Танихгүй хүнд итгэж, хагас нүцгэн зургаа илгээсэн охид гэмт хэргийн золиос болсон тохиолдол өнгөрсөн сард гарсан. 21 настай залуу өсвөр үеийн 300 охинтой фэйсбүүкээр танилцан, улмаар зургийг нь авч дарамталсан аж. Хүүхдэдээ тавих эцэг, эхийн хяналт сулаас цахим орчинд гардаг энэ төрлийн хэрэгт охид өртөж байгааг цагдаагийн алба хаагчид сануулсаар байгаа. Өнгөрсөн онд цахим орчинд 299 гэмт хэрэг гарчээ. Гэтэл энэ оны эхний зургаан сард 279 хэрэг бүртгэгдсэн байна.
Тиймээс ЦЕГ-аас ирэх сар хүртэл “Unfriend” хөдөлгөөн өрнүүлж эхлэв. Тодруулбал, хүүхдийнхээ цахим хуудсыг шалгаж, танихгүй хүнтэй найзалсан бол unfriend хийж найзаас нь хасуулахыг эцэг, эхчүүдэд уриалж байна. ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Д.Будзаан “Бусдад итгээд хувийн мэдээллээ өгсөн хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болж байна. Түүнчлэн амиа хорлох тухай ойлголт өгдөг цахим хуудсуудад нэгдэж, өөрийгөө гэмтээх тохиолдол гарлаа. Тиймээс бид ерөнхий боловсролын 700 гаруй сургуулийн сурагчдад сургалт зохион байгуулж, төрийн байгууллагуудад мэдээлэл хүргэж, соён гэгээрүүлэх ажил хийнэ” гэв.
Бэлтгэсэн: Ж.Лувсан-Ёндон