Хятадын тусгай албаныхан хоёр жилийн хугацаанд улсад нь байсан Америкийн тагнуулын бүх сүлжээг устгажээ. Хэдэн арван тагнуулч, тэдний мэдээлэгчид торны цаана сууж, зарим нь цаазлуулсан байна. Вашингтонд үүнийг сүүлийн арван жилийн хугацаан дахь Тагнуулын төв газар (ТТГ)-ын томоохон сүйрэл хэмээн нэрлэж, мэргэжилтнүүд нь юунаас болоод тагнуулчид нь бүтэлгүйтсэнийг ойлгохгүй байгаа аж. Бээжинг олж авсан мэдээллээ Москватай хуваалцана хэмээн болгоомжилж буй тухай “РИА новости” агентлагийн тоймч Владимир Ардаев бичжээ.
“ДОРГО” АВД ГАРНА
Хятад улс хөгжлийнхөө хэрээр хүчирхэг гүрэн болжээ. Энэ улсад болж буй бүхнийг Вашингтон нүд цавчилгүй мөшгөж байна. Өнгөрсөн зууны эцсээр Хятадын Засгийн газрын үйл ажиллагааны тухай мэдээллийг цаг алдалгүй авч байжээ. Америкчууд тагнуулчаа шургалуулж чаддаг байсан, эрх баригчдын үүднээс л мэдээлэл нь алдагддаг байсан гэдэг. Мэдээлэгчдийн зарим нь авлига авсан хэмээн төрөөс адалсан түшмэд байсан бол худалдагдсан хүмүүс ч байв.
Гэвч Хятадаас ирдэг тагнуулын мэдээний урсгал тасалдаж, 2011 онд ТТГ-ын байранд маш ноцтой асуудал үүссэнийг буюу мэдээллийн эх сурвалжууд нэг нэгээрээ алга болж буйг хүлээн зөвшөөрчээ. Америкийн тусгай албаныхан Холбооны мөрдөх товчоо болон ТТГ-ын онцгой үнэ цэнэтэй болон өндөр албан тушаалын ажилтнуудаас бүрдсэн тусгай бүлэг байгуулсан байна. Умард Виржини дэх чанд нууцалсан штабт тэд ажиллагаа нэг бүрийн талаар дүн шинжилгээ хийж, дипломат зэрэг дэвийг үл харгалзан Бээжин дэх АНУ-ын ЭСЯ-ны бүх ажилтныг нарийвчлан шалгажээ. Зарим нэг мэдээнээс үзвэл, энэ ажиллагааг “Honey Badger” буюу Африкийн аймшиггүй түрэмгий доргын нэрээр нэрлэсэн аж.
УРВАЛТ УУ, ХАЛДЛАГА УУ
Нууц ажилтнууд хоёр хувилбар дэвшүүлжээ. Эхнийх нь Америкийн тагнуулын төв газрын доор сохор номин үүрлэсэн нь Хятад дахь ажилтнуудын мэдээллийг Бээжинд өгдөг. Хоёрдугаарт, Хятадын хакерууд холбооны нууц системд халдсан гэж үзэж байна.
Үүнтэй зэрэгцэн БНХАУ-ын тагнуулынхан Тайваниас АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагаас зохион байгуулсан ажиглах системийг илчилжээ. Харин ТТГ-ын ажилтнууд Шанхай дахь Америкийн оюутан Гленн Шрайверийн мөрөөр орсон байна. Тэрбээр Хятадын тагнуулынханд батлан хамгаалахын мэдээлэл өгч, мөнгө авдаг байсан гэнэ. Хилийн чанадад сурч буй америк оюутнуудад сэрэмжлүүлэг болгон Гленн урвасныг өгүүлсэн дүрс бичлэгийг Холбооны мөрдөх товчоо гаргажээ.
Эдгээр баримтыг харьцуулангаа мөрдөгчид сохор номингийн тухай хувилбарыг илүүд үзсэн байна. Америкийн хамгийн алдартай тагнуулч, нууц бүлгийг тэргүүлж буй Марк Келтон хүртэл тэдгээрт итгэхгүй байж. Түүний дотнын найз, ТТГ-ын офицер Брайан Келлийг Холбооны мөрдөн товчоо 1990-ээд онд Оросын талд ажилласан хэмээн эндүүрч сэжиглэсэнтэй холбоотой байх магадлалтай аж.
Гэхдээ Хятадын тусгай албаныхан Америкийн мэдээлэгчтэй холбогдсон гэснээс хоёр дахь хувилбарыг хурдтай, оновчтой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Үүний сацуу тагнуулын сүлжээ зохион байгуулагчдын нотолж буйгаар АНУ-д нууц мэдээлэл авах эрхтэй өндөр түвшний хэчнээн хүн байсан ч Хятадад амжилттай ажиллаж явсан бүх тагнуулын мэдээллийг нэг доор авах боломжгүй гэнэ.
АМЖИЛТДАА ТАШУУРЧЭЭ
Хятадад мэдэгдэхүйц амжилт олсон ТТГ-ын ажилтнууд сэрэмж алдсан гэсэн дүр зураг мөрдөн шалгалтын явцад гарчээ. Бээжин дэх тагнуулчид үйл ажиллагааны чиглэлээ бараг өөрчлөөгүй, нууц уулзалтаа ч нэг л тогтсон газраа, хяналтын камерын дор хийж байсан гэнэ. Америкийн тагнуулын зарим офицер Хятадын тусгай албаны хяналт доор буюу ширээ бүр нь дуу хураагчтай, зөөгчөөр тагнуулчид ажилладаг ресторануудад мэдээлэгчтэйгээ уулздаг байжээ.
