Өмнөд Америкийн хувьд Венесуэлийн байдал хэлэлцэх гол сэдэв хэвээр байна. Венесуэлчүүд олноороо цагаачилдаг болсонтой холбоотойгоор хөрш орнууд нь шийдвэртэй арга хэмжээ авахаар хэлэлцэж эхэлж буй. Тэд Бразилын Рорайма мужийн удирдлагаас шаардаж байгаачлан хилээ хаахаас эхлээд Каракасын эсрэг Гаага дахь Олон улсын эрүүгийн шүүхэд зарга мэдүүлэхээр ярьсан.
Гэхдээ Америкийн улсуудын байгууллага (АУБ)-ын ерөнхий нарийн бичгийн дарга Луис Альмагрогийн хийсэн мэдэгдлийг Венесуэлийн удирдагч Николас Мадурог эрс шүүмжлэгчид хэт радикал гэж үзжээ. Венесуэлийн эсрэг хөндлөнгийн цэргийн оролцоог үгүйсгэх хэрэггүй хэмээн Луис Альмагро тэмдэглэв.
“Николас Маудрог түлхэн унагахын тулд цэрэг оруулахыг бид үгүйсгэх ёсгүй. Учир нь Венесуэлийн эрх баригч дэглэм хүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа нь илэрхий, хүний эрх зөрчиж, цагаачлан явахаас өөр аргагүй байдалд ортол нь хүмүүсийг зовж шаналахад хүргэж байна. Дипломат арга юуны түрүүнд байх ч өөр алхам хийхийг бид үгүйсгэх ёсгүй” гэж АУБ-ын тэргүүн хэлжээ.
Өнөөг хүртэл Венесуэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж болзошгүй тухай мэдэгдлийг ганц АНУ л хийсэн. Гэхдээ албан ёсны бус эх сурвалжаас ийм мэдээлэл гарсан. Энэ сарын эхээр “New York times” сонинд мэдээлснээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны ажилтнууд Венесуэлийн цэргийнхэнтэй нууц уулзалт хийж, Николас Мадурог түлхэн унагах боломжийг хэлэлцжээ. Сонины эх сурвалжуудын мэдээлснээр өнгөрсөн оны намар эхэлсэн уулзалт энэ онд үргэлжилсэн аж.
Өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майкл Пенс Колумбид болсон хэвлэлийн бага хурлын үеэр Вашингтон цэргийн ажиллагаа явуулах боломжийг хэлэлцэж буй, эсэх тухай асуултад шууд хариулахаас зайлсхийжээ. “Венесуэлийн талаар авах арга хэмжээний олон хувилбар бий. Гэхдээ Өмнөд Америкийн холбоотнуудтайгаа хамтран ажиллаж, байдлыг эв зүйгээр зохицуулах боломжтой гэдэгт Ерөнхийлөгч Д.Трамп урьдын адил итгэлтэй байгаа” хэмээн тэрбээр хэлсэн аж.
ГЭНЭТИЙН ХАРИУ
Венесуэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж болзошгүй тухай Л.Альмагрогийн мэдэгдэл тус бүс нутагт ширүүн маргаан өрнөхөд хүргэжээ. Каракасын холбоотнууд АУБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын байр суурийг эрс шүүмжлэв. “Венесуэлд халдах нь Өмнөд Америкт халдсан хэрэг болно” гэж Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес тэмдэглэв. Түүний үзэж буйгаар Альмагрогийн уриалга нь төрийн эргэлт хийхийн тулд Трампын бие төлөөлөгч болохоор АУБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга байхаа болихын нотолгоо болжээ.
АУБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга олон улсын эрх, энх тайван байдлын үндэс суурь болсон, мөн хамгаалах үүрэгтэй зорилго, зарчмыг зөрчлөө гэж Никарагуагийн Засгийн газар мэдэгдэв. Харин Альмагрог улиран нэр дэвшвэл Монтевидео дэмжихгүй гэж Уругвайн Ерөнхийлөгч Табаре Васкес хэлжээ.
Мадурогийн Засгийн газрын эсрэг эрс шүүмжлэлийг дэмжиж буй орнуудын удирдагчид ч АУБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хэлсэн үгийг таашаагаагүй байна. Тус бүс нутгийн 11 улс хамтарсан мэдэгдэл гаргаж, Альмагрогийн байр суурийг буруушаажээ. “Аргентин, Бразил, Чили, Коста-Рика, Гватемал, Хондурас, Мексик, Панам, Парагвай, Перу, Сент-Люси улсын Засгийн газар Венесуэлд цэргийн хүчээр халдан довтлох, эсвэл хүчирхийлэл үйлдэх, сүрдүүлэхийг санал болгосон аливаа үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэдгээ баримт бичигтээ тэмдэглэсэн байна.
Гадаадын цэргийн ажиллагаа явуулж болох талаар мэдэгдэх нь Каракаст ашигтайгаар эргэж болох юм гэж Колумбийн шинэ Ерөнхийлөгч Иван Дуке үзжээ. “Цэргийн хөндлөнгийн оролцоо нь бүрэн хэмжээний дайн дэглэхийг илтгэж буй бөгөөд дарангуйллыг зөвтгөхөд хүргэнэ. Учир нь Мадуро эрх мэдлээ бэхжүүлэхийн тулд түрэмгийлэгчийн дүр төрх бий болгохыг хэзээд эрмэлзэх болно” гэж Венесуэлийн удирдлагыг таашаадгүйгээрээ алдартай Колумбийн удирдагч хэлжээ.
