Хүмүүс нэгнийгээ киноны эерэг, эсрэг дүрийн нэрээр хочлох нь бий. Энэ бол аль ч оронд үеийн үед байсан “үзэгдэл”. Ингэхдээ тухайн орны үзэгчдийг хамгийн их байлдан дагуулсан киноны баатруудын нэрийг “зээлэх” нь түгээмэл. Жишээлбэл, шуналтай, муу эмэгтэйг Канделариа гэж гоочилдог. Монгол үзэгчдийг нэг хэсэг гэрт нь “уяж”, нийтийн тээврийг хүртэл “чөдөрлөж” байсан, Венесуэлийн телевизийн олон ангит “Халтар царайт” киноны нэгэн дүр Хорациогийн нэр энэ шалтгаанаар үе үе сонсогддог. Үүнээс гадна хүмүүсийн аманд байдаг нэгэн хоч бол Круэлла галь хайрладаггүй хүнийг ялангуяа хүүхдүүд Круэллатай зүйрлэдэг юм билээ.
Олон зүйл нуршсаны учир нь шуналтай, өөдгүй Круэллагийн дүрийг гайхалтай бүтээж, үүгээрээ олонд илүүтэй танигдсан, Америкийн жүжигчин Гленн Клоузыг энэ удаа онцлон, ярилцлагуудаас нь түүвэрлэн бэлтгэлээ. Зургаан удаа “Оскар”-ын шагналд нэр дэвшсэн ч нэг ч удаа “алтан хүн”-тэй учраагүй, нэг талаар жаахан азгүй гэмээр энэ эмэгтэй өдгөө 71 настай. Түүнийг кино шүүмжлэгчид “Хурц өнгөтэй, шөвх үзүүртэй, өөдрөг, шийдэмгий жүжигчин” гэж тодорхойлсон байдаг.
Гленн баян эцэг, эхийнхээ ачаар Швейцарын охидын, өндөр төлбөртэй коллежид сурсан, боловсрол сайтай цөөхөн жүжигчний нэг. Америкийн Коннектикут мужийн Гринвич хотод төрсөн тэрбээр өсвөр наснаасаа л дэлгэцэд “алтан охин” болж мөнхрөхийг мөрөөддөг байсныхаа дагуу замаа сонгож, хүслээ биелүүлэн театр, кино, телевизийн урлагт гялалзаж, хоёр удаа “Алтан бөмбөрцөг”, “Эмми” болон “Тони” шагналыг тус бүр гурвантаа хүртсэн байна. Гленн бас их сайхан дуулдгаараа алдартай. Түүний бага нас Конго улсад өнгөрсөн нь аавынх нь ажилтай холбоотой. Тус улсын нэгэн эмнэлгийг 16 жил удирдсан аав нь охиноо Швейцарт сургахаар явуулжээ.
Гленн 1974 онд 27 настайдаа Бродвейн тайзнаа анхны дүрээ бүтээсэн нь мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч “Дебют дүр гэхээргүй, хашир, туршлагатай жүжигчин шиг байлаа” гэсэн магтаал сонссон байдаг. Харин дэлгэцийн уран бүтээлд нэлээд хожуу буюу 35 настайдаа анхны дүрээ бүтээжээ. Хэдийгээр гарааны бүтээл байсан ч мөн л маш өндөр үнэлгээ авсан Гленн “Гарпын ертөнц” хэмээх тэрхүү киноны дүрээрээ “Оскар”-т нэр дэвшсэн байна. Үүнээс хойш сэтгэцийн хувьд эрүүл бус, гаж сэтгэлгээтэй хэд хэдэн дүр бүтээсэн түүнийг шүүмжлэгчид “Эрүүл бус сэтгэцтэй хүнийг Гленн шиг онцгой, бодитой гаргасан жүжигчин ховор” гэж дүгнэсэн.
