Тагнуулынхан "Голомт" хотхонд тусгай ажиллагаа явуулсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Тагнуулын ерөнхий газраас хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
ТЕГ-ын ажилтан "ТЕГ нь Тагнуулын байгууллагын тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасны дагуу харьяаллын гэмт хэрэгтэй тэмцдэг. Энэ хүрээнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйлд заасан тагнуул хийх шинжтэй, гэмт хэргийн шинж агуулсан гадаад улсын иргэний үйл ажиллагааг зогсоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу саатуулсан. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.3 дугаарт заасны дагуу прокуророос албан ёсны зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл өгөхийг хориглосон байдаг" гэсэн товч мэдээлэл өглөө.