Нийслэлийн Чингэлтэй дүүргийн XVII хорооны нутаг дахь автобусны буудлын орчимд энэ сарын 3-ны 05.00 цагт нэг хүн автомашинд дайруулж амиа алдсан хэрэг гарчээ. Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийнхэн хэргийн газарт үзлэг хийж, осол гаргаад зугтсан жолоочийг эрэн сурвалжилж эхэлсэн байна.
Өдөр нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар хариуцсан хорооныхоо нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа хийж байтал нэг иргэн “Мөнгөлөг саарал өнгийн “Хонда” машинтай хүн зам, тээврийн осол хийгээд явсан” гэх мэдээлэл өгчээ. Тэд Замын цагдаагийн хэлтсийнхнээсээ энэ талаар тодруулахад “Эзэн холбогдогч нь тодорхойгүй, ослын газраас жолооч нь зугтсан хэрэг гарсан. Машиных нь марк, дугаар тодорхойгүй байгаа” гэсэн хариу хэлжээ.
Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар тэр даруйд гэрийнх нь хаяг, машиных нь марк дугаарыг тодруулж, осол гаргаж зугтсан жолоочийг саатуулсан байна. Хэргийн холбогдогч нь өндөр настай, Д.Ж гэх хүн бөгөөд мөнгөлөг саарал өнгийн “Хонда Инспайр” маркийн 27-80 улсын дугаартай автомашин жолоодож гэр рүүгээ орох гэж яваад зам хөндлөн гарч байсан хүнийг дайрч, амийг нь хохироосон байна. Хэрэгт холбогдогч Д.Ж нь цагдаагийнханд “Үүрээр хүн шүргэх шиг л болсон. Гайгүй биз гэж бодоод хариад унтсан” гэж мэдүүлсэн гэнэ. 80 шахам настай тэр хүнд хуулийн ямар хариуцлага хүлээлгэх нь тодорхойгүй байгаа юм.
Мөрийтэй тоглогчид хашрахгүй байна
Мөрийтэй тоглож, мөнгөө алдаж байгаа залуучууд хашрахгүй байсаар. Хамгийн сүүлд уржигдар 23.00 цагийн үед мөрийтэй тоглож байсан хүмүүсийг цагдаагийнхан саатуулжээ. Баянзүрх дүүргийн XXVI хорооны нутаг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замын хойд талын орон сууцанд хэдэн залуу мөрийтэй тоглож байж. Сүхбаатар дүүргийн харьяат Л.Батбилэг гэх залуу үүнийг зохион байгуулсан хэмээн сэрдэгдэж буй бөгөөд тухайн байрнаас төмөр хайрцагтай олон тооны хасаа, хөзөр, бусад эд зүйлийг нь цагдаагийнхан хураан авчээ. Үүнээс долоо хоногийн өмнө буюу наймдугаар сарын 28-ний шөнө Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн мөрийтэй тоглож байсан хүмүүсийг баривчилсан юм. Тус дүүргийн I хорооны нутаг дахь “Жи Би таун”-ы нэг байрны зоорийн давхарт Чингэлтэй дүүргийн иргэн Х.Чулуунбаатар гэх эр автомат тоглоомын газар ажиллуулж байсныг ЭЦА-ныхан илрүүлсэн аж.
Цагдаагийнхан энэ мэтээр мөрийтэй тоглогчидтой тэмцэж, хуулийн дагуу хариуцлага тооцуулсаар байгаа. Тоглоомд донтсон залуус гэр орныхоо үнэтэй эд хөрөнгө, машин гээд мөнгө болох бүхнээ барьцаалан тоглож, алдсаар, эхнэр хүүхдээ, аав, ээжийгээ нойр, хоолгүй хонуулсаар. Их хэмжээний мөнгө эргэлдүүлж тоглож байсан залуусыг цагдаа нар баривчлахаас гадна амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс зэвсэглэн дээрэмдэж, зодсон тохиолдол ч гарч байсан билээ. Харамсалтай нь, тоглоомд донтсон залуусыг энэ бүхэн хашраадаггүй бололтой. Зөрчлийн хуулийн торгох заалт ч тэдэнд хөнгөн тусдаг гэх юм билээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа