-Шоронгийн амьдралаа дуусахыг 30 жил хүлээжээ-
Африк гаралтай америк эр Энтони Рэй Хинтон үйлдээгүй гэмт хэргийн төлөө цаазаар авхуулах өдрөө хүлээн урт удаан 30 жилийг шоронд өнгөрүүлжээ. Энэ хугацаанд тэрбээр ухаан солиотой болоогүй, ертөнцийг үзэн ядаагүй. Харин шорондоо уран зохиолын клуб нээж, золгүй нөхдөө сайн сайхан руу хөтөлсөн юм.
СӨХРҮҮЛСЭН ХЭРЭГ
Америкийн өмнөд нутгийн Алабама муж улсын Бермингем хотод, тахианы шарсан далавчаараа алдартай “Mrs Winner’s” ресторанд буудалцаан болох үеэр менежер Жон Дэвидсон амиа алджээ. Тус ресторанд үл таних этгээдүүд үе үе халддаг бөгөөд Дэвидсон нэг жилийн хугацаанд амь үрэгдсэн хоёр дахь хүн болохыг цагдаагийнхан анзаарсангүй. Хэргийн газраас 38 мм-ийн калибрын гар бууны хонгионоос өөр баримт олдоогүй байна.
Гэсэн ч хэн нэгнийг баривчлах хэрэгтэй байв. Мөрдөгч нарын нэг нь уг хэргийг түргэн хаахаар шийдэж, ганц л хүн халдлага үйлдсэн гэж мэдэгджээ. Шарсан тахианы рестораны ойролцоо ээж, эсвэл эгчтэйгээ амьдардаг африк гаралтай америк залуу байв. Тэр үед ердөө 29 настай байсан Энтони Рэй Хинтоныг сэрджээ. Цагдаа нар түүний гэрт гэнэтийн нэгжлэг хийж, 38 мм-ийн калибрын гар буу хураан, байцаахаар дуудсан байна.
Уг хэргийг мөрдөгч Дуг Экер хариуцав. Дээрх ресторанд хүн амины хэрэг болохоос гурван жилийн өмнө тэрбээр хар арьст хоригдолтой хэрцгий харилцсаны учир шүүгдэж байсан нэгэн. Дуг хоригдлуудыг малд зориулсан цахилгаан буу (ухаан алдуулдаг) хэрэглэх аргаар эрүүдэн, хэргийг нь хүлээлгэдэг байжээ. Тэр үед түүнийг Тангарагтны шүүхийн цагаан арьст 12 шүүгч өмгөөлсөн байна. Тийнхүү гурван жилийн дараа тэрбээр Хинтонд цэвэр цаас өгч, хэрэгтэйгээ танилцсан гэсэн гарын үсэг зурахыг хүссэн гэнэ.
Энтони Рэй Хинтоныг 1985 оны долдугаар сарын 31-нд баривчилжээ
Сэжигтэн гарын үсэг зурахгүй гэхэд нь албаджээ. “Намайг тойрон зогссон хүмүүс аз жаргалтай, сэтгэл нь хөдөлсөн янзтай, бүгд л ямар нэг нууц мэдэж буйгаа бусадтай хуваалцахыг тэсэн ядан хүлээж байгаа мэт харагдсан. Би тэгэхэд амьдралдаа анх удаа өвдөг чичиртлээ айсан” гэж тэрбээр дурссан байна.
Мэдээжийн хэрэг, дараа нь тэр цаасан дээр хэргээ хүлээсэн хэмээн бичиж, удалгүй шүүхэд хэрэг шилжив. Боломжийн өмгөөлөгч авах мөнгө түүнд байгаагүй учир хамгийн хямдыг хөлслөхөд хүрсэн байна. Нөгөөх нь нэмэр бус, нэрмээс болж, зэвсгийн найдвартай бус шинжээч хөлслөн, шүүх хуралдааны үеэр бусдын доог тохуу болоод өнгөрчээ.
Дэвидсоныг хөнөөсөн хэргийн шүүх хуралдаанд оролцсон прокурор Боб Макгрегор нь хар арьстныг ялгаварлан гадуурхсан хэргээр хоёр ч удаа шийтгүүлж байсан нэгэн. Тангарагтны коллегиос хар арьстнуудыг халж байхад түүнийг илрүүлсэн аж. Худал хэлснийг илчилдэг багажийн “даваа”-наас Хинтон амжилттай гарсан дүгнэлтийг прокурор шүүхийн материалаас хасахаар шийджээ.
Мөн дарга нь Хинтоныг гэмт хэрэг гарах үед дэлгүүрийн агуулахад шал цэвэрлэж байсан тухай мэдэгдсэнийг тэрбээр үл ойшоож, улмаар шүүх түүнийг гэм буруутай хэмээн үзэж, цаазаар авах ял оноосон байна.