Тэрбээр 57 настайдаа 2003 онд “Өвлийн арслан” телевизийн цуврал кинонд гол дүр бүтээжээ. Энэ талаар түүний дотнын найз, жүжигчин Мерил Стрип “Бидний насны эмэгтэй жүжигчдэд ихэвчлэн ээжийн, үгүй бол хүнд өвчин тусаж, үхэж буй хүний дүр ногддог. Харин Гленнд тийм “зовлон” байхгүй” хэмээсэн байна.
Ийм нэгэн шилдэг жүжигчин эмэгтэйн хайр дурлалын тухай бичихдээ бурхан харин хичээгээгүй аж. Гленн Клоузын анхны нөхөр нь гитарчин байсан. Тэд гурван жил амьдраад хоёр тийш болжээ. Удаах гэрлэлт нь мөн л гурван жилийн дараа бутарсан бол 1987 онд Холливудын продюсер Жон Старктай амьдралаа холбож, дөрвөн оныг үдэхдээ охинтой болжээ. Түүний охин Энни жүжигчин бөгөөд өдгөө 30 настай. Өнгөрсөн жил тэд найруулагч Бьерн Рунгийн “Эхнэр” киноны гол баатрын залуу болон хижээл насны үеийн дүрд тоглосон нь олон улсын кино наадмуудад нэлээд дээгүүр “давхисан” байна. Сонирхуулахад, энэ дүр Эннигийн хувьд дэлгэцийн урлагийн дебют нь байсан. Өөрөөр хэлбэл, тэрбээр кино урлагт ээж шигээ “оройтож” оржээ. Гленний амьдралын дөрөв дэх эр нь жирийн нэгэн бизнес эрхлэгч байв. Тэд есөн жилийн хамтын амьдралдаа 2015 онд цэг тавьсан.
Гленн Клоуз хэвлэлд ярилцлага өгөх тун дургүй нэгэн аж. Цөөхөн ярилцлагынх нь сонирхолтой хэсгүүдээс түүвэрлэн хүргэе.
- Бурхан намайг гоолиг бие, хөөрхөн царай зүсээр шагнаагүй болохоор жүжигчний хувьд гайхуулаад яриад байхаар дүр ч ногдож байсангүй. Хүмүүс намайг хараад ихэнхдээ “Шаардлагтай үед хэрэгтэй “амьтан” гэж хардаг. Тиймээс надтай болзсон эрчүүд сэтгэл амар тайван, хангалуун байж чаддаггүй байсан болов уу гэж боддог.
- Өөрийнхөө тухай ярих нь миний хувьд их уйтгартай байдаг. Тэрний оронд ажлынхаа талаар бол ёстой нэг ярьж өгнө шүү.
- Долоон настай байхад аав, ээж хоёр шашны “Ёс суртахуунаар зэвсэглэх нь” нэртэй бүлэгт элссэн нь амьдралыг минь эргүүлсэн гэж боддог. Тэр номлолоор бол ямар ч зүйлийг эцэг, эх, томчуудын зөвшөөрөлгүй хийхийг хориглож, байгалиас өгөгдсөн бие махбодынхоо хүслээсээ ч байнга ичих учиртай. Тэр бүлгийн хүн биш л бол бусадтай ярилцах, зурагт үзэх хориотой. Харин ном унших ёстой. Гэхдээ нийтээр уншвал зохилтой бүтээлийн жагсаалтад байхгүй буюу хориотой ном уншихыг зөвлөнө. Би 15 жил тэр бүлгийн гишүүн байлаа. Эхэндээ тэндээс хэрхэн гарах аргаа олохгүй, мэдэхгүйн улмаас их шаналдаг байсан. Магадгүй тэр үед сэтгэлзүйчээс тусламж хүсэх ёстой байсан байх. Дараа нь би бүлгийн ахлагч нартай зөрчилдөж, тэдний зааврыг дагахгүй зөрчиж байна гэж зүүдлэх болсон. Өглөө сэрэх бүртээ зүүдэндээ итгэж, нэг л сайхан өдөр тэднээс сална гэж бодсоор эцэст нь хүслээ гүйцэлдүүлж, орхиод явсан даа.
