Европын комиссын даргын албан тушаалд Христийн ардчилсан холбоо намаас хэнийг нэр дэвшүүлэхээ ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель энэ долоо хоногт шийднэ хэмээн тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Жан-Клод Юнкерийн таван жилийн хугацаа ирэх жил дуусах юм. Гэсэн ч Европын холбооны гол албан тушаалуудын нэгийг хяналтдаа авах боломжид Берлин одооноос найдаж байна.
Германд зуны амралт дуусаж байгаатай зэрэгцэн Европын комиссын даргын албан тушаалд герман хүн нэр дэвшүүлэх тухай мэтгэлцээн сэргэжээ. “Шинэ даргын албан тушаалын төлөө тэмцэл шийдвэрлэх үедээ орж байна. Европдоо хамгийн нөлөө бүхий албан тушаалд хэний нэрийг дэвшүүлэхээ Ангела Меркель энэ долоо хоногт шийдэх хэрэгтэй юү? Уг албан тушаалыг хаших хүн гишүүн орнуудын хэрэгжүүлэх хуулийг батлахад гол үүрэг гүйцэтгэдэг” гэж “Die welt” сонинд бичжээ.
Үүний төлөө Канцлер ХБНГУ-ын Төвбанкны дарга Йенс Вайдманыг Европын Төвбанкны тэргүүний албан тушаалаас татгалзуулахад бэлэн байна хэмэээн урьд нь “Handelsblatt” сонин Засгийн газар дахь эх сурвалжаасаа эш татан мэдээлж байсан.
Дашрамд хэлэхэд, Европын холбооны гүйцэтгэх гол байгууллага болох Европын комиссын тэргүүнээр Жан Клод Юнкер 2014 оноос хойш ажиллаж байгаа юм. Уламжлал ёсоор энэ албан тушаалыг аль нэг улсын сайд, эсвэл удирдагчаар ажиллаж байсан хүмүүс хашдаг. Юнкер нь Люксембургийн Ерөнхий сайдаар бараг 20 жил ажилласан туршлагатай.
Европын комисс нь Засгийн газрын үүрэг гүйцэтгэдэг учир тэргүүн нь Европын холбооны Ерөнхий сайд гэсэн үг юм. Тус комисс Европын хууль болоод улс төрийн хөтөлбөр боловсруулахад санаачилга гаргах эрхтэй бөгөөд Европын парламент болон зөвлөлийн баталсан хуулийн хариуцлагыг хүлээж, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг.
Европын парламентын хаврын сонгуулийн дараа, ирэх жилийн намар Юнкер албан тушаалаа шилжүүлнэ. Үүний дараа Европын зөвлөл (гишүүн орнуудын удирдагчдаас бүрддэг) Европын комиссын даргад нэр дэвшүүлэх саналаа Европын парламентад оруулна. Тус парламентад олонхын суудал эзэлсэн улс төрийн фракцын талын хүн сонгогдох магадлал өндөр.
Тус тивийн барууны төвч үзэлтнүүдийн урьдчилан таамаглаж буйгаар Европын ардын намд даргын албан тушаалыг авч үлдэх бүх боломж бий гэнэ. Чухам иймээс Ангела Меркель өөрийн нэр дэвшигчээ оруулахаар яарч буй аж. Хэрэв сонгуулийн өмнө таамаг нотлогдвол Германы социал-демократууд Европын зөвлөл, эсвэл Европын парламентыг тэргүүлж үлдэнэ. Ирэх жил тус тивийн Төвбанк, Гадаад бодлогын албаны тэргүүн өөрчлөгдөнө.
Жан-Клод Юнкерийн халааг авах хүнээр Германы хэвлэлүүд Европын парламент дахь Европын ардын нам бүлгийн дарга, Германы Христийн ардчилсан холбоо намын гишүүн, ХБНГУ-ын Эдийн засаг, эрчим хүчний сайд Петер Альтмайер, Батлан хамгаалахын сайд Урсулу фен дер Ляйен нарыг нэрлэж байна. Үүний сацуу францчууд брекситийн гол хэлэлцэгч Мишель, Барные, финландчууд Ерөнхий сайд асан Александр Стубба, ирландчууд Ерөнхий сайд асан Энду Кеннийг санал болгож магадгүй хэмээн “Die Welt” тэмдэглэжээ.
Германы нэр дэвшигчдээс хамгийн өндөр магадлалтай нь Манфред Вебер гэнэ. Европын парламентын гишүүнээр олон жил ажилласан тэрбээр тус тивийн байгууллагуудад ажилласан их туршлагатай учир түүнийг Канцлер нь сонгох байх хэмээн таамаглаж байна. Европын комиссын шинэ дарга шинэчлэлийн асуудалд ихээхэн анхаарах хэрэгтэй болох аж.
Учир нь Герман улс Европын холбоог шинэчлэх талаар олон жил ажиллаж байгаа. Юуны түрүүнд, олон улсын тоглогчийн хувиар Европын холбооны гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх, хоёрдугаарт, аюулгүй байдлын нэгдсэн системтэй болохыг санал болгож буй аж.