүйгээр Их Британи улам олон Нобелийн шагналтантай болж байгаа гэнэ.
Тереза Мэй хэлсэн үгээ Их Британийн “Electric light orchestra” рок хамтлагийн “Mr. Blue sky” дуугаар дуусгажээ. “Тэнгэрт нар гэрэлтэж, бас нэг ч үүлгүй байна. Бороо орох ямар ч шинж алга. Өнөөдөр бүгд наадаж, энэ шинэ сайхан ямар өдөр болохыг чи хараахан мэдэхгүй байна” гэх дуу хурлын танхимаар нэг эгшиглэжээ.
ХОЁР ТАЛЫН ДУРГҮЙЦЭЛ
Хурлын уур амьсгал тийм ч сайн байгаагүй аж. Консерватив намынхны үлэмж хэсэг нь Тереза Мэйгийн брекситийн талаарх байр суурийг эрс эсэргүүцэж байв. Энд сануулахад, Европын холбоонд бууж өгөхийг эсэргүүцэн урьд нь тус намын гишүүд, тухайлбал, Гадаад хэргийн сайд Борис Жонсон, Брекситийн хэрэг эрхэлсэн сайд Дэвид Дэвис нар Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарсан билээ.
Тэд Европын холбоо, Канадын хооронд байгуулсан шиг гэрээтэй болохыг шаарддаг аж. Тодруулбал, Лондонд дотоод болон худалдааны бодлогын талаар шийдвэр гаргах эрх чөлөө олгох, ажиллах хүчин чөлөөтэй шилжихийг зогсоохыг тэд хүсдэг.
“Бүх нийтийн санал хураалт амжилт олсноор Их Британи 100 хувь бие дааж, Европын шүүх, санхүүгийн хяналт, гаалийн холбоо, нэгдсэн зах зээлээс гарна хэмээн Брекситийг дэмжсэн хүмүүс, тэдний дотор би найдаж байлаа. Гэтэл өнгөрсөн долдугаар сард гаргасан төлөвлөгөөнөөс үзвэл Их Британи Европын гол байгууллагуудын нөлөөнд хэвээр үлдэх нь” гэж тус улсын консерватив судалгааны “BOW group” төвийн тэргүүн Бен Хэррис-Кинни мэдэгджээ.
Их Британийн эдийн засгийн хувьд брекситээс гараад алдах зүйл үгүй, эдийн засгийн өсөлтийн ерөнхий үзүүлэлтүүдэд анхаарлаа зөв хандуулах хэрэгтэй гэв. “Бага хурлын хүрээнд бид намын 700 гаруй гишүүнийг нэгтгэсэн хурал хийлээ. Үүнд оролцогчид уг төлөвлөгөөг, намын удирдлагыг эрс эсэргүүцэж, солих хүсэлтэй байсан” гэж Бен Хэррис-Кинни нэмж хэлжээ.
Дашрамд тэмдэглэхэд, Их Британийн Засгийн газрын төлөвлөгөө Европын Холбоонд таалагдаагүй. Өнгөрсөн сарын 20-нд Австрийн Зальцбург хотод Европын удирдагчид албан ёсны бус дээд хэмжээний уулзалт хийхдээ уг санаачилгыг няцааж, уг баримт бичигт заасанчлан Европын холбооны хагас гишүүн байхыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн. Дараагийн удаа энэ сарын 18-нд тус холбооны гишүүн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтаар уг асуудлыг дахин хэлэлцэх аж.