Зун голио, царцаа, хатуу болон сарьсан далавчтан төрөл бүрийн шавж, гүрвэлээр хооллосон “эр” намар болов уу, үгүй юү, өвөл, хаврын идшээ нөөцлөх их ажилд орно. Ингээд тэр говийн чимэг болсон монгол бүйлсний үр жимсийг тааралдсан газраа булж гарна. Бүйлсний үр шиг шимтэй хоол өвөл, хаварт түүнд олддоггүй аж. Хамгийн харамсалтай нь, тэр “зооринд” хийж орхисон идэш тэжээлийнхээ ихэнхийг нь эргээд олдоггүй гэнэ. Нуусан “эрдэнэ”-ээ олох гэж өвөл хошуугаараа хөлдүү газар малтаж баахан зүдэрдэг бол хавар тийм зовлон үгүй. Булсан үр жимс нь газар гэсэх үед аяндаа ил болдог бөгөөд зарим нь мод болон ургаж, говьд монгол бүйлсний тархцыг нэмэгдүүлдэг аж. Тиймээс түүнийг судлаачид “Байгальд онцгой ач холбогдолтой нэгэн” гэж сайшаадаг юм билээ. Хэрэв тэдний хөдөлмөрийг үнэлдэг байсан сан бол Хөдөлмөрийн баатар, Байгаль орчны тэргүүний ажилтан цол тэмдгийг түүнд хамгийн түрүүнд олгох байсан нь гарцаагүй.
...Говьд тархсан дөрвөн зүйл хулан жороо нь цөм podoces хэмээх нэг төрөлд хамаардаг байв. Гэтэл Монголынх Казахстан болон Иранд байдаг хоёр зүйлээс үржлийн биологи болон экологийн хувьд хэд хэдэн шинжээрээ ялгаатай нь энэ зүйлийг enpodoces төрөлд хамруулах шалтгаан болсон...
Тэр газарт булсан бүйлсний үрээ эрж хошуугаараа газар сэндийлэхдээ янз бүрийн “юм” зурдаг учир говийнхон түүнийг “Зурхайч шувуу” хэмээн нэрийдэх болж. Угтаа тэр ямар нэг зүйл “хэлж”, бэлгэдэж бус, бусад амьтны адил биологийн үндсэн хэрэгцээгээ хангахаар тийн хөдөлмөрлөдгийг судлаачид тогтоожээ. Говийнхонд зурхайч, судлаачдад хөдөлмөрч гэдгээрээ танигдсан энэ “этгээд” бол монгол хулан жороо юм.
Шувуу судлаач нэг эрхэм саяхны нэг амралтын өдөр монгол хулан жорооны зан төрх, амьдралын онцлогийн талаар сонирхолтой зүйл ярьсныг уншиж судлан, дэлгэрүүлснээ ийн хүргэлээ. Түүнийг “Амьд ертөнц”-дөө онцлов.
Дэлхийд Иран, Казахстан, Шинжаан, Монголын гэсэн дөрвөн төрлийн хулан жороо байдаг гэнэ. Тэдгээр нь хэрээнийхэн овогт хамаардаг бөгөөд говь цөлд суурин амьдардаг, хурдан гүйдгээрээ онцлог. Бусад жигүүртэнтэй харьцуулахад хулан жорооны тухай судалгаа ховор аж. Монгол хулан жорооны хувьд ч ялгаагүй. Түүнийг олон улсад “Анхааралд өртөхөөргүй” гэж үнэлсэн ч Монголд эмзэг статустай гэдгийг Монголын шувуу хамгаалах төвийн судлаач П.Ганхуяг онцлов. Тэрбээр “Энэ зүйлийн шувуу түгээмэл юм шиг боловч тийм биш гэдэг нь судалгаагаар тогтоогдсон” гэв.
Монголын шувуу хамгаалах төвийнхөн 2016 оноос Галбын говьд хулан жорооны судалгаа, ажиглалт тогтмол хийж байна. Уржнан эл зүйлийн шувууны үржлийн биологийн судалгаа хийснийг нь Төв Ази болон Казахстаны амьтан судлалын “Selevinia” сэтгүүлд онцолжээ. Тэд “Бид судалгаандаа энэ амьтны биологийн асуудлыг хөндсөнөөс гадна ангилал зүйг нь онцолсон. Говьд тархсан дөрвөн зүйл хулан жороо нь цөм podoces хэмээх нэг төрөлд хамаардаг байв.
