ОХУ-ын түүхэнд анх удаа тус улсын Тэнгисийн цэргийн болон Агаар, сансрын хүчний хамтарсан томоохон сургуулилалт Газрын дундад тэнгист болж байна. Түүнд Умард, Балт, Хар тэнгисийн флот, Каспийн шуурхай нэгтгэлийн, тэрчлэн холын, цэргийн тээврийн, тэнгисийн нисэх хүчний нисэх онгоцнуудыг оролцуулж байна.
Нийт 26 хөлөг болон шумбагч онгоц, 34 нисэх онгоцотой хийж буй сургуулилалтыг Оросын Тэнгисийн цэргийн хүчин (ТЦХ)-ий ерөнхий командлагч, адмирал Владимир Королевын удирдлага дор Зэвсэгт хүчний бэлтгэсэн төлөвлөгөөний дагуу хийж байгааг БХЯ нь тэмдэглэжээ.
Энэ сарын 1-8-нд болох уг арга хэмжээний үеэр усан онгоцтой тэмцэх, агаарын довтолгооныг эсэргүүцэх, далайн харилцаа холбоог хамгаалах, далайн дээрэмчидтэй тэмцэх, осолдсон хөлөг онгоцонд туслах даалгавар гүйцэтгэхээс гадна пуужингийн болон их бууны дадлагын буудлага хийж байна.
ЗӨВЛӨЛТИЙН ҮЕЭС ХОЙШИХ ХАМГИЙН ТОМ СУРГУУЛИЛАЛТ
ЗХУ-ын үеэс хойш энэ бүс нутагт ийм том хэмжээний сургуулилалт болоогүй. 2016 оны арваннэгдүгээр сард л ОХУ-ын Зэвсэгт хүчин Сирийн Идлиб, Хомс муж дахь босогчдын байрлалуудад цохилт өгөх томоохон ажиллагаа явуулсан билээ. Тэгэхэд ТЦХ-ий түүхэнд анх удааа байлдааны ажиллагаанд нисэх онгоц тээгч “Адмирал Кузнецов” хөлөг онгоц оролцсон.
Одоо олон улсын агаарын орон зайд 30 нисэх онгоц, тэдгээрийн дотор стратегийн пуужин тээгч “Ту-160”, усан онгоц эсэргүүцэгч “Ту-142МК”, “Ил-38” нисэх онгоц, “Су-33”, “Су-30СМ” сөнөөгч болон тэнгисийн нисэх хүчин сургуулилалтын даалгавраа гүйцэтгэж байна.
ОХУ Газар дундын тэнгис дэх ТЦХ-ээ залуурт пуужинтай хөлөг онгоцуудаар хүч нэмэгдүүлсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Өдгөө Газар дундын тэнгис дэх ОХУ-ын ТЦХ-ий бүрэлдэхүүнд хөлөг онгоц эсэргүүцэх пуужингууд болон тэнгист байрлалтай “Калибр” цогцолборын далавчит пуужин бүхий хамгийн олон хөлөг онгоц төвлөрчээ.
ТОГТООН БАРИХ ХҮЧИН ЗҮЙЛ
Умард Атлантын эвслийн албан ёсны төлөөлөгч Оана Лунгеску Газар дундын тэнгис дэх Оросын усан цэргийн цэргийн хүчин хүчирхэгжиж буйг тэмдэглэжээ. Тэрбээр твиттер хуудсаараа дамжуулан тус бүс нутгийн бүх талыг хүлээцтэй байхыг уриалсан байна.
Тэр үед ОХУ-ын БХЯ-ны албан ёсны төлөөлөгч Игорь Конашенков “Идлиб мужид химинй зэвсэг хэрэглэсэн мэтээр өдөөн хатгалга төлөвлөснийхөө дараа Сирийн Засгийн газрын хүчинд цохилт өгөхөөр Ойрхи Дорнодын бүс нутаг руу далавчит пуужин тээгчийнхээ тоог АНУ нэмэгдүүлж байна” гэж мэдээлсэн.
Энэ удаагийн цэргийн сургуулилалт нь дэлхий дахинд АНУ, түүний зургадугаарт флот энэ бүс нутгийн эзэд биш, тэднийг Оросын Газар дундын тэнгисийн эскадр сөрөн зогсохыг харуулж байна гэж ТАСС агентлагийн цэргийн тоймч Виктор Литовкин үзэж байна.
“Газар дундын тэнгис нь Европын ч, Хойд Африкийн ч олон орныг багтаасан түм түжигнэж, бум бужигнасан бүс. Энэ бүс нутагт хүчээ харуулах нь статусаа харуулсан явдал юм. Тэнд америкчууд зургадугаар флотоо байлгадаг. Өөрөөр хэлбэл, тэдний оролцоо Атлант, Энэтхэг, Номхон далай болон хамгийн алслагдсан Газар дундын тэнгист байна гэсэн үг. Гэхдээ тэдэнд нисэх онгоц тээгч хөлөг байхгүй.
