Канад, Америкийн инженер, бизнес эрхлэгч, зохион бүтээгч, хөрөнгө оруулагч Илон Рив Маск нь “Paypal”, “SpaceX”, “Tesla” компанийг үүсгэн байгуулагч, үеэлийнхээ байгуулсан “Solar city” компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн юм.
Илон хоёр дүүгийн хамт
БАГА ИЛОН
Тэрбээр 1971 оны зургадугаар сарын 28-нд ӨАБНУ-ын Претори хотод мэндэлжээ. Ээж Мэй Маск нь загвар өмсөгч, алдартай хоолзүйч. Аав Эррол Маск нь нисгэгч, далайчин, инженер, зөвлөхөөр ажилладаг байж. Тэднийх Илон, Кимбал, охин Тоска гэсэн гурван хүүхэдтэй. Эцэг, эх нь салахад хүүхдүүд аавтайгаа үлджээ.
Илон багаасаа л онцгой, их уншдаг хүүхэд байсан аж. Гурав, эсвэл дөрвөн настайдаа “Дэлхий хаанаас эхэлж, хаана дуусдаг юм бэ?” гэж асуудаг байсныг аав нь дурсдаг. Илон, Кимбал хоёр Преторийн хөвгүүдийн ахлах сургуульд сурч, Илон физик, математикийг онц дүнтэй төгсжээ. Гэхдээ сургуульд бусадтай амаргүй харилцаатай байсан бөгөөд нэг удаа нударга зөрүүлсний улмаас хамраа засуулахад хүрч байсан гэнэ.
Багаасаа ном их уншиж, Жюль Вернээс Азимов, Хайнлайн, Топкин хүртэлх зөгнөлт зохиолд дурлан байж, шилжилтийн 14 насны хямралаа давсан гэж түүний намтарт дурджээ. 10 настайдаа анхны “Commodore VIC-20” компьютероо бэлгэнд авч, 12 настайдаа анхны программ, лазерын буугаар харь гаргийнхныг бууддаг “Blastar” тоглоомоо 500 доллароор худалдсан.
ӨАБНУ-д цэрэгт татагдахаас зайлсхийхдээ Канад руу, ээж рүүгээ явжээ. Эмийн компанийн хувьцаагаа худалдаж, замын зардлаа өөрөө олсон аж. 19 настайдаа Кингстоны Хатан хааны их сургуульд элсэв. 1992 онд АНУ руу шилжиж, Пенсильваны их сургуульд элсэж, урлаг, шинжлэх ухааны коллежийн физикийн ухааны бакалавр, Бизнесийн Уортон сургуульд эдийн засгийн бакалаврын зэрэг хамгаалжээ. Дараа нь Стэнфордын сургуульд орсон ч төгсөөгүй аж.
АМЖИЛТЫН ГАРАА
Ах, дүү Маск 1996 онд анхны “Zip2” компаниа байгуулж, программ хангамж үйлдвэрлэв. Шаргуу Илон удалгүй хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, компаниа 307 сая доллароор худалдаж, хувьдаа 22 саятай буюу 27 насандаа саятан болжээ. 1999 оны гуравдугаар сард банкны төлбөрийн салбарт хувьсгал хийхээр Х.com систем байгуулж, үүнийгээ “Confinity”, “Paypal”-тай нэгтгэхийг шаардсан байна. Үүнээс маргаан гарч, Илон Захирлуудын зөвлөлөөс гарав. 2002 оны аравдугаар сард “Paypal”-ыг “eBay” 1.5 тэрбум доллароор худалдан авснаар хувьцаанаас эзэмшдэг 11.7 хувиас Илон 175 сая доллар авчээ.