Гэтэл Монголынх Казахстан болон Иранд байдаг хоёр зүйлээс үржлийн биологи болон экологийн хувьд хэд хэдэн шинжээрээ ялгаатай нь энэ зүйлийг enpodoces төрөлд хамруулах шалтгаан болсон. Мөн зан төрх, ялангуяа ангаахайгаа хамгаалах, асрах үед гаргадаг дуу авиа нь өөр. Энэ мэдээллийг баримтжуулж, бусадтай нь харьцуулах судалгааг ОХУ-ын ШУА-ийн Экологи, эволюцийн хүрээлэнгийн эрдэмтэнтэй хамтран хийсэн юм. Энэ өгүүлэл, судалгааг Ираны бас нэг сэтгүүл онцолсон” гэв. Хээрийн судалгаанд шаардлагатай зарим зардлыг Байгаль орчин, уур амьсгалын сангийнхан гаргаж, Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан бас дэмжжээ.
МОНГОЛ ХУЛАН ЖОРООГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ
- Энэ шувуу нь урт, махийсан хошуутай ба магнай хэсэгт хар судалтай. Холоос харахад зулай, сүүлний үзүүр, далавчны ирмэг нь хар мэт боловч сайн анзаарвал гялалзсан гүн ногоон өнгөтэй, цагаан судалтай, нисэхэд далавчин дээрх цагаан судал нь илүү том, тод харагддаг. Биеийн урт нь ихдээ 28-30 см, харьцангуй биерхүү, элсэн шаргал бордуу өнгөтэй, хошуу хөл нь хар.
- Хүмүүс түүнийг шаазгайтай эндүүрэх нь бий. Хэрээнийхэн овгийн тэдэнд хэд хэдэн төстэй зүйл бий. Хулан жороо мод бутны оройд суун шагширдаг. Алсаас хонх шиг жингэнэн сонсогддог. Гадаад төрхийн хувьд ч төстэй. Түүнээс гадна айлд зочин ирэхэд шаазгайн адил хэл өгдөг гэнэ.
- Түүнийг тодотгодог бас нэг онцлог нь маш гүймтгий. Тэр бут дамжин хурдлан гүйдэг. Нисэх тун дургүй. Зайлшгүй тохиолдолд л далавчаа ашигладаг юм байна.
- Өвөл цас их унаж, хоол тэжээл нь хомсодсон үед айлын хаяа бараадан, өвдөл цөвдлөөр хооллох нь бий.
- Газраас 80-100 см өндөрт модны мөчир дээр тэмээ, хонины ноос зулж, дэвсэн үүр засдаг. Өндөг нь цагаан саарал өнгөтэй, бараан толботой. Ихэвчлэн 3-4 өндөг гаргадаг.
Говийнхон мод, бутыг түлшинд хэрэглэх зорилгоор их хэмжээгээр түүж, бэлтгэдгээс түүний амьдрах орчин хумигдаж, улмаар тоо толгой нь багасахад хүргэсэн гэж судлаачид үзэж байна. Монгол хулан жорооны нөөц, амьдрах орчин, тэр дундаа үүрлэдэг мод, бутнаас 90 хувь хамааралтай байдгийг П.Ганхуяг онцлов. Сүүлийн жилүүдэд Монголын, ялангуяа Галбын говьд уул уурхай, түүнээс үүдэлтэй сөрөг нөлөө ихэссэн нь энэ зүйлийн шувуунд харшилна гэж шувуу судлаачид зовнидог гэнэ. Тиймээс зурхайч шувууг хамгаалах хамгийн үр дүнтэй алхам нь түүний амьдрах орчин болсон говийн экосистем, мод, бут (ялангуяа бүйлс)-ыг унаган байдлаар нь хадгалах гэнэ.
Бэлтгэсэн: Ж.Сувд