- Би их бүрэг, бас өвчин ороомтгой хүүхэд байлаа. Их хачин, танихгүй хүнтэй ярилцсаны дараа заавал өвдчихнө. Тийм байсан хүүхэд том болоод нэр алдартай хүн болсон юм. Тийм ээ, би алдартай болсон. Гэхдээ л хачин, гунигтай хүүхэд нас минь ямар ч нэр алдарт дарагдаж, балраагүй. Ерөөс хүний бага насанд суусан зан ааш, хэвшил дадал, тулгарч байсан асуудлууд сэтгэлийн мухарт хадаастай байдаг юм байна. Аав, маань намайг Швейцар руу охидын сургуульд илгээсэн. Тэр бол ёстой аймаар газар. Энд тэндгүй цоож зүүсэн, тэр ч бүү хэл ус зайлуулах хоолойнуудыг хүртэл өргөстэй, төмөр утсаар боож, бэхэлдэг байсан, хүүхдүүдийг оргуулахгүй гэж тэр шүү дээ.
- Хүүхэд насандаа мөрөөдөөгүй хүн гэж байхгүй дээ. Би их хачин хачин юм сэдэж, зөгнөдөг байж билээ. Жигтэйхэн том авдарт минь өчнөөн хүүхэлдэй байдаг сан. Тэр болгонд зориулан түүх бодож олно. Тухайн үед “Дисней” хүүхэлдэйн кино хийж эхэлсэн нь зөгнөл, мөрөөдөлд минь түлш нэмсэн гэж боддог.
- Дүр бүтээхдээ би дотоод ертөнцийг нь гаргахад түлхүү анхаардаг. Заримдаа өгөгдсөн дүрийнхээ мөн чанарыг ойлгохгүй үе таардаг. Тэгсэн ч түүний сэтгэлийн гүнд юу байгааг нь харахыг хичээдэг.
- Мэргэжлийн минь асуудалтай тал нь гэвэл, хүмүүс намайг хувь хүнээр бус, дүрээр төсөөлөн боддог. Тиймээс хувь хүнээрээ байхын тулд олон жилийн турш дүртэйгээ “тэмцэлдэж” явлаа.
- Надад “Нэг хурууны дүрэм” гэж бий. Нэг удаа эрсдэлтэй алхам хийхийг зөвшөөрнө гэсэн үг.
- “101 гөлөг” кино гарснаас хойш нохойнд хайртай хүмүүс намайг бүр үзэн ядах болсон. Би тэдэнтэй найрсаг харилцахыг хичээвч бүтэлгүйтнэ. Дүр минь үнэхээр хүчтэй байж.
- 10 жилийн өмнө би “60 нас бол амьдрал эхлэх үе” гэж инээмсэглэн ярьж байлаа. Одоо энэ үгэндээ жаахан засвар оруулаад “60 наснаас эхлэн чи өсөж томрох болно” гэж хэлмээр байна. Хөгширнө гэдэг үнэхээр хурдан юм байна. Залуу байхад 70 насыг амьдралын төгсгөл мэтээр хардаг байж дээ. Тэгээд өөрийн биеэр энэ үетэйгээ золгосны дараа “Төгсгөл гайхалтай, агуу юм” гэж мэдэрч байгаа шүү.
- Би гэрийнхээ гадаах цэцэрлэгт нохдоо тойруулан суулгаад, ном унших дуртай. Ном үнэхээр гэгээрэл авчирдаг гайхамшиг. Гэхдээ унших тусам сэтгэл минь хөндүүрлэх болсон. Хийж, бүтээж амжаагүй олон зүйлээ бодохоор тавгүйтдэг хэрэг.
