Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсад Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Тус улсын одоогийн Төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацаа энэ сарын 9-нд дуусах юм. Тус улсын 13 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль парламентад нь болон дөрвөн мужийнх нь ассамблейд болов. Төрийн тэргүүний албан тушаалын төлөө эрх баригч Шударга ёсны төлөө намын Ариф Алви, Пакистаны ардын намын Аитзаз Ахман, сөрөг хүчний төлөөлөгч Фазл-ур-Рехман гэсэн гурван нэр дэвшигч өрсөлдлөө. Одоо төр түшиж буй Мамнун Хусейн нь Пакистаны исламын шашны холбоо намын гишүүн бөгөөд улиран нэрээ дэвшүүлэхээс татгалзсан аж.
Пакистаны Ерөнхийлөгчийг парламентын дээд, доод танхимын 1174, тэрчлэн дөрвөн мужийн Хууль тогтоох хурлын гишүүнээс бүрдсэн төлөөлөгч сонгогчид сонгодог. Парламентын засаглалтай тус улсын Төрийн тэргүүн бэлгэдлийн үүрэг гүйцэтгэж, Сайд нарын танхимын тэргүүнд гол эрх мэдэл төвлөрдөг аж. Ерөнхийлөгч нь шинэ сонгууль товлох, парламентыг тараах, Ерөнхий сайдыг огцруулах эрхтэй.
Гэхдээ түүний гаргасан шийдвэрт Пакистаны Дээд шүүх хориг тавьж болдог гэнэ. Түүний жинхэнэ бүрэн эрхэд Пакистаны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг удирдах үүрэг багтдаг. Мөн тэрбээр Зэвсэгт хүчний ерөнхий командлагч. Ял шийтгүүлсэн хүнд өршөөл үзүүлэх эрх түүнд бий. Ажиглагчдын таамагласнаар, Ариф Алви төлөөлөгч сонгогчдоос 338, Фазл-ур-Рехман 199, Аитзаз Ахсан 115 санал авч магадгүй.