Испанийн Барселона хотод болсон эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчдын үймээний улмаас Каталон мужийн цагдаагийн 30 орчим ажилтан гэмтсэн тухай “El pais” сонин мэдээллээ. Каталоны парламент болон Барселонагийн Цагдаагийн газрын дэргэд босгосон хамгаалалтын хашлага руу жагсагчид нэвтрэхийг оролдох үеэр цагдаа нар жагсагчдын халдлагад өртсөн гэнэ.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нд Испанийн өөртөө засах эрхтэй Каталон мужийг тусгаар тогтнуулах, эсэх талаар бүх нийтийн санал асуулга явуулснаас хойш нэг жил өнгөрсөнтэй холбоотойгоор олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал, цуглаан боллоо. Уг санал асуулгыг Испанийн эрх баригчид төдийгүй тус улсын Үндсэн хуулийн шүүх хүлээн зөвшөөрөөгүй юм. Каталоны нийслэл Барселона хотод оршдог парламентын ордны дэргэд 180 мянган хүн оролцсон жагсаал болжээ. Тэд Каталоны парламент, Засгийн газрыг багтаасан дээд байгууллагын тэргүүн Ким Торра, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Микель Бучийг огцрохыг шаардаж байв.
Эсэргүүцлийн гол арга хэмжээ дууссаны дараа жагсагчид цагдаагийнхан руу лааз, шил, өндөг шидэж, төмөр хашлагуудыг нурааж, парламентын ордны хаалганууд дээр Каталоныг тусгаар улс болгохыг шаардсан зурагт хуудас наажээ. Энэ үеэр цагдаа нар резинэн бороохой, резинэн сумтай буу хэрэглэн парламентын ордны өмнөх талбайд жагсагчдыг тараахыг оролджээ. Цаг орчим үргэлжилсэн мөргөлдөөний дараа талбайд цугласан хүмүүс тарсан ч эмх замбараагүй байдал гудамжин руу шилжсэн байна.
Мөн жагсагчид хоорондоо ч сөргөлдөж, Лайетан гудамжид оршдог Цагдаагийн газрын байрны ойролцоох байдал хүндэрчээ. Энд ч жагсагчид цагдаагийнхан руу лааз, шил шидсэн гэнэ. Дараа гаргийн 22.00 цаг орчимд цагдаа нар гудамжийг чөлөөлж, хэв журам зөрчсөн жагсагчдыг саатуулсан байна.