НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганы улс төрийн ерөнхий санал шүүмжлэл өөдрөг буюу инээдээр эхэлсэн. Тодруулбал, босго даван орж ирээд л өөрийн засаг захиргааны дахин давтагдашгүй амжилтуудыг ярьсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп чуулганд оролцогч Төрийн тэргүүн, сайд нарын инээдийг хүргэсэн юм.
Үнэн хэрэгтээ, өнгөрсөн сарын 25-нд эхэлж, энэ сарын 1 хүртэл үргэлжилсэн санал шүүмжлэлүүд манай гараг өдгөө баясахтай манатай байгааг харууллаа. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш үг хэлэхдээ “Манай гараг итгэлцэл хомсдолын синдромд нэрвэгджээ” гэсэн зүйрлэл хэрэглэсэн. Түүний араас хэлсэн санал шүүмжлэлүүд түүний тавьсан онош зөв болохыг нотолсон юм.
ТРАМПЫН ТУЛГАСАН ШААРДЛАГА
АНУ-ын Ерөнхийлөгч хамгийн түрүүнд үг хэлэх байсан ч хэвлэлийнхэнтэй уулзаад хоцорчээ. Энэ нь түүний хувьд өөрийг нь хүлээж байсан удирдагчдад гадаад бодлогынхоо талаар тайлбар өгөхөөс чухал байсан аж. Тэрбээр Ерөнхий ассамблейн индрээс үг хэлэхдээ улсуудыг сайн, муугаар нь ялгажээ. Иран, БНАСАУ, Хятад, Сири, Венесуэлийг нэн даруй засаж, залруулахгүй бол ээлжит хориг арга хэмжээ авна гэдгээ тодорхой тайлбарласан. Америкийн дипломат бодлогын зэвсэглэлд өөр арга хэрэгсэл байдаггүй гэж ажиглагчид тэмдэглэжээ.
Хамгийн тэмдэглүүштэй нь, Трамп хэлсэн үгэндээ Оросыг огт дурсаагүй. Орос, Америкийн харилцааны хямрал өндөр түвшний санал шүүмжлэлийн долоо хоногийн турш хөндөгдөлгүй өнгөрөв. Үүний учрыг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео нар тусдаа уулзаагүйгээр тайлбарлажээ. Өнгөрсөн онд С.Лавров тэр үеийн Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонтой долоо хоногийн хугацаанд хоёр ч удаа уулзаж байсан юм.
...Тэрбээр өөдрөг таамаг дэвшүүлж, “НҮБ-д ирээдүй бий. Өнөөдөр бидний харж байгаагаас үзвэл тэр ирээдүй амаргүй байх бололтой” гэсэн байна. Гэхдээ түүний үзэж буйгаар хориг арга хэмжээ, сүрдүүлэг нь түр зуурын үзэгдэл бөгөөд эцсийн дүнд ширээний ард сууж, тохиролцох хэрэгтэй болно. Ингэх хамгийн тохиромжтой талбар нь НҮБ-аас өөр газар байх боломжгүй юм...
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын барьсан зоогийн үеэр Д.Трамп зочдын дунд хүндтэй байсан С.Лавровыг харагдахгүй байна гэсэн дүрийг хичээнгүйлэн эсгэсэн гэнэ. Дэлхийн тавцанд Оросын оролцоог үл ойшоох хандлага түгшүүр төрүүлнэ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн харилцан буулт хийхгүйгээр дэлхийн нэг ч асуудлыг шийдэх боломжгүй билээ. А.Гутерришийн уриалсанчлан яриа хэлэлцээ хийхгүйгээр итгэлцэл бий болохгүй.
ХЯТАД, ИРАН РУУ ШУУРГА ЭРГЭВ
Ерөнхий ассамблей чуулж байх хугацааны турш Нью-Йоркт цаг агаар муу байж, бороо цутган, сэрэмжлэхэд хүргэсэн хүчтэй салхитай байжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн даргалсан Аюулгүйн зөвлөлийн хуралдаан болсон есдүгээр сарын 26-ны өдөр шуургатай байв.
Америкийн сонгуулиудад Хятад улс хөндлөнгөөс саад болдог гэж Трамп анх удаа хэлсэн нь гэнэтийн үйл явдал болжээ. Вашингтоны мэдэгдсэнээр уг хуралдаанаар үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудал хэлэлцэх ёстой байтал тэрбээр санаатай ийн мэдэгдсэн байна. Хуралдааны сэдвээс ийн зайлсхийснээр тэрбээр өөрийг нь буруушаасан дайралтаас мултарч чаджээ.
Сөнөөгч “Су-35” нисэх онгоц, зенитийн пуужингийн “С-400” систем Москвагаас худалдаж авсных нь төлөө хориг тавьсныхаа дараа Хятадыг АНУ тийнхүү буруушаасан юм. Хятад, Америкийн харилцааны хямрал худалдааны салбарын үл ойлголцлын хүрээнээс хэдийн хальж, системийн шинжтэй болсон нь дахин нотлогджээ. Тиймээс дэлхийн томоохон эдийн засагтай хоёр орон хоорондын итгэлцэл ойрын хугацаанд сэргэхгүй бололтой.
