Цахим ертөнц өнөөдөр хүн бүрийн өдөр тутмын салшгүй хэрэглээ болж, түүний ачаар монголчууд ч дэлхийн соёлоос хоцрохгүй, хөл нийлүүлэн алхаж байна. Гэвч техник технологийн энэ хөгжлийг манайхан буруугаар ашиглаж бусдыг залилах явдал цөөнгүй гарах болов. Ийм нэг хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс уншигчдадаа хүргэе. Цахим орчинд гэмт хэрэг хил хязгааргүй өрнөж, садар самуун сурталчлан, хуурамч бүтээгдэхүүн, мансууруулах бодис ч борлуулах явдал гарч, бүр сүүлдээ бага насныхныг нэгэндээ гэмтэл учруулах, амиа хорлохыг ч уриалсан тохиолдол гарах болсон билээ.
ӨӨР ХҮНИЙ ЗУРАГ АШИГЛАН ХУУРАМЧ ХАЯГ НЭЭЛЭЭ
Энэ хэрэгт холбогдсон эмэгтэйг Б гэнэ. 1988 онд Баянхонгорт мэндэлсэн, нягтлан бодогч мэргэжилтэй тэрбээр нэгэн компанид мэргэжлээрээ ажиллах болов. Төрсөн нутгаасаа өөр аймагт амьдардаг тэрбээр фэйсбүүкт нэгэн бүсгүйн зургийг ашиглан “Буянбадрал Энхжин” хэмээх хаяг нээжээ. Улмаар тэр хаягаараа залуусаас мөнгө залилсан байгаа юм.
Энэ тухай хавтаст хэрэгт “Б нь 2015 оны есдүгээр сард хохирогч О-той очиж уулзан, Б.Энхжин гэдэг охинтой танилцуулна” гэж итгүүлсэн. Улмаар иргэн М-ын зургийг ашиглан дээрх хуурамч хаяг нээж, О-той харилцаж байсан нь тогтоогдсон” гэжээ. Хохирогч О “Фэйсбүүкийн мессенжерээр Б надтай танилцах санал явуулж, “Би чамайг харж байсан юм байна” гэж хэлсэн. Тухайн үед Б-тэй уулзсан. Түүний дараа есдүгээр сард “Дугаарыг чинь Энхжин гэдэг бүсгүйд өглөө” гэж хэллээ. Гэтэл удалгүй Буянбадрал Энхжин гэх хаягаас “Танилцъя” гэсэн мессеж ирсэн. Энхжин гэх нэрийн цаана Б-г байна гэж санаагүй” гэжээ. Зургийг нь Б ашиглаж хуурамч хаяг нээсэн М гэх бүсгүйг цагдаагийнхан олж гэрчийн мэдүүлэг авсан байна. Тэгэхэд “Намайг М гэдэг. Би Энхжин гэдэг
хүнийг мэдэхгүй. О-г ч танихгүй. Сүүлийн үед над руу мессенжерээр “Чамд залилууллаа” гээд хүмүүс бичээд байхаар нь би гайхаж байлаа. Зураг дээрх хүн би мөн. Энхжин гэх хүн миний зургийг фэйсбүүкээс татаж постолсон байх” гэжээ.
Ийнхүү хуурамч хаяг нээгээд хэд хэдэн хүнээс янз бүрийн арга хэрэглэж мөнгө луйвардсан байна. Тухайлбал, “АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтэст ажилладаг. Виз гаргуулахад нь туслана” гэж байсан аж. Гэрчээр мэдүүлэг өгсөн М “Би АНУ-ын ЭСЯ-ны Консулын газарт ажиллаж байгаагүй. Гэтэл “Чамд залилууллаа” гэж мессеж хүмүүс бичих болсон. Би хариуд нь хүн андуурсан байна гэдгийг хэлдэг” хэмээжээ.
...Энэ хэргийн улмаас хуурамч хаягт нь итгэн мөнгөө өгч байсан О-д 14.6 сая, түүний хүргэн ахад нь 9.8 сая төгрөгийн хохирол учирсан нь нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Б-гээс гаргуулж олгохоор болжээ...
“ХҮҮХЭД ӨВДЛӨӨ” ХЭМЭЭН ӨРӨВЧ ЗАЛУУГ МЭХЭЛЖЭЭ
“Буянбадрал Энхжин” гэх хаягаараа анх танилцсан О-гоос тэрбээр нэлээд их хэмжээний мөнгө залилж авчээ. Хамгийн анх “хүүхэд өвдөөд байна, мөнгө зээлдүүлээч” гэж хэдэн төгрөг аваад түүндээ амтшин маш их хэмжээний мөнгө мэхэлсэн аж. Энэ тухай хохирогч О “2015 оны арванхоёрдугаар сард Энхжин “хүүхэд өвдөөд байна, мөнгө зээлээч” гэсэн. Би тухайн үед РС ажиллуулдаг, мөнгөтэй байсан учраас хүүхэд нь өвдсөн юм бол мөнгө өгье гээд анх 400 000 төгрөг шилжүүлсэн юм. Энэ мөнгийг өгснөөр л бүх үйл явдал эхэлсэн. 2016 оны дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл 52-53 удаагийн гүйлгээгээр надаас мөнгө авсан. Дараа нь бас “Зээлээ төлөх гэсэн юм” хэмээгээд надаас мөнгө гаргуулсан. Эцэстээ би мөнгөө нэхэхэд ямар нэг шалтаг хэлээд өгөхгүй байсан учраас цагдаад хандсан” хэмээжээ.
