- Австралийн эрх баригч эвслийн бүрэлдэхүүнд багтдаг Либерал нам дотоод зөрчилдөөнтэй байгаа үед тус намын гишүүн Скотт Моррисон Засгийн газраа тэргүүллээ -
Австралийн Дотоод хэргийн сайд асан Питер Даттон Ерөнхий сайд асан Малколм Тернбуллд итгэл үл хүлээгэхээр санал оруулсан нь бүтэлгүйтсэний дараа нам нь дахин манлайлах асуудал хөндөгдвөл албан тушаалаасаа бууна хэмээн Тернбулл мэдэгдсэн билээ. Тэрбээр хэлсэндээ хүрч, өнгөрсөн сарын 24-нд болсон санал хураалтаас нэрээ татсан. Уг санал хураалтаар шинэ Ерөнхий сайдын нэр тодорхой болсон. Тэр нь Скотт Моррисон.
ЭЭЛТЭЙ ТӨРӨЛХ МУЖ
Скотт Моррисон 1968 оны тавдугаар сарын 13-нд Уэйверли хотын Сидней гэдэг газарт мэндэлжээ. Түүний эцэг Жон Моррисон цагдаагийн алба хаагч байсан, Уэйверли хотын даргаар ажиллаж байжээ. Ирээдүйн Ерөнхий сайд есөн настайгаасаа улс төрийн ажилд оролцож, эцгийнхээ сонгуулийн ухуулах хуудас тараадаг байжээ. Стэй оролцдог байв.
“Procter & Gamble”-д харьяалагддаг “Vicks” компани үйлдвэрлэсэн эмчилгээний тосны сурталчилгааны гол баатар нь Скотт байсан, эсэх талаар Австралийн хэвлэлийн мэдээллийн хэрэгслүүд өнөө болтол маргасаар. Сиднейн дунд сургууль дүүргэснийхээ дараа тэрбээр төрөлх мужаа орхин Шинэ өмнөд Уэльсийн их сургуульд элсчээ. Тэрбээр эдийн засгийн газар зүйн мэргэжилтэн болсон байна.
ЖУУЛЧЛАЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙН НАЙДВАР БОЛСОН НЬ
Төрийн салбарт, тэр дундаа хөрөнгө, аялал жуулчлалын салбарт бараг 10 жил ажилласан Скотт Шинэ Зеланд руу шилжин, тус улсын Аялал жуулчлал, спортын яамыг удирджээ. Тэнд “Жинхэнэ 100 хувь Шинэ Зеланд” гэдэг маркетингийн гарааг тавьсан байна.
2000 онд тэрбээр Австралид эргэн очиж, Шинэ өмнөд Уэльс муж дахь Либерал намын хэлтсийг тэргүүлжээ. Дөрвөн жилийн дараа Ерөнхий сайд Жон Ховардын либерал Засгийн газар Скотт Моррисоныг төрийн “Tourism Australia” агентлагийн захирлаар томилсон байна. Түүний санаачилсан, 180 сая австрали доллар буюу 131 сая ам.доллар зарцуулсан сурталчилгааны кампанит ажил жуулчдын тоог нэмээгүй гэнэ. Энэ ажлаасаа 2006 онд халагдсан ч 2007 онд Шинэ өмнөд Уэльс дэх сонгуулийн уламжлалт либерал Кук тойргоос сонгогдож, Австралийн парламентын гишүүн болжээ.
ХАРИУЦДАГ САЛБАРАА СОЛИВ
Либерал нам сөрөг хүчин хэвээр байсан 2008 онд Скотт Моррисон Орон сууцны барилга, орон нутгийн удирдах байгууллагуудын сүүдрийн сайдын албан тушаал хаших болов. Жилийн дараа тэрбээр Иргэн харьяатын болон цагаачлалын сүүдрийн сайдаар томилогджээ. 2013 онд Скоттын нам эрх баригч хүчин болж, сүүдрээс гарч, Иргэн харьяатын болон цагаачлалын сайд болсон байна. Далайн хилийн аюулгүй байдал, цагаач, дүрвэгсэд, тэднийг тээвэрлэсэн усан онгоц буухаас урьдчилан сэргийлэх нь түүний тэргүүлэх зорилт болсон байна.