“Алабама муж улс намайг хийгээгүй хэргийн төлөө хороохыг л хүссэн. Миний үхэх, эсэх тэдэнд хамаагүй. Хамгийн гол нь миний арьсны өнгө л байсан. Шүүх хуралдааны үеэр прокурор “Баривчлах ёстой хүнээ бид баривчлаагүй байсан ч гудамжнаасаа тэдний нэгийг зайлууллаа” гэж хэлсэн. Мэдээж тэрбээр сонсогдохоор чанга хэлээгүй ч хар арьстнуудын тухай л ярьсан” хэмээн 30 жилийн дараа Хинтон шүүх танхимд болсон үйл явдлын талаар тодруулжээ.
ШОРОНД ӨНГӨРҮҮЛСЭН ӨДРҮҮД
Шоронд эхний хэдэн жилийг Хинтон хүндхэн өнгөрүүлжээ. Хэнтэй ч ярихгүй, үзэн ядалтад умбаж, “Макгрегорыг хэрхэн хороохоо өдөр, цаг тутам боддог байсан” гэж тэрбээр дурсав. Цаазаар авах ял шийтгүүлсэн хүмүүсийн жигүүр галзууруулах шахдаг байжээ.
Хоригдлууд шөнийн цагаар хашхирч, уйлж орилно. Шударга бусаар шүүгдсэн хүн шүүхийн алдаа илрэх байх гэсэн ганц горьдлого тээнэ. Түүний сайн найз Лестер Бэйли л чадах ядахаараа тусалж байсан бөгөөд түүнийг 30 жилийн хугацаанд нэг ч удаа Хинтонтой уулзуулаагүй байна.
Хэдэн жилийн дараа тэрбээр хоригдлуудтай ярьдаг болж. Тэд хүний амь хороосон, хүчирхийлсэн хэргийнхээ тухай хоолойгоо хаттал ярьж, гунигтайгаар хошигноно. Хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн хүмүүс “Цаазын ял жирийн үхдэлүүдийнх” гэдэг байсныг Хинтон дурсчээ. Үнэндээ, сайн өмгөөлөгч авах мөнгөгүй учир тэрбээр торны цаанаас өмгөөлөгчөө нэг хурлаас нөгөөгийн хооронд ялагдахыг л харахад хүрсэн байна.
Овор ихтэй, тод шар өнгөтэй цахилгаан сандлыг хоригдлууд “Шар ээж” гэнэ. Түүнтэй Хинтоны камер ойрхон тул цаазын дараа хүний махны түлэгдсэн үнэр ханхалдаг байж. 30 жилийн хугацаанд түүний камерын хажуугаар “Шар ээж”-тэй уулзахаар 54 хүн өнгөрсөн байна.
Цагийн эрхээр Хинтон аймшигт бодит байдлаас төсөөллийн ертөнцөд шилжиж сурчээ. Хэдэн жил жүжигчин Хэлли Берритэй гэрлэсэн хэмээн төсөөлж, дараа нь жүжигчин Сандра Буллокийг сонгож. Ингэхдээ тэрбээр тансаг ахуй, дээдсийн хүрээнд очдог байжээ. Их Британийн хатан хаантай ч нэг бус удаа “цайлсан” гэнэ.
БОДИТ БАЙДЛААС ЗАЙЛСХИЙСЭН НЬ
Нэг удаа золгүй нөхдөдөө зөгнөл, мөрөөдлийн ертөнцөд умбах боломж олгохоор шийджээ. Үүний тулд тэднийг уран зохиол уншуулах гэсэнд шоронгийн удирдлага эхлээд дургүйцэж байгаад, яваандаа хоригдлууд оргож, босох талаар төлөвлөхийн оронд уншиж, мэдэхэд цаг зарцуулах нь дээр болохыг ойлгосон гэнэ.
Гаднаас шинэ, дэлгүүрийн боодолтойгоо ном оруулахыг зөвшөөрдөг болж, хоригдлууд дуртай номынхоо тухай ярьдаг, ном солилцдог болжээ. Уншлагын клубийн гишүүнээр бичиг үсэг тайлагдсан, тайлагдаагүй долоон хүн элссэн байна.
Цаазаар авах ял шийтгүүлсэн хүмүүсийн олонх нь хар арьстнууд. Цөөн цагаан арьстны нэг нь Хенри Хайс. Тэрбээр 19 настай, африк гаралтай хар арьстныг үхтэл зодсоны улмаас хуулийн дээд хэмжээ авчээ. Эхлээд түүнийг Хинтон дайснаа хэмээн үздэг байснаа Хайс эцгийнхээ улмаас арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагч болсныг мэджээ.