Үүний сацуу тагнуулын сүлжээнд ашигладаг холбоо харилцааны нууц “Covcom” систем нь болхи хэрнээ интернэтэд нэвтэрдэг байсныг мэргэжилтнүүд тогтоосон байна. Сүлжээний орчин тийм ч аюултай биш Ойрхи Дорнодын системийн хуулбар байжээ. Хятадын хакеруудын чадварыг илт дутуу үнэлсэн аж.
Мөрдөн шалгах бүлэг шалгаж үзээд, уг систем их согогтой болохыг тогтоожээ. Түүн рүү нэвтэрснээр ТТГ-ын дэлхий даяарх тагнуулын системтэй холбогдох хамаагүй илүү өргөн, нууц сүлжээнд орох боломжтой байв.
Өнгөрсөн оны тувдугаар сард тагнуулын энэ түүхийн тухай анх “New York times” мэдээлжээ. Нэрээ нууцалсан түшмэд сэтгүүлчдэд 12-20 хүнээ алдсан хэмээн хэлсэн байна. Дараа нь уг тоо 30-д хүрэв. Өөрөөр хэлбэл, 2010 оноос хойш Америкийн төчнөөн тагнуулч илчлэгдсэн аж. Зарим нь тус улсаас гарч амжсан байна.
СОХОР НОМИН, ГЭХДЭЭ ТЭР БИШ
Өнгөрсөн оны гуравдугаар сард Төрийн департаментын ажилтан эмэгтэй Кэндис Клейнборныг баривчилсан нь тодорхой болсон. Мөрдөн байцаагчидтай ярилцахдаа тэрбээр Хятадын албаны хүмүүстэй холбоотой байснаа хэлээгүй. Түүний банкны данс руу Хятадаас мөнгө шилжүүлдэг, тус улсын түшмэд түүнийг бэлгээр бялхааж, тухайлбал, “iPhone” утас, зөөврийн компьютер өгч, гэрийг бүрэн тавилгатай болгосон гэнэ. Гэсэн ч тэрбээр хэргээ өөрөө хүлээгээгүй байна.
Нью-Йоркийн нисэх буудалд өнгөрсөн нэгдүгээр сард 53 настай Жерри Чунь Шин Ли гэгчийг саатуулжээ. Хятад гаралтай АНУ-ын иргэн тэрбээр 1980-аад онд Америкийн Зэвсэгт хүчинд алба хааж, 1994 оноос ТТГ-т ажиллаж, нууц бичиг баримт үзэх эрхтэй болсон аж. 2007 онд ажлаасаа халагдаад, Хонконг руу гэр бүлийн хамт явж, Хятадын Коммунист намын нөлөө бүхий түшмэл эздийнх нь нэг болох дуудлага худалдааны ордонд ажилд оржээ.
Энэ бүх хугацаанд Америкийн тусгай албаныхан түүнийг ажиглаж, 2012 онд АНУ-д ирүүлж чадсан байна. Буусан зочид буудлын өрөөнд нь нэгжлэг хийхэд тэмдэглэлийн хоёр дэвтэр олсны нэгд утас, хаяг тэмдэглээтэй, нөгөөд нь ТТГ-ын нууц ажилтнуудын тухай тодорхой мэдээлэл байжээ. Тодруулбал, тагнуулчдын жинхэнэ нэр, холбоо барьсан өдөр, уулздаг газрын хаяг байсан аж.
Таван удаагийн байцаалтын дараа Лийг яагаад ч юм чөлөөтэй орхиж, Хонконг руу буцах боломж олгосон байна. Түүнийг зургаан жилийн дараа баривчилж, нууц мэдээлэл хулгайлсан хэрэгт буруутгажээ. Хятадын тусгай албаныханд мэдээлэл дамжуулж байсныг нотлох ямар ч баримт олдоогүй байна. Үүний сацуу илрүүлсэн мэдээлэл Хятад дахь Америкийн тагнуулчдын сүлжээг чухам тэрбээр сүйрүүлсэн гэх нэг талыг баримталсан дүгнэлт хийх боломж олгоогүй аж.
СҮЙРЭЛ ДАГУУЛСАН УРШИГ
Урвалт, хакер, хувийн сэрэмж алдсан, эсвэл энэ бүхэн нэгэн цогц байсан уу гээд Хятад дахь Америкийн тагнуулын сүлжээг юу мөхөөснийг Тагнуудын төв газар болон Холбооны мөрдөх товчоо мэдээгүй байна. Хятадууд Америкийн тусгай албаны сүлжээнд хэр гүн нэвтэрснийг ч тогтоож чадаагүй.
Бээжин энэ мэдээллээ, тэрчлэн “Covcom-д нэвтэрснээ Москватай хуваалцсан, эсэх асуудал ТТГ-ыг ихээхэн түгшээж буй. Хятад дахь Америкийн тагнуулын сүлжээ сүйрсэн үед Орос дахь хэд хэдэн тагнуулчтай холбоо тасарчээ.
Ямартай ч үнэхээр том сүйрэл болов. Сүйдсэн сүлжээг сэргээхэд олон жил шаардагдахыг АНУ хүлээн зөвшөөрч байна. Сэргэхгүй ч байж магадгүй.
ТТГ-ын энэ энэ сүйрлийг хуучин ЗХУ дахь Америкийн хэдэн арван тагнуулч илчлэгдсэнтэй харьцуулж болох. Тэр үед урвасан бүх бурууг Холбооны мөрдөх товчооны ажилтан Роберт Ханссен, ТТГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга Олдрич Эймст тохсон. Энэ хоёр хүнийг 1970-1980 онд ЗХУ-ын тагнуулчид элсүүлсэн байжээ.