Харин өөр өөр даалгавар биелүүлдэг бусад хөлөг онгоц хангалттай бий” гэж цэргийн шинжээч Леонков мэдэгдэв. Түүний үзэж буйгаар, энэ бүс нутагт Оросын хөлөг онгоцууд очсон нь Газар дундын тэнгисийн тусгай эскадртай байсан Зөвлөлтийн үе рүүгээ буцаж буйг харуулж эхлэв. Байнгын бэлтгэлтэй байж, янз бүрийн сургуулилалт хийдэг байсан тус эскадрыг 1992 оны арванхоёрдугаар сарын 31-нд тарсан аж.
ЗХУ-ын Тэнгисийн цэргийн флотын Газар дундын тэнгисийн шуурхай тавдугаар эскадр зургаан нэгтгэлээс бүрддэг байв. Тодруулбал, удирдлагын хөлөг онгоцнууд, шумбагч 6-8 хөлөг, пуужин, их бууны, усан онгоц эсэргүүцэх, десантын болон хангамжийн гээд нийт 70-80 хөлөг онгоцтой байжээ.
“Сирийн Тартус, Египетийн Порт-Саид хот дахь баазаас өөр өөрийн гэсэн баазгүй байсан нь Газар дундын тэнгист байнга байрлахад хүндрэлтэй байсан. Харин америкчууд Италийн Неапол, Сицил болон Испанид баазтай. Одоогийнх шиг сургуулилалтыг тавдугаар эскадрыг байнга хийдэг байсан. Гэхдээ стратегийн бөмбөгдөгч зэрэг нисэх хүчний дэмжлэг үргэлж авч байсангүй. Энэ нь байрлах газаргүй байсантай холбоотой” гэж В.Литовкин тайлбарлажээ.
Тэр үед шумбагч онгоц эрэх, илрүүлэх сургуулилалт хийж, агаарын довтолгоо, пуужингийн цохилтоос хамгаалах даалгавар биелүүлж байсныг Леонков тэмдэглээд “Энэ нь гадаадынхан, тэдний тагнуулчдын анхаарлыг их татдаг байсан. Харин одоо бид (оросууд) Тартуст эргэж очсон бөгөөд Улаан тэнгис, Этиоп, эсвэл Эритрей рүү буцаж очих болсон хэмээн ярьж байгаа” гэв.
“ТЕРРОРИСТУУДЫН ҮҮР”
Сирийн эрэг дэх Оросын флот хүчээ зузаатгаж байгааг цэргийн шинжээчид террорист бүлэглэлүүд Идлиб мужид химийн зэвсэг хэрэглэх замаар ээлжит өдөөн хатгалга хийхээр бэлтгэж буйтай холбон тайлбарлаж байна.
Идлиб нь хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийн хяналтад өнөө хэр байгаа Сирийн цорын ганц бүс нутаг юм. Өнгөрсөн онд тэнд мөргөлдөөнгүй бүс байгуулсан бөгөөд бууж өгөхгүй, зэвсгээ сайн дураараа хураалгахгүй гэсэн босогчид гэр бүлийн хамт түүгээр дамжин тус бүс нутгаас гарч байгаа билээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудал хариуцсан тусгай элч Стаффан де Мистурагийн мэдээлснээр, одоо Сирийн Идлиб хотод террорист “Жебхат ан-Нусра”, “Аль-Каида” бүлэглэлийн 10 мянган босогч бий гэнэ.
Тус бүс нутаг дахь “Жебхат ан-Нусра” бүлэглэлийн эсрэг ажиллагаа явуулахад Өрнөдийн орнууд саад болохгүй хэмээн найдаж буйгаа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн сард илэрхийлсэн. Дараа нь Сири дэх Дайсагнагч талуудыг эвлэрүүлэх Оросын төвийн удирдагч, хошууч-генерал Алексей Цыгановын мэдээлснээр, Идлибт хүнд зэвсэг, хуягт техниктэй хэдэн мянган босогч Хама болон Алеппо руу давшихаар төвлөрч буй гэнэ.
“Сири, тэр дундаа Идлиб хотын байдал хүндэрч болзошгүй. Террористуудын үүр болсон тус бүс нутагт тодорхой арга хэмжээ авахгүйгээр байдал дээрдэхгүй” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлжээ.
Газар дундын тэнгист ОХУ сургуулилалтаа сэргээсэн нь Идлибийн эргэн тойрны байдалтай холбоотой гэсэн асуултын хариуг Д.Песков ийн өгөв. “Тиймээс тус бүс нутагт аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авах нь зүйтэй” гэж тэрбээр хэлжээ.
Газар дундын тэнгис дэх ОХУ-ын ТЦХ-ий хүчирхэг хөлөг онгоцнууд Сирийн армиас террористуудын онцгой чухал объектуудад далавчит пуужингийн цохилт өгөхийг дэмжих чадалтай аж.