Афганистаны байдлыг Иран, Орос, Хятад, Энэтхэгийн төлөөлөгчид Тегеранд хэлэлцэв. Москвад Афганистаны эрх баригчид талибуудтай хийх ёстой байсан анхны хэлэлцээ цуцлагдсанаас хойш олон талын хамтын ажиллагааны механизм боловсруулах гэсэн оролдлого нь энэ уулзалт боллоо.
Терроризмтой тэмцэх, Афганистаныг “Исламын улс” бүлэглэлийн шинэ түшиц газар болохоос урьдчилан сэргийлэх арга замыг тэд хэлэлцэв. Гэвч терроризмыг ивээн тэтгэгч хэмээн АНУ зарласан Иранд болсон уулзалт нь Афганистаны байдлыг зохицуулах арга зам санал болгогч бөгөөд өөр хоорондоо өрсөлдөгч орнууд нэгдмэл юм шиг харагдсанаас өөр дүнгүй дуусжээ.
Таван улсын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн түвшинд болсон зөвлөлдөөн нь “Аюулгүй байдлын асуудлаарх бүс нутгийн яриа хэлэлцээ” бага хурлын хэлбэрээр болсон аж. Сүүлийн жилүүдэд Афганистанд 20 гаруй жил оршин тогтносон “Талибан” хөдөлгөөн төдийгүй Сирид дайн дэгдсэний дараа бий болсноо зарласан “Исламын улс” бүлэглэлийн нөлөө газар авсныг ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев үг хэлэхдээ тэмдэглэв.
“Үнэн хэрэгтээ Афганистаны нутаг дэвсгэр дэх босогчид төрийн эрх барих байгууллага, энгийн номхон иргэдийн эсрэг жинхэнэ террорист дайн хийж байна” гэж тэрбээр мэдэгдээд, энэ онд халдлагын тоо хамгийн өндөр гарч, жирийн олон мянган афган хүн амь үрэгдсэнийг онцолжээ.
Афганистаны нутаг дэвсгэрт Сири, Иракийнх шиг байдал үүсэх магадлал бодитой байна гэж Оросын тал үзэв. АНУ-ын цэргийн оролцоо олон жил үргэлжилсэн ч Афганистаны байдал эрчимтэй муудаж байгааг ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дарга сануулжээ.
Афганистанд төдийгүй Ойрхи Дорнодын бүс нутагт бүхэлд нь АНУ нааштай нөлөө үзүүлээгүйг Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Али Шамхани мэдэгдлээ. “Босогчдын байрлалыг нарийн мэдэж буй хэрнээ Америкийн нисэх онгоцууд цохилт өгдөггүй. АНУ тэргүүтэй эвсэл “Исламын улс” бүлэглэлийн эсрэг бодитой арга хэмжээ аваагүй, харин ч террористуудад ашигтай ачаа бараа нийлүүлж байсныг нотолсон баримтууд бий” гэж тэрбээр хэлсэн байна.
Талибууд, Афганистаны эрх баригчид хооронд шууд яриа хэлэлцээ хийвэл тус улсын үндэсний эвлэрлийн үйл явц түргэснэ хэмээн энэ сарын 4-нд Москвад хийхээр товлосон уулзалт тодорхойгүй хугацаагаар хойшилсон. “Талибууд амжилт олж байгаа нь Афганистаны сөрөг хүчнийг хүчээр хэлэлцээ хийлгээд нэмэргүй болохыг харууллаа” гэж Н.Патрушев мэдэгджээ.
Афганистаны эрх баригчдын хойрго байдлыг тэдний гол түнш бөгөөд Засгийн газрынх нь ивээн тэтгэгч Вашингтоны үйлдлээр тайлбарлаж болох аж. Америкийн эрх баригчид Москвад хийх гэж байсан уулзалтад оролцохоос урьд нь татгалзсан билээ.
Талибуудын ямар ч үйлдлийн ард Пакистан гэсэн заналт дайсан нь бий хэмээн үздэг Энэтхэгийн тал тэдэнтэй хэлэлцээ хийхийг дэмждэггүй. “Оролцогч бүрт Афганистаны талаар дэвшүүлэх санал бий. ОХУ энхийн хэлэлцээг, америкчууд цэргийн арга замыг илүүд үзэж байна” гэж Кабулд саяхан очсон, Алматы дахь Төв Азийн стратеги судалгааны хүрээлэнгийн захирал, Казахстаны шинжээч Анна Гусарова мэдэгдэв.