УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд байсан С.Зоригийн амь насыг одоогоос яг 20 жилийн өмнөх энэ өдөр гэмт этгээдүүд хөнөөсөн билээ. Түүнийг бүрэлгэсэн хэргийг 18 жилийн дараа илрүүлж, гэм буруутай этгээдүүдэд нь 20 гаруй жил хорих ял шийтгээд буй.
Харин тэр гурван хүн алуурчид мөн, эсэхэд өдгөө ч ард түмэн эргэлзсээр. УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж шүүхээр ял шийтгүүлсэн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг “Жинхэнэ хэрэгтэн биш байх магадлалтай, Д.Булган ч биш гэж мэдүүлдэг” хэмээн нэг бус удаа ярилцлага өгч байсан. Дээрх гурван хүнийг захиалгаар хүний амь бүрэлгэсэн гэж ял шийтгэсэн атлаа захиалагчийг нь одоо болтол олоогүй байгаа юм.
Олныг цочирдуулсан энэ хэрэг гарснаас хойших 20 жилийн хугацаанд С.Зоригийн эхнэр Д.Булганыг гэрч, сэжигтэн, яллагдагчаар татаж, ТЕГ-т шалгасаар байна. Хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сард НПГ-аас “УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хохироосон, эрүүгийн хэргийг захиалсан, зохион байгуулсан гэх хэргийг шалгах ажиллагааны явцад шинээр цугларсан нотлох баримтуудад үндэслэн Д.Булганыг яллагдагчаар татсан” хэмээн мэдэгдсэн билээ.
Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Хэрэв тэр гурван хүн үнэхээр алуурчин мөн болох нь тогтоогдсон юм бол захиалагчаа мөрдөн байцаалтын шатанд хэлж, хэрэг нэг тийш шийдэгдэх хугацаа болсон л байлтай.
Г.Равжаа