Хайс уран зохиолын клубт элсэж, эргэлтийн нэг өдөр Хинтон болон өөр нэг хар арьстныг дуудаж, найзаа хэмээн аавдаа танилцуулсан байна. Гэвч эцэг нь “Нигер хүнийг миний ширээнд хэзээ ч бүү дууд” гэж хэлсэнд Хайс сэтгэлээр их унажээ. Үзэн ядалтдаа нүд нь сохорсон ааваасаа болж сэтгэлээр унахгүй байхыг түүнд зөвлөсөн байна. Тэрбээр алдаж, амьдралынхаа талыг шоронд өнгөрүүлээд, шударга байх гээд бүрмөсөн суужээ.
Хайсыг 1997 онд цаазалсан байна. “Цаазлуулахын өмнөх орой тэрбээр эцэг нь үргэлж худал хэлдэг байсан, одоо хайр гэж юу байдгийг мэддэг болсноо ярьсан” гэж Хинтон дурсав.
Клубийн гишүүдээс ганц Хинтон л амьд үлдэж, бусдыгаа уран зохиол, гүн ухааны номын амтанд оруулаад, сүүлчийн замд нь үджээ.
ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ОЛОВ
Шоронд 10 жил суусны дараа Хинтоныг аз ивээв. Өмгөөлөгч Брайан Стивенсоны байгуулсан “Equal justice initiative” байгууллага түүний хэргийг анхааралдаа авлаа. Алабама муж улсын шүүх дүгнэлтийг нь няцаахааргүй, зэвсгийн мэргэжлийн гурван шинжээчийг Брайан хөлсөлжээ. Дэвидсоныг хөнөөсөн хэрэгт өөр зэвсэг хэрэглэсэн, урьд нь үйлдсэн халдлагын баллистик шинжилгээ нь Хинтон гэм буруугүй болохыг мөн нотолсон гэнэ. Эдгээр мэдээлэл түүнийг суллахад хангалттай байжээ.
Гэвч прокурор алдаа гарсан гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс эрс татгалзав. Тэрбээр нотолгоог хуурамч гээд, шүүхэд авч хэлэлцэхээс татгалзан, оронд нь баллистик шинжээчдийг гэрчээр хүлээн зөвшөөрсөн аж. Тангарагтны шүүх тэдний мэдүүлгийг сонсохоос татгалзаж, шинэ дүн шинжилгээ гарсны улмаас Хинтоны хэргийг авч хэлэлцэх хэрэгтэй, эсэхийг дүгнэх 2.5 жил хүсчээ.
Алабамагийн шүүхийн бүх шатыг дамжсаны дараа Брайан хэргийг Дээд шүүхэд хүргэсэн байна. Заргадаа тэрбээр шүүхийн шийдвэрийн эрх тэгш бус байдлыг гутамшигтай хөшөө хэмээн нэрлэв. Дээд шүүх 2015 онд Хинтоныг суллах шийдвэр гаргасныг Алабамагийн шүүх эсэргүүцэж чадаагүй аж.
Энтони Рэй Хинтон 59 настайдаа шоронгоос суллагдав
Шоронгийн үүдэнд Хинтоныг төрөл төрөгсөд нь болон сэтгүүлчид угтжээ. Тэрбээр уйлж, тэднийгээ тэврээд, “Баярлалаа, бурхан минь” гэв. Жаахан тайвширсныхаа дараа “Тэд бууг л шалгах хэрэгтэй байсан юм” хэмээн бодлогошронгуй хэлжээ. Чанартай дүн шинжилгээг цаг тухайд нь хийж чадаагүйн улмаас хүн өчнөөн жилийг шоронд өнгөрүүлэхэд хүрснийг Брайан Стивенсон нэмж хэлэв.
Хинтон гэм буруугүй болохыг нотлоогүй хэмээн Алабама муж улс нөхөн төлбөр авах гэсэн түүний шаардлагыг няцаажээ. Уг шийдвэрийг шүүхэд хэлэлцэж буй бөгөөд энэ үйл явц хэдэн жил ч үргэлжилж магадгүй.
Хинтон гэрээсээ гарах бүртээ хүний анхааралд өртөхийг хичээж, ажиглалтын камерын дор зогсож, худалдагч нартай харилцан ярьж, өдөрт гар утсаараа хэд хэдэн удаа янз бүрийн хүнтэй ярьж байна. “Утсаар миний байршлыг ажиглах боломжтой гэж надад хэлсэн. Хэрэв намайг дахин ямар нэг зүйлд буруутгавал дуудлагыг минь шалга гэж хэлнэ. Энэ л намайг шоронгоос аварна гэж найдаж байна” гэж тэрбээр өгүүлэв.