Ерөнхий ассамблейд хэлсэн Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн дайчин үгс ч шинжээчдийн анхаарлыг татжээ. “Google earth”-ээс авсан зургаас тус улсын тагнуулчид Тегеранаас цөмийн зэвсэг болон материалтай агуулах олсныг тэрбээр мэдээлсэн юм. Иран улс цөмийн хөтөлбөрийнх нь талаар байгуулсан олон улсын хэлэлцээрийн заалтыг зөрчөөгүй гэсэн МАГАТЭ-гийн удаа дараагийн нотолгоотой түүний хэлсэн үг зөрчилдөв.
МАГАТЭ болон Иранд итгэхгүй байхыг Израил илүүд үзэж буй нь Америкийн эрх баригчдын байр суурийг дагаж буйн илрэл. Ингэж үл итгэснээс учрах эрсдэл их өндөр гэж шинжээчид үзэж байна. Учир нь НҮБ-д хэн нэгэн эд баримтын нотолгоо үзүүлж байсныг бүгд санадаг юм.
ОРОСЫН ЖОР
Санал зөрөлдөөнд бус, тодорхой санаачилгад анхаарал хандуулан үг хэлсэн цөөн хүний нэг нь ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров байв. Дарангуйлах, албадахыг бүрмөсөн архивт хийх, түүхийн хогийн цэг рүү илгээхийг тэрбээр уриалжээ. Оросын хакеруудын үйлдлүүдийн тухай үндэслэлгүй гүтгэлгэд С.Лавров Кибер гэмт хэрэгтэй тэмцэх конвенцын санаачилгаар хариу барьсан байна. Мөн БНАСАУ-ын талаарх Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр нэг санал дэвшүүлжээ. Пёньяныг хориг арга хэмжээгээр боомилох нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болоход тус болохгүй гэдэгт ОХУ итгэлтэй байна. Үүнтэй холбогдуулан Солонгос хоорондын хамтын ажиллагааны төслүүдийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээний дэглэмээс гаргах боломжийг авч үзэхийг тэрбээр уриалав.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Ерөнхий ассамблей дахь оролцоогоо дүгнэж хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр чуулганы гол асуудлыг хөндөж хэлэхдээ “Нийтээр үл итгэлцсэн эрин үед НҮБ-д ирээдүй гэж байна уу?” гэв. Тэрбээр өөдрөг таамаг дэвшүүлж, “НҮБ-д ирээдүй бий. Өнөөдөр бидний харж байгаагаас үзвэл тэр ирээдүй амаргүй байх бололтой” гэсэн байна. Гэхдээ түүний үзэж буйгаар хориг арга хэмжээ, сүрдүүлэг нь түр зуурын үзэгдэл бөгөөд эцсийн дүнд ширээний ард сууж, тохиролцох хэрэгтэй болно. Ингэх хамгийн тохиромжтой талбар нь НҮБ-аас өөр газар байх боломжгүй юм.
ЦААШИД ЯАХ ВЭ
Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд зочид буудлаасаа НҮБ-ын төв байр хүртэл алхжээ. Түгжрэл ихтэй учир төлөөлөгч бүрт автомашинаас татгалзах санал тавьж байсан билээ. Энэ хооронд сэтгүүлчдийн тавьсан асуултад тэрбээр хариулаагүй ч Ерөнхий ассамблейн индрээс Пёньяны байр суурийг маш тодорхой тайлбарлав. И Ён Хо мэдэгдэхдээ түүхэн сургамжийн үүднээс АНУ-д итгэхгүй байх цөөнгүй шалтгаан БНАСАУ-д бий. Тиймээс аюулгүй байдлын баталгаа автлаа Пёньян цөмийн зэвсэггүй болох тухай мөрөөдөхгүй байж болох гэнэ.
Тийнхүү Америк, Умард Солонгосын тохиролцооны талаарх Д.Трампын бахдалыг тэрбээр эрс няцаав. Түүний ч зөв. Бүтэн жил цөмийн туршилт хийгээгүй байхад НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хориг арга хэмжээг аажмаар сулруулах талаарх Орос, Хятадын тавьсан бүх саналыг АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хейли урьдын адил эрс няцаасаар буй. НҮБ-ын ажил улс төрийн ерөнхий санал шүүмжлэлээр дуусахгүй, харин улс төрийн шинэ улирал дөнгөж эхлэн, Төрийн тэргүүн, сайд нар Ерөнхий ассамблей, Аюулгүйн зөвлөл болон бусад хорооны өдөр тутмын ажилд байр сууриа илэрхийлсээр байна.
ДЭЭД АМЖИЛТ
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганы дарга Мария Фернанда Эспиноса Гарсес улс төрийн өндөр түвшний санал шүүмжлэл дууссаны дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэнээс үзвэл энэ удаа хамгийн урт буюу 48 минут үргэлжилсэн үгийг Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро хэлжээ. Тэгвэл хамгийн богино буюу таван минут үргэлжилсэн үгийг Литвын Ерөнхийлөгч Дали Грибаускайте хэлсэн байна. Тийнхүү Н.Мадуро өмнөх чуулганаар Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббасын тогтоосон дээд амжилтыг таван минутаар уртасгажээ.
НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газраас чуулганд оролцогчдод хэлэх үгээ 15 минутад багтаахыг зөвлөдөг нь тэр бүр хэрэгждэггүй. Урт үг хэлсэн түүхэн дээд амжилт Кубын удирдагч Фидель Кастрогийнх хэвээр байна. Тэрбээр 1960 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн индрээс дөрвөн цаг 29 минут үг хэлсэн гэнэ.