“Скрипалийн хэрэг”-ийн түүхийг дэлхийн олон нийтэд удахгүй дахин танилцуулна. Гэхдээ Гаага болон Нью-Йоркт мэдэгдлээ хийнэ. Бидэнд халдах шалтаг хайх гэсэн Их Британийн оролдлогод эрт, эсвэл орой цэг тавина” гэж ОХУ-ын ГХЯ-ны мэдэгдэлд онцолжээ. “Их Британийн хоёр иргэнийг хордуулсан хэрэг явдлын талаар тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй парламентдаа хэлсэн үг огт хүлээн зөвшөөрч боломгүй агуулгатай байлаа.
Тэрбээр ОХУ болон манай хоёр иргэнийг хэд хэдэн хэрэгт буруушаасан. Үүнийг бид эрс няцааж байна” гэж дээрх мэдэгдэлд тэмдэглэсэн аж. Химийн зэвсгийг хориглох байгууллага болон Портон-Дуан дахь Их Британийн цэргийн лаборатори нь Солсбери болон Эймсбери хотод болсон хэргийн үеэр хэрэглэсэн бодисуудын гарал үүслийг буюу аль улсад үйлдвэрлэснийг тогтоох чадваргүй болохоо харуулсныг Оросын ГХЯ мэдэгджээ. Химийн тэдгээр бодисыг хэдэн арван жил АНУ, Их Британи, ХБНГУ, Швед, Чех, Нидерланд зэрэг олон улсад боловсруулж буй гэнэ.
Эдгээр улсад “Новичок” маягийн хордуулах бодис үйлдвэрлэдэг тухай нээлттэй эх сурвалжуудад ч мэдээлсэн байдгийг ОХУ-ын ГХЯ сануулаад, Химийн зэвсгийг хориглох байгууллагад уг асуудлыг нарийвчлан судлахыг уриалжээ.
Их Британийн Хатан хааны прокурорын алба ОХУ-ын иргэн Александр Петров, Руслан Боширов нарыг Сергей болон Юлия Скрипалийн амь насанд халдсан хэрэгт буруутгахад бэлэн буйгаа мэдэгдсэн байна. Тодруулбал, Сергей Скрипалийг хөнөөх зорилгоор хуйвалдсан, химийн зэвсэг хэрэглэсэн, тэрчлэн Их Британийн Цагдаагийн газрын ажилтан Ник Бейлигийн эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулсан гэсэн гурван хэрэгт тэднийг буруутгахаар бэлтгэж буй гэнэ.
Тус улсын Цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдэгдсэнээр Оросын энэ хоёр иргэний дээр дурдсан нэр нь жинхэнэ биш аж. Их Британийн Прокурорын алба сэжигтнүүдийг шилжүүлэн өгөхийг Москвагаас шаардахаар төлөвлөөгүй байна. “ОХУ Үндсэн хуулийнхаа дагуу иргэдээ шилжүүлэн өгөхгүй. Бусад хэргийн дагуу илгээсэн хүсэлтийн хариуд энэ тухайгаа тодорхой мэдэгдсэн. Хэрэв байдал өөрчлөгдвөл шилжүүлэн өгөх хүсэлт илгээнэ. Гэхдээ бид баривчлах зөвшөөрлийг Европын Холбооноос авсан бөгөөд тушаал үйлчлэх улсад дээр дурдсан иргэд зорчвол тэднийг баривчилна” хэмээн мэдэгдэлд дурджээ.
Их Британийн талын хувилбараар, өнгөрсөн гуравдугаар сарын 4-нд Скрипалийнхан “Новичок”-ийн төрлийн, байлдааны үед хэрэглэдэг, мэдрэл саажуулах бодист хордсон. Энэ хэрэг явдалд Оросын тал оролцсон байх магадлал өндөр хэмээн Их Британи мэдэгдэж байгаа. Оросын тал үүнийг эрс няцааж, тийм бодис үйлдвэрлэх хөтөлбөр ЗХУ-ын үед ч, ОХУ-д ч байгаагүйг цохон тэмдэглэжээ. Их Британийн Портон-Дуан дахь цэргийн химийн лабораторийн мэргэжилтнүүд Скрипалийнхны хордсон бодисын гарал үүслийг тогтоож чадаагүй билээ.