Тусгаар улсаа хамгаална гэдэг нь зөвхөн хилийн зурвас дахь үйл ажиллагаа биш бөгөөд энэ агуу үйл хэрэгт иргэн бүрийн сонор сэрэмж, итгэл сэтгэл, ухаан хэрэгтэй. Монгол хэмээх улсын эд эс нь бид учраас тусгаар тогтнолоо хамгаалах ариун үүрэгтэй.
Өнөөдрийн Монголыг бидэнд үлдээсэн өвөг дээдэс, эх орончид маань улсынхаа хилийг хамгаалан бэхжүүлэхийн тулд хэрхэн тэмцэж, ямар баатарлаг үйлс бүтээснийг хойч үедээ таниулан, сурталчлах нь ч энэ цагийнхны үүрэг билээ.
“Өнөөдөр” нэгэн эрхэм хүмүүнийг онцлон дурсаж байна. Тэр бол Монгол Улсын гавьяат хуульч, тагнуул, цагдаагийн байгууллагын түүхийг бахархам үйлсээрээ баяжуулсан, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа С.Рэнцэнхорлоо.
1940 онд байгуулсан Монголын иргэний бүртгэлийн албаны Паспортын хэлтсийн анхны даргаар ажилласан түүнийг 1941 онд Улаанбаатар хотыг Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах төв штаб байгуулахад мөн л даргаар томилжээ. Тэр үед дэлхийн II дайн эхэлсэн, түгшүүртэй үе байлаа.
Цэргийн түүхийн ухааны доктор Н.Даваадорж өнгөрсөн зун хэвлүүлсэн “Эх орны төлөө” номдоо “...Гүйцэтгэх ажилтан С.Рэнцэнхорлоогийн шууд удирдлага доор Анши, Хами чиглэлийн төв замыг бүрэн хяналтдаа авч, сайтар халхавчилсан хорлон сүйтгэх ажиллагааг амжилттай явуулсны дүнд Гоминданы цэргийн хэд хэдэн анги, салбарыг Шинжаанд нэвтрэх замыг таслан, саатуулж, нэлээд хэмжээний зэвсэг, техник болон шатахууны агуулахыг дэлбэлэн, устгажээ” хэмээн тэмдэглэсэн байна.
1940-өөд онд улсын маань баруун хил дээр болсон тулгаралтын үеэр монгол цэргийнхэн тагнуулын хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байсан нь нэн сонирхолтой түүх юм. Нөгөөтэйгүүр ийм чухал, нууц ажиллагааг С.Рэнцэнхорлоо гүйцэтгэсэн гэхээр тэрбээр ямар тагнуулч байсан нь тодорхой. Тиймдээ ч Монгол, Орос улсын хүндэт чекист цол, тэмдгээр шагнуулсан биз ээ.
...1930-аад оны сүүлч үед Японы арми БНХАУ-ын зүүн хойд нутаг Өвөрмонголыг бүрэн эзэлж, БНМАУ-ын нутаг дэвсгэрт халдаж эхлэхэд ЗХУ-ын Улсын аюулаас хамгаалах хорооны санаачилгаар дайсны ар талд тагнан турших, алан хядах, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах тусгай бүлэг бэлтгэх шийдвэр гарч, Монголын 10 шилдэг ажилтныг Москвад тусгай сургуульд бэлтгэсэн бөгөөд тэдний нэг нь С.Рэнцэнхорлоо байжээ...
Тэрбээр 1976 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би 1918 онд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн. Аав минь Монгол Улсын харьяатай, хятад хүн байсан. Айлын гурав дахь хүү байсан болохоор түүнийг “саанз” гэж дууддаг байсан нь уйгаржин монгол бичгээр “Санж” гэж бичигдэж, ингэж дуудсаар овог минь Санж болсон түүхтэй” гэж өгүүлсэн байдаг. Түүний эцэг Го Ванши буюу Санж нь 1891 онд БНХАУ-ын Цахар мужийн Ван Чуан хушуунд төрсөн, монголчууд Манжийн засаг захиргааны мэдэлд байсан 1909 онд 18 настайдаа Монголд суурьшсан аж.
С.Рэнцэнхорлоо 1936 онд цагдан сэргийлэх газарт томилогджээ. Тэр үед шинээр байгууласан Үйлдвэр комбинатын цэрэгжүүлсэн харуулын салаан дарга Б.Дугарт тэрбээр “Орос хэлээр ойр зуурын юм ойлгож, ярина. Хятад хэлэнд харин гайгүй. Энэ бүхнийг гэрээрээ сурсан” гэж илтгэсэн гэдэг.