ЦАГ ХУГАЦАА ӨӨРЧЛӨГДСӨН
Венесуэлд цэргийн хүч хэрэглэх санааг дэмжих талаар Өмнөд Америкийн нэг хэсгийг Трампын засаг захиргаа болон АУБ өдөөн турхирах магадлал бий юү? Хагас зууны өмнө бол энэ талаар нааштай хариу авах байсан. Гэвч тэр цагаас хойш тус бүс нутагт үлэмж өөрчлөлт гарчээ. 2000 он гарснаас хойш зүүний эргэлт гарч, Өмнөд Америкийн томоохон орнуудын засаг захиргаанд нийгмийн шударга ёс, үндэсний эрх ашигт уриалсан улс төрчид ар араасаа гарчээ. Ийм уриалгуудын олонх нь амьдралд бүрэн дүүрэн хэрэгжээгүй.
Үүний хамгийн том жишээ нь Венесуэл. Сүүлийн жилүүдэд тус улс үндэсний валютынх нь ханшийн уналт, инфляц, гол нэр, төрлийн барааны хомсдол зэрэг нийгэм, эдийн засгийн хурц хямралыг туулж буй. Зүүний үзэл санааг хөрсөндөө буулгаагүй Аргентин, Бразил, Чили, Перу зэрэг улсын үзэл суртлын зүг чиг заагч баруун руу эргэжээ. Гэсэн ч XXI зууны Өмнөд Америкийн консерватив хөдөлгөөний төлөөлөгчдийг Цагаан ордны мөрөөр мөшгүүлэх ямар ч боломжгүй.
Үндэсний ухамсар уу, эсвэл улс төрийн прагматизм бэхэжсэн үү гэдэг нь тодорхойгүй. Өмнөд Америкийн орнуудын эрх мэдлийг атгасан барууны хүчний төлөөлөгчид өрсөлдөгч зүүний хүчнийхэн жолоо атгахын тулд ямар ч алдааг ашиглахад бэлэн буйг мэдэж байгаа.
Тусгаар тогтносон улсын нутаг дэвсгэрт хууль бусаар халдан довтлохыг дэмжих нь энэ бүс нутгийн аль ч улсын Засгийн газарт оноо нэмэх нь юу л бол. Тиймээс Өмнөд Америкийн орнуудад консерваторууд буюу хуучинсаг үзэлтнүүдийн байгуулсан Засгийн газар олон нийтийн эрс эсэргүүцэлтэй тулгарахаас зайлсхийхийг эрмэлздэг. Харин Венесуэлийн холбоотнуудын хувьд Каракасын эсрэг зүүний чиглэлээр илэрхий түрэмгий хэлбэрээр давших огт боломжгүй.
АНУ-ын гадаад бодлогыг хэлбэрэлтгүй дагахыг Өмнөд Америкийн орнууд хүсдэггүй нь Дональд Трампын ааш аягтай тодорхой хэмжээгээр холбоотой. Цагаан ордны тэргүүн Бразилын Рио-Гранде голоос урагш орших бүс нутгийнхны талаар нэг бус удаа хайр найргүй, доромж үг хэлсэн. Зарим улс нь Америкийн удирдагч хууль бус цагаачдыг “амьтан”-аар нь дуудсан гэдэг. Үүнийг Трамп үгүйсгэдэг. Түүгээр зогсохгүй Цагаан ордны тэргүүний гаргасан Мексиктэй залгаа хил дээрээ хана босгох, үүний зардлыг хөрш орнуудаас гаргуулах төлөвлөгөө нь түүний тус бүс нутаг дахь нэр хүндэд муугаар нөлөөлсөн.
ҮЕЭ ӨНГӨРӨӨСӨН АРГУУД
АНУ, түүний санаа нэгтнүүд хүч хэрэглэх санаагаа ахиулахын тулд Николас Мадурогийн Засгийн газрыг түлхэн унагахад чиглэсэн алхмууд хийнэ. Юуны түрүүнд, Каракаст хориг арга хэмжээний дарамтаа чангатгана. Хуучинсаг үзэл баримтлагч улсуудын тэргүүн нар Венесуэлийн сөрөг хүчний алдартай удирдагчдыг хүлээн авч, уулзах бүртээ эрх баригч дэглэмээ өөрчлөхийг уриалсаар байх болно. Каракасын эсрэг чиглэсэн хамгийн шинэлэг санаачилгуудын нэгийг Аргентин, Чили, Перу, Парагвай, Колумби гэсэн таван улс хэлэлцжээ.
Эдгээр орон Канадтай хамтран Гаага дахь Олон улсын эрүүгийн шүүхэд хандаж, Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн үйл ажиллагааг мөрдөн шалгахыг шаардсан байна. Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд Аргентин, Перугийн удирдагчид үг хэлэхдээ энэ тухайгаа мэдэгдсэн билээ. Венесуэлд цэргийн бүрэн хэмжээний халдлага үйлдэхийн тулд үй олноор хөнөөх зэвсэг хэрэглэсэн “баримт” гэнэт илрүүлсэн гэх мэт шалтаг бодож олох хэрэгтэй болно.
Ийм шалтгийг АНУ Иракт хэдийн хэрэглэсэн. Харин одоо хэлбэрийг нь нэлээд өөрчлөхийн тулд Сирийн талаарх байр сууриа ашиглаж мэдэх юм. Хэрэв хэн нэг нь ийм шалтгийг Венесуэлийн хөрсөнд буулгасан ч зөв арга хэмжээнд тооцогдохгүй л болов уу гэж Бразил дахь ТАСС агентлагийн төлөөлөгчийн газрын удирдагч Дарья Юрьева үзэж байна.