Америкийн хориг арга хэмжээнээс улбаатай эдийн засгийн хямралыг давах талаар Засгийн газрынх нь хийсэн ажил үр ашигтай байсан гэдгийг Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани парламентдаа нотолж чадсангүй. Эдийн засгийн эвслийнхээ хоёр сайдыг огцруулсны дараа тэрбээр парламентын гишүүдийн өмнө тайлан тавихад хүрчээ. Одоо Ерөнхийлөгчдөө итгэл үзүүлэх, эсэх асуудлыг парламент нь хэлэлцэж байна. Парламентын гишүүдийн хүлээж аваагүй, Хасан Роуханигийн хариултыг шүүх хэлэлцэх гэнэ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш Ираны хотуудад бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, ажилгүйдэл газар авсныг эсэргүүцсэн жагсаал, цуглаан намжаагүй юм. Тус улсын цөмийн хөтөлбөрийн талаарх гэрээнээс АНУ гарч, хориг арга хэмжээгээ сэргээснээс хойш Ираны байдал эрс хурцаджээ. Аятоллагийн дэглэм яриа хэлэлцээ хийнэ, эсвэл нуран унана хэмээн найдаж, Вашингтон хориг арга хэмжээгээ чангатгахаар төлөвлөж байна.
Ираны риалын ханш тавдугаар сараас хойш бараг хоёр дахин унаж, энэ сарын эхээр хар зах дээр нэг ам.доллар 120 мянган риалтай тэнцэх болжээ. Өнгөрсөн сард Хасан Роухани Төвбанкны тэргүүнээ өөрчлөхөөс аргагүйд хүрч, энэ сард танхимынх нь хоёр гишүүн буюу Эдийн засаг, санхүүгийн сайд Масуд Карбасиан болон Хөдөлмөр, нийгмийн халамжийн сайд Али Рабийи нарыг огцруулахыг парламентын гишүүд нь шаардсан байна. Энэ завсар Ерөнхийлөгчийг өөрчлөхгүйгээр сайд нарыг огцруулах хэрэгтэй, эсэх талаар ширүүн маргаан парламентад нь өрнөжээ. Парламент Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчид хүрч чадахгүй байгаагийн улмаас Эдийн засгийн сайдыг огцрууллаа хэмээн гишүүн Эдиас Хазрати онцолсон байна.
Ингээд гишүүд Хасан Роуханийг парламентдаа дуудахад хүрчээ. Таван асуултад хариулахад бэлтгэх нэг сарын хугацааг өнгөрсөн сарын эцсээр түүнд өгсөн юм. Тодруулбал, яагаад нууцаар хил давуулан наймаа хийдгийг таслан зогсоох талаар Засгийн газар нь яагаад юу ч хийгээгүй, Ираны риалын ханш болон эдийн засаг унасан, ажилгүйдэл газар авсан шалтгаан, тэрчлэн Ираны банкууд олон улсын санхүүгийн үйлчилгээнд хамрагдах боломж хязгаарлагдсаныг тодруулах үүрэг өгчээ.
Парламентдаа үг хэлэхдээ Хасан Роухани Америкийн хориг арга хэмжээнээс үүдэлтэй асуудлыг бүгдийг шийдэж чадна хэмээн амласан байна. Тэгэхдээ Ираны хотуудад болж буй эсэргүүцлийн жагсаал, цуглаан АНУ-ын Ерөнхийлөгч хатуу чиг бодлого баримтлахад хүргэсэн, мөн улс оронд тулгарсан асуудлууд Засгийн газрын үйл ажиллагаатай холбоогүй, цөмийн хөтөлбөртэй нь холбоотой гэрээ эдийн засгийг нь өсгөнө хэмээн ард иргэд нь хэт их найдсанаас үүдэлтэй гэдгийг тэрбээр онцолсон байна.
Гэвч түүний хэлсэн үгэнд парламентын гишүүд нь итгэсэнгүй төдийгүй Ираны банкуудын эсрэг авсан олон улсын хоригт Засгийн газар нь нөлөөлж чадсангүй хэмээн үзжээ. Одоо тус улсын хуулийн дагуу Ерөнхийлөгчийн хариултыг шүүх хэлэлцэх гэнэ. Дашрамд хэлэхэд, парламентын гишүүд нь ямар ч шийд гаргасан бай Ираны удирдагч, бөгөөд шашны удирдагч аятолла Али Хаменеи дэмжиж буй цагт Ерөнхийлөгч албан тушаалдаа үлдэх аж. Ерөнхийлөгч болоод Засгийн газрыг огцруулах нь дайсанд үйлчилсэн хэрэг болно хэмээн Али Хаменеи энэ сарын дундуур мэдэгджээ.