“Дунд зэргийн нуруутай, өтгөн хар хөмсөг, гялалзсан хар нүдтэй, сэргэлэн цовоо “шоволзсон” залуу байсан” гэж түүнийг таних хүмүүс залуу үеийнх нь төрхийг тодорхойлсон байдаг.
Тэр үеийнхээ талаар өөрөө “Сүрлэг, сайхан хувцас, хэрэгсэлтэй “сэргийлэгч цагдаа” гэдэг ажилтай хүн болно гэж сэтгэл шулуудан, хөөцөлдөж явсаар 1936 оны аравдугаар сарын 25-нд Аж үйлдвэрийн комбинатын цэрэгжүүлсэн харуулын салаанд цагдаа сэргийлэгчээр томилогдсон” гэж дурсчээ. С.Рэнцэнхорлоо тэр үед 18 настай байв.
Тэр цагаас хойш таван жил өнгөрөхөд өнөөх “шоволзсон” залуу таван удаа тушаал дэвшсэн нь хэр итгэл, зүтгэлтэй байсных нь илэрхийлэл. 1937 онд цагдаагийн байгууллагын МХЗЭ-ийн товчооны дарга, 1939 онд Цагдан сэргийлэх газрын боловсон хүчний байцаагч, 1940 оноос цагдан сэргийлэх байгууллагын МАХН-ын товчооны дарга, Иргэний бүртгэл мэдээллийн албаны Паспорт бүртгэлийн хэлтсийн дарга, дараа нь Улаанбаатарыг хотыг Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах төв штабын дарга болов. Тухайн үед С.Рэнцэнхорлоо 23 настай байж.
1930-аад оны сүүлч үед Японы арми БНХАУ-ын зүүн хойд нутаг Өвөрмонголыг бүрэн эзэлж, БНМАУ-ын нутаг дэвсгэрт халдаж эхлэхэд ЗХУ-ын Улсын аюулаас хамгаалах хорооны санаачилгаар дайсны ар талд тагнан турших, алан хядах, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах тусгай бүлэг бэлтгэх шийдвэр гарч, Монголын 10 шилдэг ажилтныг Москвад тусгай сургуульд бэлтгэсэн бөгөөд тэдний нэг нь С.Рэнцэнхорлоо байжээ.
Тэрбээр 1942 оны зургадугаар сарын 15-нд ЗХУ-ыг зорьж, 1943 онд эргэж ирсэн аж. Энэ үед маршал Х.Чойбалсангийн шийдвэрээр 25 настай С.Рэнцэнхорлоог Улсын нэгдсэн сэргийлэх газрын даргаар томилж, хошууч цол олгожээ.
Монголын цагдан сэргийлэх байгууллагын түүхэнд 25 настайдаа даргаар томилогдсон хүн С.Рэнцэнхорлоос өөр байхгүй. Тэрбээр ямаршуухан боловсон хүчин, хариуцлагатай иргэн байсан нь үүнээс илт.
1940-өөд он бол дэлхий нийтээрээ “бужигнаж”, дайн самууны хөлд нэрвэгдэн, туйлдсан үе. Үүний зэрэгцээ БНМАУ-ын тусгаар тогтнолыг улс орнууд хүлээн зөвшөөрөхгүй байв. Энэ утгаараа манай улсын баруун зүүн хил хязгаарт хилийн будилаан, тулгаралт, тулаан намжаагүй түгшүүртэй байжээ. Ийм хүнд хэцүү жилүүдэд эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг хамгаалуулахаар илгээсэн баатарлаг эрсийн нэг нь тэрбээр байсан юм.
Бүр тодруулбал, 1944 оны эхэн үед манай баруун хил хязгаарын өмнөд хэсэгт Хятадын Гоминдааны армийнхан довтолж, баруун талаас Оспаны цэргүүд орж ирэн дээрэм тонуул хийж байсан үе. Үүний улмаас хүчинд автсан нутгийн малчид Хятад, Шинжааны нутаг руу олноор нүүж байсныг таслан зогсоохоор маршал Х.Чойбалсан шийдвэр гарган, баруун захын байлдааны хээрийн арми байгуулж, шуурхай арга хэмжээ авчээ.