Малколм Тернбуллийн Засгийн газрын үед Скотт Моррисон Сангийн сайд болж, тус яамыг тэргүүлж байсан Жо Хоки АНУ дахь Австралийн Элчин сайдаар томилогджээ. Скотт улсынхаа нүүрсний үйлдвэрийг идэвхтэй дэмжиж, нүүрснээс айхгүй байхыг хууль тогтоогчдод уриалж байв. Учир нь парламентын зарим гишүүн уг салбарыг байгаль орчинд хор хөнөөл учруулж байна хэмээсэн аж. Наймдугаар сарын 21-нд Малколмд итгэл үл үзүүлэх талаар санал хураалт амжилтгүй болсны дараа Питер Даттон огцорч, Скотт Дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч болсон.
ЕРӨНХИЙ САЙД СКОТТ МОРРИСОН
Либерал намын тэргүүний албан тушаалын төлөө өнгөрсөн сарын 24-нд Гадаад хэргийн сайд Жули Бишол, Дотоод хэргийн сайд асан Питер Даттон, Дотоод хэргийн сайд бөгөөд хилийн хамгаалалтын үүрэг гүйцэтгэгч Скотт Моррисон нар өрсөлдөв. Жули ердөө 11 санал авч, цааш өрсөлдөх эрхгүй болсон, хоёрдугаар шатанд Питер 40, Скотт 45 санал авчээ.
Ингээд Ерөнхий сайд болсон Скотт Моррисон улсдаа нүүрлэсэн ган гачгийн үр дагавартай тэмцэхийг тэргүүлэх зорилтоо болгоод, хугацаанаас өмнө явуулах парламентын сонгуулийг анхаарал татсан асуудлынхаа тоонд багтаагаагүй байна. “Бид таны талд” хэмээн намын удирдагчаар сонгогдсон өдрөө Скотт Моррисон австраличуудад хандаж үг хэлэхдээ мэдэгджээ.
Австралийн Либерал нам Үндэсний намтай хамтран эрх баригч эвсэл байгуулсан. Тиймээс Либерал намын удирдагчаар сонгогдсон хүн тус улсын Ерөнхий сайд болсон юм. Скотт Моррисоныг улс орноо Засгийн газрын хямралаас гаргаж, Сайд нарын танхимыг дотоод зөрчилдөөнөөс гаргана хэмээн ажиглагчид үзэж байна. Тэрбээр Австралийн улс төрийн хувьд тогтворгүй 11 жилийн хугацаанд зургаа дахь Ерөнхий сайд болж буй.
2007 оноос хойш тус улсын нэг ч Ерөнхий сайд бүрэн эрхийн хугацаагаа дуусгаагүй. Удирдлагын хямрал тус улсын санхүүгийн зах зээлд цохилт болж, бизнесийн хэд хэдэн удирдагч Засгийн газраасаа улс төрийн тодорхой байдлыг хангахыг шаардахад хүргэжээ.
ГЭРИЙН ЭЗЭН СКОТТ
Өдгөө 50 настай Скотт Моррисон гэргий Женни Уоррены хамт хоёр охиноо өсгөн, хүмүүжүүлж байна. Тэрбээр 21 настайдаа гэрлэжээ. Ижил хүйстний гэрлэлтийг эсэргүүцэж, энэ тухай ярих хичээлд хүүхдээ суулгахгүй байх эрхийг эцэг, эхчүүдэд олгосон хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг парламентаар хэлэлцүүлэхийг тэрбээр оролдож байсан гэнэ.
Бэлтгэсэн: З.Гал