“SPACE X”
2002 оны зургадугаар сард Илон гурав дахь буюу “SpaceX” компаниа байгуулжээ. Сансарт нисэх зардлыг багасгах, сансрыг, тухайлбал, Ангараг гаргийг эзэмших нь түүний зорилго байв. “СЕО SpaceX” компанийн инженер Илон Маск 2006 оны гуравдугаар сарн 24-нд “Falcon 1” зөөгч пуужин хөөргөсөн нь амжилтгүй болжээ. Тэр жил “SpaceX” компани НАСА-гийнн уралдаанд түрүүлж, “Falcon 9” зөөгч пуужин болон “Dragon” хөлөг бүтээхэд зориулж, 396 сая долларын санхүүжилт авав.
2008 оны есдүгээр сарын 28-нд “Falcon 1” зөөгч пуужин анх удаа амжилттай хөөрч, тойрог замд ашигтай ачаа гаргаж чаджээ. Улмаар олон удаа ашиглах “Falcon 9” зөөгч, “Dragon” хөлөг бүтээсэн байна. Арванхоёрдугаар сард нь НАСА Илоны компанитай 1.6 тэрбум долларын гэрээ байгуулснаас хойш сансрыг эзэмших төлөвлөгөөгөө идэвхтэй хэрэгжүүлсээр иржээ.
“TESLA”
Илон 2003 онд “Tesla motors” компаниа байгуулж, экологийн хувьд цэвэр цахилгаан машин бүтээх зорилго тавив. 2008 онд цахилгаанаар ажилладаг анхны “Tesla roadster” машинаа үйлдвэрлэсэн нь шүүмжлэлд өртөж байлаа. Гэсэн ч 2011 онд боловсронгуй болгосон “Tesla model S” загварыг танилцуулжээ. Дараа жил нь цахилгаан цэнэглэгчийн сүлжээ бий болгосноор Америкийн баруунаас зүүн эрэг хүрэхэд 76.5 цаг зарцуулж, Гиннесийн дээд амжилтын номд бүртгэгдсэн гэнэ.
2014 оны эцсээр “Tesla model X”, 2016 онд “Tesla model 3” загвараа бүтээжээ. Тэр жил компанийн хувьцаа 231.55, зах зээлийн үнэлгээ нь 29 тэрбум долларт хүрсэн байна. Шинэ загвар байрнаасаа зургаа хүрэхгүй секундын дотор хөдөлж, цагт 96 хүртэл км хурдалж чадна. Зай хураагуурын нөөц 350-400 км-т хүрэлцэнэ. Үнэ нь 35 мянган доллароос эхэлжээ. 2016 онд шинэ загвараас 373 мянган захиалга авсан байна.
“HYPERLOOP”
Сансрыг эзэмших төлөвлөгөөнөөсөө гадна 2012 онд Илон өндөр хурдны “Hyperloop” зорчигч тээврийн төслөө зарлав. Энэ нь нисэх онгоцноос хоёр, хурдны галт тэрэгнээс 3-4 дахин хурдан, аюулгүй бөгөөд нарны эрчим хүчээр ажиллахыг тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. “Hyperloop” нь Калифорнийн өндөр хурдны галт тэрэгний төсөл (Лос-Анжелесийг Сан-Францискотой холбох, барилгын ажил нь өрнөж буй замаар хуурдны галт тэрэг цагт 350 км хурдтайгаар хоёр цаг 40 минут зорчино. 2015 онд эхэлсэн барилгын ажил нь 2029 онд дуусах юм)-өөс хамаагүй хямд гэнэ.
“Hyperloop one” компанийг хамтран байгуулсан Шервин Пишевар Оросын компани хамтран ажиллана хэмээн найдаж буйгаа илэрхийлээд, тухайлбал, Хятадын барааг ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан Европ руу тээвэрлэхэд ашиглахаар төлөвлөж буйгаа дурдсан бол Москва, Лондоны чиглэлд уг технологийг нэвтрүүлж болохыг хэвлэлүүд мэдээлжээ.
Өнгөрсөн оны зун АНУ-ын эрх баригчид “Hyperloop” төслийг хэрэгжүүлэхийн тулд Нью-Йорк, Вашингтоны хооронд хонгил зам тавих зөвшөөрлийг Илон Маскад өгсөн аж. Энэ төсөл тус хоёр хот хоорондын 250 км замыг хагас цаг хүрэхгүй хугацаанд туулах боломж олгоно хэмээн тэрбэээр амласан байна.