Байлдааны хээрийн армид дотоодын бүх цэрэг, армийн хүчнээс шилдэг тасаг бүрдүүлэн оролцуулж, 1944 оны тавдугаар сарын эхээр тусгай бүлэг ч байгуулав. Үүнд С.Рэнцэнхорлоог байлдааны инженерийн албаны сургагчаар явуулж, тагнуулын тусгай ажиллагааг хариуцуулсан байна. Тэрбээр үүргээ амжилттай гүйцэтгэсний зэрэгцээ хилийн гадна байсан 200 гаруй монгол айл өрхийг мал хуйтай эргүүлэн авчрах ажиллагаанд онцгой үүрэгтэй оролцжээ.
Байлдааны хээрийн армид үүрэг гүйцэтгэж ирээд, долоо хонож байсан С.Рэнцэнхорлоог Хятадын нутагт тусгай үүрэг гүйцэтгүүлэхээр 1944 оны арванхоёрдугаар сарын 28-нд томилж, Жанчхүүгээр хил нэвтрүүлсэн гэдэг. Үүнээс хойш таван жилийн турш буюу 1949 онд хүртэл далд фронтод үүрэг гүйцэтгэж, тагнуулч, отрядын штабын дарга, ДЯЯ-ны Хөлөнбуйр, Хайлаар, Манжуурын асуудал хариуцсан тусгай хэлтсийн даргаар ажиллажээ.
Үүний дараа Улсын цагдан сэргийлэх ерөнхий газар (УЦСЕГ)-ын нийгмийн хэв журам сахиулах ажил эрхэлсэн орлогч дарга, 1950 онд УЦСЕГ-ын дарга, 1956 онд УЦСЕГ-ын орлогч дарга, 1960 онд тус байгууллагын орлогч бөгөөд Улаанбаатар хотын цагдан сэргийлэхийн даргаар томилогдон ажилласан тэрбээр 1973-2002 онд Монголын цагдаагийн байгууллагын Ахмадын холбооны дарга, орлогч тэргүүлэгчээр ажиллаж, 84 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм.
Тэрбээр цагдаагийн ажилтнуудыг сургах, дадлагажуулах, хүчээ зөв хуваарилан ажиллуулахад их анхаардаг байсан гэдэг. Дээр дурдсан түүхээс харахад С.Рэнцэнхорлоо хэмээх хүн дандаа өгсөж, өөдөлж байсан мэт ойлгогдоно. Үнэндээ тэрбээр амьдралын гашууныг ч амссан нэгэн. Түүнийг хятад гаралтай гэж зохих албан тушаал, цол, гавьяа, шагналыг нь олгоогүй олон тохиолдол бий.
1953 онд түүнийг шийтгэсэн байдаг. ДЯЯ-ны сайд, дэслэгч генерал Жанчивын 1953 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн тушаалд “УЦСГ-ын дарга, хурандаа С.Рэнцэнхорлоог шийтгэх тухай. Цагдан сэргийлэх хэлтсийн гүйцэтгэх хэлтсийн төлөөлөгч Дорж бусдыг хамаа бус торгож мөнгийг ашигласан, Хэнтийн ЦСА-ийн төлөөлөгч Самбуу өөрийн эх, хүү хоёрыг буудаж алаад, дараа нь өөрийгөө егүүтгэсэн, Дорноговийн ЦСА-ийн төлөөлөгч Самбуудорж маш нууц бичиг баримт гээгдүүлсэн гэх мэт ноцтой хэрэг зөрчлийн учир Н.Рэнцэнхорлоог хатуу донгодож шийтгэсүгэй” гэсэн байна. Ийнхүү шийтгүүлэх болсныг нь сонссон цагдаагийн нэгэн ажилтан “...Донгодно гэж яахыг хэлдэг юм бэ. Донгодуулсан хүн ямар болдог юм” гэж “гайхан” асуугаад буруудаж, өөрөө донгодуулахдаа тулсан гэдэг.
С.Рэнцэнхорлоогийн хувийн амьдрал ч сонирхолтой. Түүний гэргий Д.Цэрэндуламыг Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж, Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг үндэслэгч Д.Пагмадулам нарын ганц охин гэдгийг хүмүүс нэлээд хожим мэджээ. С.Рэнцэнхорлоогийнх 10 хүүхэдтэй бөгөөд бүгд эх орондоо хэрэгтэй иргэн болж төлөвшсөн нь эцэг, эхийнх нь хүмүүжлийн нөлөө байсан нь лавтай.
Бэлтгэсэн: Э.Хана