БНАСАУ-ын зэвсэглэлд цөмийн 20-60 цэнэгт хошуу бий гэж БНСУ-ын Нэгдлийн сайд Чо Мён Гён парламентдаа тавьсан хаалттай илтгэлдээ дурдсаныг YTN телевиз уламжилжээ. Тэрбээр Үндэсний тагнуулын газрынхаа мэдээллээс эш татсан гэнэ. Умард Солонгост цөмийн цэнэгт хошуу байгаа баримтыг Сөүл хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохын тулд БНСУ-ын засаг захиргаа дээд зэргийн хүчин чармайлт гаргахыг Чо Мён Гён тэмдэглэсэн байна.
Үүний сацуу тус улсын арван иргэний зургаа нь хоёр Солонгосыг нэгтгэх шаардлагатай гэж үзэж байгааг олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүн харуулав. Сөүлийн улсын их сургуулийн дэргэдэх Улс орноо нэгтгэх болон энх тайвны асуудал хариуцсан төвөөс явуулсан санал асуулгад оролцогсдын 59.8 хувь нь нэгдэхийг хүсэж буйгаа илэрхийллээ. Энэ нь Солонгос хоорондын хоёр дахь дээд хэмжээний уулзалт болсон 2007 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт. Харин санал асуулгад оролцогсдын 34.6 хувь нь хоёр Солонгосыг нэгтгэхийг эсэргүүцжээ. Тэд эдийн засгийн их хэмжээний зардал гарч, нийгмийн асуудлууд үүснэ гэв. Үүний зэрэгцээ санал асуулгад оролцогсдын тал гаруй хувь нь солонгос үндэстэн дахин нэгдэх нь Өмнөд Солонгосын нийгэмд бүхэлдээ тустай гэв. Түүнчлэн 64.4 хувь нь БНСУ-ын Засгийн газраас Умард Солонгосын талаар явуулж буй бодлогод сэтгэл хангалуун байна.