Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-ыг тойрсон дахиад нэг дуулиан дэгдлээ. Тус газрын харьяа харуул хамгаалалт өндөртэй, цэргийн анги гэж хэлж болох салбараас өнгөрсөн наймдугаар сард 60 гаруй кг мөнгөн ус хулгайд алдагдсан байна. БОАЖЯ-ны харьяанд байсан, одоогоос хоёр жилийн өмнө ОБЕГ-т шилжүүлсэн, тус газрын Аврах тусгай ангийн хашаанд байрлах агуулахад уг нь 120 гаруй кг мөнгөн ус хадгалагдаж байдгийн тал нь алга болсон гэдгийг Сонгинохайрхан дүүргийн цагдаа, прокурорын байгууллагын эх сурвалжууд хэлж буй юм.
Энэ талаар тэднээс тодруулахад “Өнгөрсөн наймдугаар сарын 20-доор ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн агуулахаас их хэмжээний мөнгөн ус алга болсныг шалгаж байна. Хэрэг гарснаас хойш 2-3 хоногийн дараа мэдсэн. Тухайн үед хаалга үүд нь бүрэн бүтэн, цоож нь ч гэмтээгүй байсан. Ганцхан өөрчлөгдсөн зүйл нь лацны дугаар, тэмдэглэгээ юм билээ. Тэнд байгаа мөнгөн усны ихэнхийг цагдаагийн байгууллагад шалгаж буй эрүүгийн хэргийн эд мөрийн баримтаар хураасан. Шүүх, прокурорын шатанд хэрэг нь очоогүй байхад ийм явдал болсон” гэсэн юм.
Тухайн үед тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагаас агуулахад тооллого хийж 60 гаруй кг мөнгөн ус алга болсныг тогтоожээ. Гурван харуулынх нь нэг лацны дугаар өөрчлөгдсөнийг мэдэж хууль сахиулах байгууллагынханд хандсан бөгөөд нөгөө хоёр нь юу ч мэдээгүй хэмээж буй гэнэ. Үүнээс үзэхэд зохион байгуулалттайгаар 60 гаруй кг мөнгөн усыг авч гарсан бололтой. Тэр хэмжээний мөнгөн усыг хэн нэгэн хүн ганцаараа өргөөд явчихгүй нь ойлгомжтой. Мөнгөн ус хэмээх химийн хорт бодисыг манай улсын хилээр оруулж ирэх, үйлдвэрлэлд ашиглахыг хориглосон ч гар аргаар алт олборлогч нинжа нар хэрэглэсээр буй юм. Тэдэнд мөнгөн ус нийлүүлдэг сүлжээ ч байдгийг хүмүүс ярьдаг. Тийм хүмүүстэй холбогдсон ОБЕГ-ын албан тушаалтнууд энэ хэргийг өдүүлсэн байх магадлалтай гэх хардлага байна.
Бэлтгэсэн: Г.Равжаа