ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ
Өнгөрсөн 4-6 дугаар сард Энэтхэг улсын эдийн засаг 8.2 хувиар өссөнийг баасан гарагт олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжууллаа. Энэ нь тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2016 онд 500, 1000 рупигийн мөнгөн дэвсгэртийг зах зээлээс татах шийдвэр гаргаснаас хойш буюу сүүлийн хоёр жилийн хугацаан дахь хамгийн өндөр өсөлт болсныг (нэг улиралд) “Financial times” уламжиллаа.
Өөрөөр хэлбэл, 2016, 2017 онд шоконд орсон Энэтхэгийн эдийн засаг сэргэж байна хэмээн шинжээчид тэмдэглэж буйг дурджээ. Дэлхийн томоохон эдийн засагтай улсын жагсаалтад дээгүүр эрэмбэлэгддэг тус орны дээрх үзүүлэлтэд аж үйлдвэрийн өсөлт (13.5 хувь) болон барилгын салбар нь ихээхэн дэм болсон байна. Өнгөрсөн оны хоёрдугаар улиралд Энэтхэгийн ДНБ 5.5 хувиар тэлж байсныг BBC дурдсан бол энэ оны нэгдүгээр улиралд Энэтхэгийн эдийн засаг 7.7 хувиар өссөнөөсөө том “үсрэлт” хийж чадлаа хэмээн CNN-д бичжээ. Улмаар ДНБ нь хурдацтай тэлж буй, томоохон эдийн засагт тооцогдож байгааг тэмдэглэв.
Сонирхуулахад, хоёрдугаар улиралд Хятадын эдийн засаг 6.7 хувиар өссөн юм. “Capital economics” компанийн шинжээч Шилан Шах “Энэтхэгийн эдийн засаг таамагласнаас давж өслөө. Ирэх саруудад ч үргэлжлэн өснө хэмээн тооцож байна” хэмээн өгүүлжээ. Үүнээс гадна тус улсын инфляц мөн нэмэгдэж буй аж. Энэтхэгийн Төвбанк гурван сарын хугацаанд бодлогын хүүгээ хоёр ч удаа нэмсэн билээ. Баасан гарагт ам.долларын эсрэг рупигийн ханш түүхэн доод түвшнээ дахин (сүүлийн гурван жилийнхээ доод түвшинд хүрсэн) шинэчлэв.
Өнгөрсөн наймдугаар сард “ногоон”-той харьцах рупигийн ханш 3.6 хувиар суларсан нь 2015 оны мөн үеэс хойших хамгийн өндөр дүн болсон юм. Ийнхүү Энэтхэгийн мөнгөн тэмдэгтийн ханш таван сар дараалан уруудав.
Газрын тосны томоохон импортлогч учраас уг таваарын үнэ өсөж байгаа нь Энэтхэгийн эдийн засагт цаашид нөлөөлж магадгүй хэмээн зарим шинжээч тооцож буйг тэмдэглэх хэрэгтэй. Тухайлбал, “Oxford economics”-ын Энэтхэг улсыг хариуцсан газрын дарга Прияанка Кишор “Энэ он дуустал эдийн засгийн өсөлтийн төлөв тийм ч эерэг биш гэж харж байгаа. Газрын тосны ханш, дэлхийн худалдааны дайнтай энэ нь холбоотой” хэмээн ярьсан байна. Мөн тэрбээр “2019 оны эхээр Ерөнхий сайдын сонгууль болох тул Нарендра Моди энэ жил эдийн засгийн өөрчлөлт хийнэ гэж харахгүй байна” хэмээжээ. Тэнд өнгөрсөн жил татварын шинэчлэл хийсэн билээ. Өдгөө энэ орны эдийн засаг 2.6 их наяд ам.доллароор (хоёр их наяд фунт стерлинг) хэмжигдэж буй.
Хятадын компани 4.5 тэрбум ам.долларын IPO хийх нь
Урд хөршийн, онлайнаар хоолны захиалга авч, хүргэж өгдөг, томоохон компани болох “Meituan dianping” Хонконгийн хөрөнгийн биржид 4.5 тэрбум ам.долларын IPO хийхээр ажиллаж байна. Тус компани нэгж хувьцаагаа 60-72 хонконг доллароор (7.64-9.17 доллар) арилжихаар төлөвлөж буйг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж мэдээлснийг “Bloomberg” уламжлав. “Tencent holdings” компани зэрэг таван хөрөнгө оруулагч 1.5 тэрбум ам.доллароор хувьцааг нь худалдан авч магадгүй байгааг ч дуулгажээ. Өөр эх сурвалжийн хэлснээр “Meituan dianping” компанийн үнэлгээ 55 тэрбум ам.долларт хүрэх бөгөөд хувьцааны захиалгыг маргаашнаас энэ сарын 12 хүртэл авахаар зэхэж буй юм байна. “Goldman sachs”, “Morgan stanley”, “Bank of America corp” үүн дээр ажиллаж буй агаад “China renaissance holdings” компани санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа аж.
“Costa coffee”-г “Coca-Cola” худалдаж авлаа
Их Британийн “Costa coffee” компанийг 3.9 тэрбум фунт стерлингээр “Coca-Cola” худалдан авах гэрээг эзэмшигч нь болох “Whitbread”-тэй байгуулжээ. Зочид буудал, кофе шоп, рестораны үйлчилгээ үзүүлдэг “Whitbread” компани цаашид Их Британи, Герман дахь зочид буудлууддаа илүүтэй анхаарал хандуулах гэнэ. Сонирхуулахад, “Whitbread” нь Их Британид кофены хамгийн том сүлжээ болж чадсан “Costa coffee”-г 1995 онд ердөө 19 сая фунт стерлингээр худалдан авч байжээ. Тухайн үед кофе шопынх нь тоо 39 байсан бол өдгөө 2400 гаруйд хүрсний 1400 нь бусад оронд бий аж. Дээрх мэдээлэл цацагдсаны дараа буюу баасан гарагт “Whitbread” компанийн хувьцааны ханш 16 хувиар дээшиллээ.
Казиногийн орлого нь 3.3 тэрбум “ногоон”-д хүрчээ
Дэлхийн тоглоомын томоохон төвүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог Макаогийн казиногийн орлого өнгөрсөн наймдугаар сард таамагласнаас илүү буюу өмнөх оны мөн үеэс 17 хувиар нэмэгдэж, 3.3 тэрбум ам.долларт хүрсэн талаар “Bloomberg” мэдээллээ. Шинжээчид өмнө нь орлогыг нь 12-18 хувиар өснө хэмээн таамаглаж байв. Ер нь Макаогийн казиногоос олох орлого сүүлийн 25 сар дараалан нэмэгдсэн гэнэ. “Bloomberg intelligence”-ийн шинжээч Маргарет Хуанг, Кэйтлин Носелли нарын үзэж буйгаар Макаод казиногийн орлого нь гуравдугаар улиралд 13 орчим хувиар өссөн байх магадлалтай аж.