Өнөөдөр олон улсын багш нарын баярын өдөр тохиож байна. Харин багш нарын баяраар АТГ-аас нэгэн онцгой бэлэг барьжээ. Тэр нь улсын тэргүүний сургуулийн захирал цагдан хорьсон явдал. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн I сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг өчигдөр орой АТГ-ынхан баривчлан хойшлуулшгүй ажиллагаа явуулж цагдан хорьжээ. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр түүнийг бусдаас хахууль авч байх үйлдэл дээр нь саатуулсан аж. Тус сургуульд нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэхдээ, мөн дунд ангид өөр сургуулиас хүүхэд шилжүүлэн авахдаа бусдаас хахууль авдаг байсан гэх үндэслэлээр түүнд Эрүүгийн хуулийн 22.1-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэнэ. Мөн хахууль өгсөн хүнийг нь ч хамт баривчлан цагдан хорьсон байна.
Эцэг эхчүүд хүүхдээ хамран сургах тойрог нь биш атал ихэвчлэн I, 23, Монгол-Оросын хамтарсан III гэх зэрэг сургалтын чанар сайтай гэж үздэг сургуульд оруулахыг хичээж, үүнд нь дөрөөлөн хээл хахууль авдаг байж болзошгүй гэж иргэд үздэг. АТГ-аас өнгөрсөн сарын 25-нд мэдээлэл хийсэн. Энэ үеэр “Нийслэлийн төвийн дүүргүүдийн сургуулиудын нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийн явц байдалтай газар дээр нь танилцлаа. Төвийн дүүргүүдийн сургуульд хүүхдээ сургах эцэг, эхийн хүсэлт их байдгаас хамаараад элсэлтийн бүртгэл нь хамран сургах тойргийн маргаан болон бусад гомдол, мэдээлэл ихтэй байсан.
Тухайн сургуулийн хамран сурах тойрогт харьяалагдах өрхийн бүртгэл дээр хаягийн шилжилт хийлгэх бизнес хүртэл дэлгэрсэн байна. Мөн зарим сургуулиудад дээд шатны байгууллагын цохолттой хүүхэд элсүүлэх үзэгдэл байна. Жишээ нь улсын тэргүүний I сургууль энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн 40-60 хүүхэдтэй зургаан бүлэг хичээллэхээс БСШУСЯ-наас тухайн хүүхдийг элсүүлэх цохолттой ирсэн 41 хүүхдийг авсан байсан. Мөн I сургуулийн хамран сургах тойргийн хаягийн бүртгэл дээр 2017 оны хагас жилээс хойш шилжиж ирсэн, хүүхэд дангаараа, эсхүл ээжтэйгээ шилжиж очсон, оршин суудаг гэдгээ нотолж чадахгүй зэрэг асуудалтай 58 хүн байна. Бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн шалгана” хэмээсэн билээ. Үргэлжилсэн шалгалтын үр дүнд улсын тэргүүний I сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг хахууль авч байх үйлдлийг нь баримтжуулан баривчилсан аж.
АТГ өнгөрсөн оноос яам, агентлаг, нийслэл, дүүрэг, аймаг, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд гээд төрийн бүх байгууллагыг шалгаж эхэлсэн. Шалгалтын үеэр олон зөрчил илрүүлж, зарим зөрчлийг нарийвчлан шалгахаар Мөрдөн шалгах хэлтэс, Гүйцэтгэх ажлын хэлтэстээ шилжүүлсэн аж. Энэ дагуу эхнээсээ арга хэмжээ авч байгаа бололтой. АТГ-аас Засгийн газарт хууль хэрэгжүүлж ажиллах талаар зөвлөмж өгсөн. Зөвлөмжийнхөө биелэлтийг шаардаж энэ жил дахин шалгалт явуулсан ч биелэхгүй байгаа юм. АТГ-ын зөвлөмжийг зарим яам, агентлагийнхан үл ойшоож, хэрэгжүүлэхгүй байгаа нь энэ мэт авлигын хэрэг гарах шалтгаан болж байна.
Бэлтгэсэн: Г.Равжаа