- Би моод, загвар хөөдөг хүн биш. Ганган, хээнцэр харагдахыг ч зорилгоо болгодоггүй байсан. Гэхдээ гудамжинд таарсан хүмүүс “Та амьдрал дээр кинонд гардгаасаа хамаагүй дээр харагддаг юм байна” гэж хэлдэг байлаа. Үнэхээр тэнэг байгаа биз, тэр үгээрээ тал засаж байна гэж ойлгодог биз.
- Од болж, алдаршихыг би хүсээгүй. Зүгээр л өөрийн мөрөөдөлд хөтлөгдөн, уран зөгнөдөг байсан охин сэтгэлээ дагаад л жүжигчин болсон. Дуртай ажлаа хийгээд хүмүүст танигдсан. Чинээлэг бизнесмэн Жеймс Марластай ханилснаар тансаглалыг мэдэрч, “тэнгэрт” амьдарч, харь гарагийн хүн мэт байсан ч аз жаргалын оргилд гараагүй. Би өөрийнхөн дундаа, эгэл амьдралтайгаа байхдаа аз жаргалыг илүү мэдэрдэг. Од байж гялалзана гэдэг чинь үнэндээ хов хоосон, хөндий зүйлтэй адил шүү дээ. Энэ бол байж болох муу зүйл.
- Би амьдралдаа ганц удаа триатлоны тэмцээнд оролцсон. Хамгийн болхи хөдөлгөөнтэй нь байсан хэрнээ түүнд биш, оролцогчдын хувцасны ар хэсэгт бичсэн насны тооноос л санаа зовоод байж билээ. Хүмүүсийн ард 18, 24, 35, харин минийхэд 65 гэсэн тоо хадаастай байлаа.
- Намайг Мерил Стриптэй их андуурдаг юм.
- “Оскар”-ын шагналд хоёр удаагаа нэр дэвшсэнээ мэдсэн ч тайзнаа гарч хэлэх үгээ бэлдэлгүй очлоо. Тэгтэл жүжигчин Линда Хант хажууд минь ирээд “Оскар” авах нь сарыг усан дотор хайхтай адил” гэж хэлбэл зүгээр гэлээ. Тэгж өөрийгөө илэрхийлээд яах билээ. Үнэхээр түүний хэлсэнчлэн би одоо хүртэл сарыг усан дотроос хайгаад л явна.
- Би гэр бүлийн амьдралд яг л нэг эст амьтан шиг байдаг байлаа. Эрчүүд сайн эхнэрийнхээ дэмжлэг, тусламжтайгаар дэвжиж, хөгждөг. Харин эмэгтэйчүүд үүнээс эсрэгээрээ эр нөхрөөсөө “долоох” нь ховор доо.
- Би амьдралынхаа 30 жилийг ажлынхаа төлөө зольсон. Одоо харин хамтдаа байхад аз жаргал өгөх тийм эр хүнтэй учрахыг хүсэж байна. Би одоо зөвхөн хайртай хүнтэйгээ зүгээр л сайхан амьдрахыг хүсдэг насандаа иржээ. Гэхдээ өөрийн орон зай, эрх чөлөөг алдахгүй, бие биенээ гомдоохгүй байх нь чухал. Энэ ер нь хэцүү л дээ, магадгүй огт боломжгүй байж ч мэдэх юм.
- Нэг удаа эгч минь надад “Би амиа хорлох тухай бодлоосоо салж чадахаа болилоо” гэж байна. Сэтгэлзүйчид хандахыг зөвлөснийхөө дараа бодоод үзтэл Женни минь 50 жил шашны бүлгийн нөлөөнд явсан байх юм. Түүний сэтгэл, сэтгэц номлолын хүрээнд баригдчихжээ. Эцэг, эх минь хүүхдүүдийнхээ сэтгэлийн гүн рүү яагаад хараагүй юм бол доо гэж хааяа боддог.
Бэлтгэсэн: Э.Хана