О түүнд мөнгө олж тус болохын тулд ах дүү, хамаатан саднаа ч хохирооход хүргэсэн байна. Энэ тухай түүний хүргэн ах нь “О манай эхнэрийн төрсөн дүү. Надаас мөнгө асуухаар нь “танихгүй хүнд мөнгө зээлэхгүй” гэж хэлсэн юм. Гэтэл О надаас гуйсаар байгаад мөнгө авсан.
Дараа нь “Энхжин сугалаанаас “Саmгу” машин хожсон, уг машиныг ломбарданд тавьсан байгаа. Энхжин машинаа алдах гээд байна, 3.2 сая төгрөг зээлээч” гэхэд нь би “үгүй” гэсэн. Гэтэл орой нь эхнэрээр буюу эгчээрээ дамжуулан намайг ятгаж О мөнгө авсан. Түүнээс хойш О миний эхнэрээр дамжуулан мөнгө авч Б-д өгч байсан юм билээ. Сүүлдээ “мөнгө өгч чадахгүй боллоо, мөнгөнийхөө оронд машинаа өгье” гэж хэлсэн. Би тэр үед машин авахаар төлөвлөж байсан тул түүнийг нь авахаар болсон ч надад өгөөгүй. Б-ээс нийтдээ 9.8 сая төгрөг нэхэмжилж байна” гэжээ.
Харин О-гийн эгч М “Миний дүү О надад “Энхжин гэдэг хүн маш сайн, тусархаг хүн байгаа юм” гэж ойлгуулсан. Тэгээд гачигдал зовлон гараад хэцүү болсон гэхээр нь дүүгийнхээ ярьсанд итгэсэн учраас найз Энхжинд нь мөнгөний хэрэг гарсан байна гээд нөхрөө ятгаж мөнгө зээлүүлсэн юм” гэж мэдүүлсэн байна.
БАГА НАСНЫ ХОЁР ХҮҮХДЭЭ ОРХИН ТОРНЫ ЦААНА СУУВ
Б зөвхөн О-гоос 2015 оны арванхоёрдугаар сараас 2016 оны арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр бэлнээр болон хүмүүсийн ХААН банк дахь дансаар 24.4 сая төгрөг залилан авсан байгаа юм. Тэрбээр энэ талаараа “Би 2015 оны есдүгээр сард О-той танилцсан. Түүнээс хойш 2016 оны арванхоёрдугаар сар хүртэл О-той дотно найзын холбоотой байсан. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хүмүүст олон сая төгрөгийн хохирол учруулсан нь миний буруу” гэсэн байна.
Тэрбээр хэн нэгний хэрэглэдэггүй ХААН банкны картыг ашиглан залилсан мөнгөө авч байсан бололтой. Иргэн А гэх хүн гэрчийн мэдүүлэгтээ “Би ХААН банкинд гүйлгээ хийх ганц данс нээлгэж байсан юм. Гэвч түүнийгээ ашигладаггүй байсан бөгөөд өнгөрсөн оны зун картаа хайгаад олоогүй. Ингээд виза картаа 2016 оны арванхоёрдугаар сард хаалгасан. Миний данс, картыг ашиглаж хүн гүйлгээ хийж байгааг би мэдээгүй. Данс руу манай дүү хүнээр дамжуулж нэг удаа 50 000 төгрөг хийснийг иргэний үнэмлэхээрээ банкны теллерээс авч байсан. Картаа хайгаад олохгүй байсан учраас тэгсэн хэрэг. Түүнээс өөрөөр уг дансыг ашиглаж байгаагүй” гэжээ.
Ийнхүү фэйсбүүкт хуурамч хаяг нээн, хөөрхөн охины зураг тавьж бусдаас их хэмжээний мөнгө залилсан нэгэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Анхан шатны шүүхээс Б гэх хоёр хүүхдийн эх бүсгүйг 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдсөн Эрүүгийн хуулийн 17.3.1-д заасан залилах гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцжээ. Ингэхдээ цахим хэрэгсэл ашиглан, зохиомол орчин үүсгэж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эд хөрөнгө шилжүүлэн авч хохирол учруулсан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн байна.
Энэ хэргийн улмаас хуурамч хаягт нь итгэн мөнгөө өгч байсан О-д 14.6 сая, түүний хүргэн ахад нь 9.8 сая төгрөгийн хохирол учирсан нь нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Б-гээс гаргуулж олгохоор болжээ. Улмаар түүнийг эмэгтэйчүүдийн хорих ангид нэг жил найман сар хорих ял шийтгэсэн бөгөөд энэ хугацаанд есөн настай охин, нэг ойтой хүүд нь Гэр бүлийн тухай хуулийн 25.5-д заасны дагуу асран хамгаалагч томилохыг орон нутгийн Засаг даргад нь үүрэг болгосон байна.
Бэлтгэсэн: Г.Равжаа