Хашааныхаа газарт цэцэг, жимс, мод, сөөг тарьж, гэр хороололд ч ая тухтай, сайхан амьдарч болохыг харуулсан үлгэр жишээ айл өрх, албан байгууллагын тохижилттой нийслэлийн Засаг дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсгийнхэн өчигдөр танилцлаа.
“Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Манай хороо-Миний гудамж” аяныг нийслэлийн есөн дүүрэгт зарласан юм. Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн 35 дугаар жишиг гудамжны айл өрхүүд гудамж талбай, хашаагаа хэрхэн тохижуулсныг албаны хүмүүс эхлээд сонирхов. Тус гудамжинд 17 айл амьдардаг, аян эхэлснээс хойш 27 ширхэг мод тарьж, хашаануудынхаа өнгө үзэмжийг сайжруулан, буджээ. Ухаалаг худагтай болж, тухлах сандал, хогийн сав байрлуулсан байна. Тус дүүрэгт үүн шиг тохижуулсан жишиг 20 гудамж бий.
Үүний дараа хашаагаа 30 гаруй сая төгрөгөөр тохижуулсан “Авто шил” ХХК-ийн 1000 гаруй цэцэг, 300 гаруй модыг харж нүд баясгав. Автомашины бүх төрлийн шил үйлдвэрлэдэг тус компани 2010 оноос эхлэн байгууллагынхаа гадна талыг тохижуулжээ. Агаарын бохирдлыг бууруулахын тулд цахилгаан халаагуур хэрэглэдэг бөгөөд бохирын асуудлаа шинэ технологиор шийджээ.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Ц.Цогт-Очирынх л гэхэд дээрх аяны хүрээнд 12 сая төгрөгөөр усан оргилуур, баримал барьж, хашаагаа зүлэгжүүлсэн байна. Хашаандаа шар хуайс, голт бор зэрэг 14 төрлийн мод, чацаргана, үхрийн нүд, мойл зэрэг зургаан төрлийн жимсний бут, цэцэгт ургамал тарьжээ.
Хогийн цэг байсан газрыг “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэн, усан парк болгон хувиргасан иргэн С.Өлзийтогтохтой ажлын хэсгийнхэн уулзсан юм. БНСУ-д ажиллаж, амьдарч байсан тэрбээр эх орондоо ирээд өөрийн санаачилгаар энэ ажлыг эхлүүлж, айл өрхөөс газрыг нь чөлөөлүүлэн авч, нуурын баруун талд авто зогсоол байгуулсан байна. Улаанбаатар хот, Богд уул бүхэлдээ харагдах хэсэгт тавцан зассан бөгөөд жуулчид сүүлийн үед олноор ирэх болсон гэнэ.
Тэнд 400 орчим мод, бут, сөөг ургаж байна. Иргэн зөвшөөрвөл нийслэлээс тохижилтын ажилд нь хөрөнгө оруулж, хувийн хэвшил, төр хамтарсан олон нийтэд нээлттэй, аюулгүй орчинтой цэцэрлэгт хүрээлэн бий болгож болохыг С.Батболд дарга энэ үеэр дуулгав. Тэрбээр “Нийслэлийн иргэдийн 48 хувь нь гэр хороололд амьдарч байна. Орон сууцжуулах бодлого барьж буй ч гэр хорооллын айлуудын амьдрах орчныг сайжруулах нь чухал. Иргэдийн 60 орчим хувь нь эзэмшил газартаа тав тухтай амьдрах хүсэлтэй байгаа нь судалгаагаар батлагдсан. Тиймээс бид амьдрах орчныг сайжруулах, иргэдийн санал санаачилгыг дэмжих үүднээс болзолт уралдаан зарласан” гэв. “Манай хороо-Миний гудамж” аяныг ирэх аравдугаар сард дүгнэж, шилдгүүдийг шалгаруулна.
Бэлтгэсэн: Ч.Болор