БУЯНЫ ҮЙЛСТЭН
Илоны ирээдүйтэй төслүүдийн нэг нь “Solar city”. Цахилгаан эрчим хүч гарган авахад зориулсан нарны хавтанг тус компани үйлдвэрлэдэг. Тийм хавтанг дэлхий даяар нийлүүлэгчдийг тэргүүлэгчдийн нэг нь “Solar city”. Тэрбумтан Илон Маск буяны үйлсийг ч мартаагүй. Тэрбээр “Musk foundation” сангийн удирдах зөвлөлийн тэргүүн. 2015 оны нэгдүгээр сард тус сан хиймэл оюун ухаанд хяналт тавих судалгаанд буюу Ирээдүйн хүн төрөлхтний хүрээлэнд 10 сая доллар хандивлажээ. “Хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэхийн төлөө өрсөлдөөн дэлхийн III дайн дэгдэхэд хүргэнэ” гэж Илон бичжээ. Энэ өрсөлдөөнд Орос, Хятад болон компьютерын шинжлэх ухаан өндөр хөгжсөн бусад улс татагдаж мэдэх юм гэж тэрбээр тэмдэглэсэн. Өнгөрсөн зун Таиландын хөлбөмбөгчин хүүхдүүдийг аврах ажиллагаанд оролцон, өөрийн бүтээсэн шумбагчийг санал болгож байв.
ТАВАН ХҮҮГИЙН ААВ
Олон бизнес төсөл идэвхтэй хэрэгжүүлсэн шиг Илоны хувийн амьдрал ч “буцалжээ”. Тэрбээр анх 2000 онд их сургуульд хамт сурдаг Жастин гэдэг бүсгүйтэй гэрлэж, таван хүүтэй болжээ. Дараа нь Британийн жүжигчин Талула Райлитай гэр бүл болсон гэнэ. Тэд 2016 онд бүрмөсөн салсан аж. Мөн жүжигчин Эмбер Хердтэй гэрлэх гэж байснаа сүй тавихын өмнө түүнээс татгалзжээ.
ТЭРБУМТАН
Өнгөрсөн оны наймдугаар сард “Forbes” сэтгүүлд мэдээлснээр, “Tesla motors”, “SpaceX” компаниас болж дампуурах шахсан Илон Макс 21 тэрбум долларын хөрөнгөтэй. Технологийн салбарын тэрбумтнуудын жил тутмын жагсаалтад Илон 12 дугаарт жагсжээ. Харин дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтад тэрбээр 80-д орсон байна. 2016 оны арванхоёрдугаар сард Илон Маскийг “Forbes” сэтгүүл хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын 21 дүгээрт бичжээ.
ЖҮЖИГЧИН
Илон Маск АНУ-д их алдартай. 2010 онд тэрбээр “Төмөр хүн 2” кинонд тогложээ. Мөн 2015 оны нэгдүгээр сарын 25-нд гарсан “Симпсоныхон” хүүхэлдэйн олон ангит киноны 26 улирлын 12 үзэгдэлд дуу оруулж, “Их дэлбэрэлтийн онол” цувралын есөн улирлын есөн үзэгдэлд туслах дүр бүтээсэн байна. Өнгөрсөн онд “Яагаад тэр гэж?” инээдмийн кинонд өөрийнхөө дүрд тогложээ.
Тэрбээр нисэх онгоц жолоодож чадна. Чехословакт үйлдвэрлэсэн “Aero L-39 albatros”, тийрэлтэт “Dassault falcon 900” нисэх онгоцтой байв. 2013 оны аравдугаар сард тэрбээр дуудлага худалдаанаас 1977 оны Жеймс Бондын тухай “Надад хайртай тагнуулч” киноны “Wet Nelliе” автомашин, шумбагч хөлөг онгоцыг 997 мянган доллароор худалдаж авсан байна.
Бэлтгэсэн: З.Гал